m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.07 02:54
1069
Үзмэр болсон тамхины цэгт хэзээ салхи оруулах вэ?

Нийслэл хотын гудамжинд тамхи татах цэг гэсэн цөөн хэдэн шилэн хорго хаа нэг л харагдах болж. Харамсалтай нь цоожтой.   

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч тамхи татах цэг ашиглалтад оролгүй өдий хүрчээ. Үргэлж цоожтой байх тамхины цэг хэзээ үүдээ нээж амь орохыг хэн ч мэдэхгүй байна. Үзмэр мэт шилэн хорго бүхий тамхины цэгийг хэзээ ашиглалтад орох талаар хариуцах эзэн, хариулт өгөх эрхэм байдаггүй бололтой. Хууль батлагдаад жил гаруй болж байхад хамгийн эхэнд шийдэгдэх учиртай тамхи татах цэгийг одоо хэр нь нээгээгүй л байна. Хэн хэзээ нээх, ямар газар, хэн гэдэг эрхэм хариуцаж буйг хөөцөлдсөөр гурван өдөр болсноо дуулгая. “Би мэдэхгүй,тэр мэднэ,ямар сонин юм бэ,манайх хариуцдаггүй,хариуцах шийдвэр гаргасан юм болов уу”гэх мэт тайлбарыг өгч байлаа. Энэ  асуудлыг хариуцаж буй хүмүүсийн зугтах нэг арга бололтой.

Үргэлж цоожтой байх тамхины цэг хэзээ үүдээ нээж амь орохыг хэн ч мэдэхгүй байна

Ийн хайж явсаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав энэ талаар товч мэдээллийг бидэнд өглөө.

- Нийслэлд тамхины хэдэн цэг байгуулагдсан бэ?

- Улаанбаатар хотын хэмжээнд 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 20 байршилд тамхи татах цэг байгуулсан.

- Тамхи татах цэг ихэвчлэн цоожтой харагддаг. Ашиглалтад хэзээ орох вэ?

- Би өөрөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалгчийн хэлтсийн дарга. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Нийслэлийн иргэдийн хурлаас тогтоол нь гараад өөрөөр хэлбэл мөнгө нь батлагдсаны дараа Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлж ажилладаг. Тухайн байгууламжийг Улсын комисс хүлээн авсны дараа бид ашиглагч байгууллагад хүлээлгэж өгдөг. Үүнээс хойш тамхины цэгийг хэзээ нээх үү гэдэг нь ашиглагч байгууллагын ажил.

300 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 20 байршилд тамхи татах цэг байгуулсан

- Тэгвэл тамхины цэгийн ашиглагч нь ямар байгууллага вэ?

- Тамхины цэгийн ашиглагч байгууллагаар Улаанбаатар нэгтгэл ажилладаг. Өмнө нь Улаанбаатар бизнес хөгжлийн төв нэртэй байгууллага байсан юм.  Харин Улаанбаатар бизнес хөгжлийн төв татан буугдсанаар Улаанбаатар нэгтгэл рүү хүлээлгэж өгөхөөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас албан бичиг  бидэнд ирсэн байгаа.  

- Тамхи татах цэг хэдэн төгрөгийн төсвөөр байгуулагдсан бэ?

- 14-15 сая орчим төгрөгөөр нэг ширхэг тамхи татах цэгийг байгуулсан.

14-15 сая орчим төгрөгөөр нэг ширхэг тамхи татах цэгийг байгуулсан

- Тэгвэл энэхүү үнийн дүндээ дүйцэхээр шаардлага хангасан гэж ойлгож болох уу?

- Юуны түрүүнд зураг төслийг гаргаж төсвөө батална. Мэдээж одоо мөрдөгдөж буй дүрэм журмын дагуу сайтар судалж төсвөө баталдаг. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийн түүхий эд, материал, ажилчдын цалин, тээврийн зардал, машин механизм зэргийг багтааж төсвөө батална гэсэн үг. Энэ бүгдийг баталгаажуулдаг газар нь Барилгын хөгжлийн төв. Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар батлагдсан зургаар ажлаа гүйцэтгэдэг.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ийм мэдээлэл авсны дараа Улаанбаатар нэтгэлийн удирдлагуудаас мэдээлэл авахаар холбогдсон ч ээлжийн амралтаа авсан байлаа. Түүнчлэн тус байгууллагын ажилчид энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэнгүй.  

Аж үйлдврийн сайд Д.Эрдэнэбатаас тамхи татах цэгийн талаар тодрууллаа. Тэрбээр”Далд тамхидалтыг багасгах нь тамхины цэг байгуулах. Харин тамхины цэгийг өртөг өндөртэй байгуулах нь өрөөсгөл асуудал. Автобусны буудлууд дээр байгуулсан тамхины цэгийг хараад би гайхдаг. Угтаа тамхины цэг нь ил задгай байж болох л байсан.  Гагцхүү байршил зааж зориулалтаар нь тохижуулсан байх хэрэгтэй.  Би энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын даргатай ярилцсан гэж ойлгосон. Тамхины цэг байгуулахын төлөө өртөг зарах шаардлагагүй байсан юм. Гудамжинд 200 метр тутамд  нэг тамхи татах цэг байгуулах хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед тамхи татах  цэг байгуулах асуудлаар буруу ташаа мэдээлэл явж байна. Харин орон сууц зэрэг битүү газар 1ам.метр талбайд байлгах хэрэгтэй. Хуулийг гажуудуулж болохгүй” гэлээ.

Автобусны буудлууд дээр байгуулсан тамхины цэгийг хараад би гайхдаг

Тамхины цэг байгуулахын төлөө өртөг зарах шаардлагагүй байсан юм

Тэгвэл үзмэрийн мэт өртөг өндөртэй эдгээр тамхи татах цэгүүдийн талаар иргэд ямар бодолтой байгааг сонирхлоо.

Баянгол дүүргийн иргэн Б.Гэрлээ

- Би өөрөө тамхи татдаг. Шинээр байгуулагдсан тамхи татах цэг гэсэн хаягтай шилэн хорго үргэлж л цоожтой байх юм. Иргэд угтаа тамхи татах цэгээр үйлчлүүлэх хүсэлтэй байгаа ч цоожтой хаалганы наана буюу эргэн тойронд нь тамхи татахаас өөр аргагүй болдог. Уг нь гаднын улс оронд стандартын шаардлага хангасан тамхины цэг байдаг.

Уг нь гаднын улс оронд стандартын шаардлага хангасан тамхины цэг байдаг

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Болдбаатар

- Тамхины цэг хаана байгуулагдсныг би сайн мэдэхгүй байна. Найз нарын хэлснээр цоожтой байдаг гэж сонссон. Цоожлох гэж байгуулаагүй нь ойлгомжтой. Бас л нэг асуудал үүссэн биз.

Цоожлох гэж байгуулаагүй нь ойлгомжтой

Баянгол дүүргийн иргэн Ч.Ганаа

- Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч үр дүн багатай санагддаг. Харин цэнгээний газруудад тамхи татахгүй болсон нь сайшаалтай. ТҮЦ-нд нууцаар тамхи зарж л байдаг. Хаа сайгүй татсан тамхины иш гудамжаар дүүрэн хөглөрч байна. Тиймээс тамхи татах цэгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай. Би өөрөө тамхи татдаггүй ч автобусны буудал дээр хаа нэг байгуулсан цоожтой тамхи татах цэгийн үүдэнд хүмүүс тамхи татаж харагддаг.  

Тамхи татах цэгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай

Тамхины хяналтын тухай хууль сайн хэрэгжиж байгаа гэх боловч энэ мэтчилэн тамхи татах цэг нь ажилладаггүй, дэлгүүр, түц нь хулгайгаар тамхи зарсаар байна.  Тэгвэл тамхи татах цэг гэсэн сүржин хаягтай сүрдмээр шилэн байгууламжийг хэн гэгч эрхэм хариуцаж цоож цуургыг нь онгойлгох юм бол.

Тамхи татах цэг гэсэн сүржин хаягтай сүрдмээр шилэн байгууламжийг хэн гэгч эрхэм хариуцаж цоож цуургыг нь онгойлгох юм бол

Тэгвэл гаднын улс орнуудад стандартын шаардлага хангасан тамхи татах цэгүүдийг энэ байдлаар шийджээ.