Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлийн “Дипломат” сэтгүүлд Ази-Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын үүрэг роль болон байр суурийн талаар өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Монгол Улсын хэтийн төлвөөс харахад бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том аюул юу вэ?
-Зүүн хойд Азийн бүс нутаг нь хэд хэдэн онцлогтой бүс нутаг юм. Энд хүйтэн дайны үеийн дэглэмийн ул мөр одоо ч байсаар байна. Хуваагдсан улсууд, цөмийн асуудал, маргаантай газар нутгийн асуудал гэх мэтийг нэрлэж болох юм. Түүнчлэн аюулгүй байдлын үндсэн асуудлаас гадна хэт даврагсад болон терроризмын нөлөө, хүрээлэн буй орчны доройтол, ядуурал, тэнцвэрт бус байдлын ялгаа ихсэх, хурдацтай хөгжиж буй хотжилт зэрэг нь бүс нутгийн тогтвортой байдлын бодит бэрхшээлүүд болж ирж байна. Эдгээрийг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол бүс нутгийн хэмжээнд аюул учруулж болох талтай.
-Тэгвэл эдгээр учирч болзошгүй аюулыг хэрхэн шийдвэрлэж болох бол?
-Эдгээр аюулууд нь бүгд зохицуулж болохуйц юм. Тэднийг зохицуулахад бидэнд ил тод, итгэл найдвартай байдлыг бий болгон, асуудлуудыг олон улсын хэм хэмжээнд тохиролцох нь зүйтэй. Хүч хэрэглэсэн үйл ажиллагааны оронд нээлттэй, өргөн хүрээг хамарсан яриа хэлэлцээрийг эрхэмлэх нь зөв юм. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний институтууд зэрэг үе шат бүхэнд хэлэлцэж, ярилцах ёстой хэрэг. Тухайлбал Улаанбаатарын яриа хэлэлцээ үүний нэг хэлбэр нь юм.
- Монгол Улсын хэтийн төлвөөс үзвэл Улаанбаатарын яриа хэлэлцээ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэх бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын яриа хэлэлцээг санаачилсан юм. Энэ нь Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, энх тайванч байдалтай холбоотой асуудлуудаар бүс нутгийн болон бүс нутгийн биш орнууд санал бодлоо солилцож, нээлттэй, итгэлцэлтэй тавцанг бий болгоход чиглэж байгаа билээ. Санаачилгыг эхэлснээс хойш Монгол Улс хэд хэдэн уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Тухайлбал 2013 онд Зүүн хойд Азийн эмэгтэй Парламентын гишүүдийн уулзалт, 2014 онд Зүүн хойд Азийн хотын Захирагч нарын чуулга уулзалт зэргийг зохион байгуулсан.
Түүнчлэн өнгөрсөн оны зургадугаар сард болсон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх олон улсын бага хуралд Монгол, БНАСАУ, БНСУ, Хятад, ОХУ, Япон, АНУ, Нидерланд, Герман, Их Британи зэрэг улсуудын эрдэмтэн судлаачид оролцсон. Тус бага хуралд оролцогчид Солонгосын хойгийн асуудал зэрэг олон асуудлаар хэлэлцэж, зөв зүйтэй санаа санаачилгуудад хүрсэн.
-Монгол Улс бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах бол. Тухайлбал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухайд?
-Монгол Улс нь хоёр Солонгос болон Зүүн хойд Азийн бусад орнуудтай нөхөрсөг, дотно харилцаатай байж ирсэн. БНАСАУ-тай харьцангуй олон удаа дээд хэмжээний айлчлалуудыг харилцан хийж, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спортын салбарт хамтран ажиллах, оюутан судлаачдаа солилцох үйл ажиллагааг явуулсаар ирсэн билээ. Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн ердөө хоёр хөрштэй бөгөөд аль алинтай нь ямар нэгэн хилийн маргаан, газар нутгийн асуудалгүй юм. Цөмийн зэвсгийн асуудлаар чөлөөт статустай бөгөөд үүнийгээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орноор албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Энэ ч утгаараа Монгол Улс бүс нутгийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд хөшүүрэг болохуйц саналыг гаргах боломжтой гэж найдаж байна.
Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал нь энэ бүс нутгийн хамгийн ноцтой асуудал байсаар ирснийг бид бүгд мэднэ. Монгол Улсын хувьд бүс нутгаа цөмийн зэвсэггүй бүс болгох, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зарчмыг дэмжин баримталж ирлээ. Үүнийгээ гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгаад зогсохгүй, дотоодын хууль эрх зүйдээ ч оруулж өгсөн байдаг. 1992 онд Монгол Улс газар нутагтаа цөмийн зэвсэггүй улс гэдгээ дэлхийд тунхаглан зарласан анхны улс болж байсан юм. 2012 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван улс хамтарсан тунхаглал гаргаж Монгол Улсын цөмийн зэвсгийн чөлөөт статусыг хүлээн зөвшөөрсөн билээ. Түүнчлэн Монгол Улс нь Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаар болдог зургаан талт яриа хэлэлцээрүүдийг байнга дэмжиж ирсэн.
1992 онд Монгол Улс газар нутагтаа цөмийн зэвсэггүй улс гэдгээ дэлхийд тунхаглан зарласан анхны улс болж байсан юм.
-Өнгөрсөн гурван жилд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилсан. Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан “Азийн дахин тэнцвэржүүлэх” стратегийн талаар АНУ, Монгол Улсын харилцаа ямар шатандаа явж байна вэ?
-Үнэн хэрэгтээ манай хоёр орны харилцаа өндөр хэмжээнд явагдахын зэрэгцээ дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол хийж ирсэн. Өнөөгийн байдлаар АНУ, Монгол Улсын улс төр, эдийн засгийн харилцаа ихээхэн таатай байгаа юм. Монгол Улс нь АНУ-ыг гурав дахь хөршийн бодлогодоо ихээхэн чухалчилж үздэг. Хоёр улс өнөөдөр стратегийн ашиг сонирхол болон нийтийн үнэт зүйл дээр тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг дэмжиж ажиллаж байна. АНУ-ын зүгээс манайд үзүүлдэг тусламж, дэмжлэгт Монгол Улс талархаж байдаг билээ.
Бид Ази-Номхон далайн бүс нутагт олон талт институтийг хөгжүүлэх, эдийн засаг, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн бодлого баримталж байна. Дэлхий дахины хүний эрх, ардчилал, эрх чөлөөг дэмжих, хамгаалахад өөрийн хүчин чармайлтыг оруулахыг хичээж байна. Манай цэрэг армийн төлөөлөл Иракд үүрэг гүйцэтгэж байсан бол одоо Афганистанд мөн л үүрэг гүйцэтгэж байна. Манай энхийг сахиулагчид Африкын орнуудад ажиллаж байна.
Монгол Улс, АНУ нь Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2004 онд байгуулж байсан ба мөн Ил тод байдлын хэлэлцээрийг байгуулсныг 2014 онд Монгол Улсын Парламентаар соёрхон баталлаа. Ингэснээрээ хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжихөд бодит дэмжлэг болж өгсөн бөгөөд хууль эрх зүйн үндэс нь бүрдсэн юм. АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийх боломж нь ч илүүтэй бүрдсэн гэж үзэж байна.
АНУ нь өнөөгийн байдлаар Монголын дөрөв дэх том худалдааны түнш болж жилийн худалдааны эргэлт хагас тэрбум ам.долларт хүрээд байна.
АНУ нь өнөөгийн байдлаар Монголын дөрөв дэх том худалдааны түнш болж жилийн худалдааны эргэлт хагас тэрбум ам.долларт хүрээд байна. АНУ-аас манайд 300 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг хийсэн ба Монголын найм дахь том хөрөнгө оруулагч түнш болоод байна. Үүнийг цаашид хөгжүүлэх нь шаардлагатай бөгөөд Монгол улс аль хэдийнээ энэ талаар стратегидээ тусгаж өгөөд байгаа билээ. Транс-Номхон далайн хамтын ажиллагааны гэрээнд нэгдэж орсноор Монгол Улсын хувьд АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх өргөн боломж бүрдэх болно гэж үзэж байна.
-Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хэлэлцээрийн зорилго юу вэ?
-Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хөрш улсууд болох ОХУ, БНХАУ-тай найрамдалт, тэнцвэрт харилцааг баримтлахад оршдог ба түншлэлийн харилцаагаа гуравдагч хөршийн бодлогоороо өргөжүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай ойр харилцаатай байхыг, олон улсын тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Хоёр хөрш орны тухайд ижил стратегийн харилцаатай байдаг билээ. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт анх удаа зохиогдсон. Түүнчлэн талууд хамтдаа өнгөрсөн онд Шанхайн хамтын ажиллагааны 14 дэх удаагийн дээд дэмжээний чуулга уулзалтанд оролцлоо. Хөрш хоёр улс маань хоёулаа манай улсын худалдааны хамгийн том түнш орон юм. Далайд гарцгүй Монгол улсын хувьд ОХУ, БНХАУ-тай холбогдох боломж байдаг. Энэ ч утгаараа газарзүйн онцлогоос шалтгаалан эдгээр улсуудын зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах өргөн боломж манайд байдаг билээ.
АПЕК-ын гишүүн улсууд Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн 90 хувийг эзлэж байна.
-Монгол Улс АПЕК-т элсэх ямар хандлагатай байгаа вэ. АПЕК-т элссэнээр Монгол Улсын эдийн засгийн тухайд ямар нөлөө гарах бол?
-Ази-Номхон далайн улсуудын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Энэ ч утгаараараа Монгол Улс Ази-Номхон далайн орнуудын Эдийн засгийн Хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-т элсэх хүсэлтэй байгаа юм. АПЕК-ын чуулга уулзалтууд нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгддэг нь Монгол Улсын эдийн засгийн хувьд томоохон нөлөөг үзүүлж байгаа хэрэг. Би цөөн хэдэн жишээ дурдъя. АПЕК-ын гишүүн улсууд Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн 90 хувийг эзлэж байна. Хятад, Канад, Орос улсууд Монголын экспортын 96.4 хувийг эзлэж, Хятад, Орос, АНУ, БНАСАУ, Япон улсууд Монголын импортын 76.8 хувийг эзлэж байна. Хөрш Хятад, Орос улсууд маань манай орны хувьд далайд дамжин нэвтрэх ганц гарц болж өгдөг. АПЕК-ын гишүүн орнуудын ГШХО-ын урсгал Монгол Улс руу чиглэж байна. Тухайлбал: Хятад, Сингапур, Канад, БНАСАУ, АНУ, ОХУ, Хонг Конг, Австрали, Япон улсууд манай ТОП хөрөнгө оруулагчдаар нэрлэгддэг. Эндээс үзвэл АПЕК-ын гишүүн болсноор Монгол Улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтаа тарифын болон тарифын бус саадгүйгээр өргөжүүлэх өргөн боломж бүрдэх юм. АПЕК нь гишүүн улсуудаараа дамжуулан ардчилсан засаглал, эдийн засгийн өсөлт, байгалийн баялаг нөөц, стратегийн байрлалаа тэлсээр байгаа билээ.