m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.07 06:19
395
Хоёр байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хүүхдүүд эмэнд хорджээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхэд эмийн хордлогод оржээ.  Тус эмнэлэгт гуравдугаар сарын 19-нд “Дексаметазон”(худалдааны нэршлээр Ланадексон)эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трейд” ХХК-ийн нөөцийн агуулах руу эмийн захиалгыг утсаар өгөхөд, 5мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” шахмал эм  солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээн авчээ. Гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нийлүүлж, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд (найман сартайгаас 15 нас хүртэл) 28-30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлсэн байна.

“Ланасорбид” шахмал эм  солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээн авчээ

Энэ талаар сурвалжлахаар ЭХЭМҮТ-ийг зорилоо. Буруу эм уусан найман хүүхдээс дөрөв нь бүрэн эмчлэгдэн гэртээ гарсан бол үлдсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирж байгаа гэнэ. Хариуцлагагүй ажилтнуудын уулгасан  “Ланасорбид” эм нь түргэн үйлчилгээтэй эм байсан тул хүүхдийн биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Хүүхдүүдийн биеийн байдлаар талаар ЭХЭМҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Надмидаас тодруулсан юм.

-Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Эмийн андуурлыг гуравдугаар сарын 30-нд мэдэн шуурхай арга хэмжээ авч, хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан.

-“Монос фарм трейд” ХХК-ийн нийлүүлсэн эмийг танай байгууллага нягтлан шалгадаг биз дээ?

-Тус компанийн хувьд тендерийн багцад орсон эмнүүдийг нийлүүлэх үүрэгтэй. Тендерийн багцад нэр бүхий эмнүүдийг нийлүүлэхээр хоёр талаас гэрээ байгуулсан. Тухайн багцад эмний олон улсын нэршил, тоо ширхэг багтсан байдаг. Манай байгууллагын эм зүйч “Монос фарм трейд” компанид 22 дугаар багцын эмийг утсаар захиалга өгсөн. Манай улсын бүх эмнэлгүүд эмийн ханган нийлүүлэгч байгууллагуудтай утсаар эмийнхээ захиалгыг өгдөг.

Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан

Тухайн захиалгын дагуу мэдээллийн санд нь 22 дугаар багцад найман төрлийн эм олон улсын нэршил, тоо ширхэг, үнэ өртөгтэйгээ харагддаг. Гэтэл тус байгууллагын эм зүйч нэршил нь ойролцоо “Ланасорбид” эмийг жолоочоор хүргүүлсэн байсан. Уг нь эм зүйч нь өөрийн биеэр ирж хянаж шалган манай төвд хүлээлгэн өгдөг. Манай төвийн эм зүйн тасгийн эм бэлтгэгч, олгогч нь эм хэрэгслийг хүлээн авахдаа захиалгын дагуу эмийн нэр төрлийг шалгаж аваагүй, улмаас  эмчилгээний заалттай бус эмийг эмчилгээнд хэрэглэсэн ноцтой зөрчил дутагдал илэрсэн. Энэ бүх үйлдэлд ЭХЭМҮТ-ийн нийт удирдлагууд болон эмч ажиллагсад дээрх найман хүүхэд болон эцэг, эхчүүдээс албан ёсоор уучлалт гуйсан гэв.

ЭХЭМҮТ харшил, үрэвсэл, хордлого, шокын эсрэг хэрэглэдэг 0,5 мг Дексаметазон шахмал эмийг жилд дунджаар 12 000 ширхэгийг хэрэглэдэг аж. “Монос фарм трейд” ХХК-ийн хувьд ямар нэгэн тайлбар тавихаас татгалцсан бөгөөд дээрх буруутай үйлдлийнхээ өмнөөс уйчлалт гуйгаагүй байна.  

ЭХЭМҮТ-ийн нийт удирдлагууд болон эмч ажиллагсад дээрх найман хүүхэд болон эцэг, эхчүүдээс албан ёсоор уучлалт гуйсан 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлстийн дарга Д.Цэнд-Аюуш “Энэ асуудал нь хоёр байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон. ЭХЭМҮТ-ийн эм зүйч энгийн хүнээр нүдээр харсан ч хоёр өөр төрлийн өнгөтэй хайрцагтай эмийг хүлээн авахдаа алдаа гаргаж, тасгийн сувилагч нь арай өөр эм байна гэхэд л мөн хэмээн хүүхдүүдэд уулгуулсан байгаа юм. Тухайн хоёр байгууллагын хувьд дотоодын хяналт шалгалт муу, удирдач байгаа удирдлагууд буруутай гэж үзэж байгаа. Хэрвээ хүүхдүүдэд ямар нэгэн зүй тохиолдсон бол яах вэ гэдэг нь ноцтой асуудал. Хуулийн дагуу дотоод хяналтаа сайжруулах үүрэг даалгавар өгч, ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр болсон” гэв.

Хоёр байгууллагын хувьд дотоодын хяналт шалгалт муу, удирдач байгаа удирдлагууд буруутай гэж үзэж байгаа

“Монос фарм трейд” компанийн ажилтны хариуцлагагүй үйлдлээс болж хүн хохирсон хэрэг хоёр дахь удаа болж байна. Манай улсын эм ханган нийлүүлэх томоохон компани ийм хариуцлагагүй байгаа нь харамсалтай. Хүүхдийн амь нас хохирсон бол тэд бас л буруугаа хүлээхгүй бололтой. Зүгээр торгоод өнгөрөх нь тэдэнд шийтгэл болох нь юул бол...