Байгаль дэлхийн юм бүхэн харилцан уялдаатай, нарийн утга учиртай байдаг. Энгийн нүдэнд үл үзэгдэх тоосонцор, бичил биетүүдээс эхлээд л голын эхэнд ургасан хөгшин улиас, нугын цэцэгсийн дээгүүр эргэлдэн нисэх зөгий, шавьж, тэдгээрээр хооллох жигүүртэн шувууд, уул талд алаглах цэцэгс, модноос модонд дамжин хурдлах хэрэм, жирх гээд л байгальд байгаа бүхэн зөв харьцаанд оршин байснаар экологийг тэнцвэржүүлж байдаг. Дөрвөн улирал солигдох мэт хэдийнээ дасал болсон байгалийн мөнхийн хөдөлгөөн нэг л энгийн мэт хэрнээ цаанаа асар нарийн, зогсолтгүй үргэлжлэн цаг хугацааг илээнэ. Сүргээс хоцорсон өвчтэй эсвэл хөгшин гөрөөсийг барьж идэх араатан, түүний сэг зэмээр хооллох шувууд, хөрсөнд ялзмаг болон шингэх үлдэц, түүгээр бордогдон ургах соргог ногоон өвс гээд л гэм зэмгүй өөр өөрийн зарчмаар амьд ертөнцийг бүрдүүлэгчдийн аль нэгний тэнцвэр алдагдахад энэ их эргэх хүч доголдож эхлэх нь тодорхой ажээ. Гэтэл тэнцвэрийг алдагдуулах өөрчлөлтөнд оруулагч ганц хүчин зүйл нь яах аргагүй ухаант хүн өөрөө байдаг нь харамсалтай. Газар шороог ухаж, гол усыг бохирдуулж, ойн түймэр тарьж, агаар хөрсийг бохирдуулагч хүний дэвшил хэмээн нэрлэдэг экологид нөлөөлсөн сөрөг үйлдлийн хариу нь байгаль дэлхий хүн төрөлхтөнд далайн хар шуурга, газар хөдлөлт, ган гачиг, амьтан ургамлын гаралтай элдэв эдгэшгүй өвчинг барьдаг ч юм болов уу гэдгийг олон хүн анзаарч тунгаадаг л байх.
Эх болсон байгаль хэчнээн үнэтэй болохыг, экологийн тэнцвэр юу юунаас чухал болохыг эрт ухаарсан ухамсарт улсууд хүний сөрөг нөлөөг байгальд багасгах, байгалиа хамгаалахад онцгой анхаарч ирсээр.
Эх болсон байгаль хэчнээн үнэтэй болохыг, экологийн тэнцвэр юу юунаас чухал болохыг эрт ухаарсан ухамсарт улс гүрнүүд хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөг байгальд багасгах, байгалиа хамгаалахад онцгой анхаарч ирсээр. Жил бүр явуулдаг “Environmental performance index” буюу дэлхийн улс орнуудын экологийн тэнцвэрт байдлын өнгөрсөн оны судалгаанд хамгийн сайнаар байгаль экологио тэнцвэрт байдлаар нь хадгалж буй улсуудаар Швейцарь, Люксембург, Австрали, Сингапур, Чех, Герман, Испани, Австри, Швед, Норвеги нэрлэгджээ. Харин энэ жагсаалтад Монгол Улс дэлхийн 178 орноос 111-т орсон байгаа нь өнөө хүний хөл хүрээгүй онгон дагшин байгальтай хэмээн ам булаалдах дуртай эх орон минь яаж орхио вэ гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ.
Жил бүр явуулдаг “Environmental performance index” буюу дэлхийн улс орнуудын экологийн тэнцвэрт байдлын өнгөрсөн оны судалгаанд Монгол Улс дэлхийн 178 орноос 111-т оржээ.
Хүүхэд байхдаа чаргаар гулгаж, зундаа шилбээ гялалзуулан туулж тоглодог Сэлбэ гол минь хаачсныг, хөхөө шувуу донгоддог хөвчийн уулс яагаад хувхайрсныг, Зайсангийн эцэс буугаад жаахан суухад эсвэл хүүхдийн Паркийн хашаанд ороход хажууханд идээшилдэг байсан буга согоо хаачсныг, хаа таарсан газраараа туучсаар хавийн уул толгод, нуга хөндийд зүлэг үл ургах зөрөг замууд хэзээ гарсныг, чийг үнэртсэн голын эрэгт өнгийн эрвээхэй эргэлдэхийг харах гэж очихдоо хэн нэгний үлдээсэн өнгө өнгийн хуванцар сав, лааз, гялгар уут энд тэндгүй салхиар хийсэж нүднээ торж, чийг биш хөгцөрч муудсан үнэр голын тэртээгээр ханхлах болсныг хэнээс асуух билээ.