m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.09 02:01
1077
Л.Жамбалдорж: Манай бүтээгдэхүүнийг интернэтээр захиалж авдаг болсон

Хөвсгөл аймагт цайны үйлдвэрлэл эрхэлдэг арав гаруй компани байдаг. Тэдний нэг болох, байгуулагдаад зургаан сар гаруйн нүүр үзэж буй “Дэлгэр мөнгөн далай” ХХК-ийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө онцолж байна. Цайны салбартаа олон зүйлээр анхдагч гэж хэлж болох тус компани удахгүй өөр шинэ төрлийн бүтээгдэхүүнээ гаргахаар зэхэж буй гэнэ лээ.

-Сайн байна уу. Цайны үйлдвэрээ хэзээнээс үүсгэн байгуулсан бэ?

-Өнгөрсөн 2014 оны гуравдугаар сараас туршилтын журмаар үйлдвэрлэлээявуулж, есдүгээр сараас ажилтан аванжинхэнэ үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байгаа.Одоо зургаан сар л болж байна даа.

-Яагаад заавал цайны үйлдвэрлэл явуулъя гэж бодсон юм бэ. Өмнө нь танд цай хийж байсан туршлага бий юү?

-Найз маань“Хөвсгөл” цайны үйлдвэрийн захирлаар ажилладаг. Миний хувьд анх найзынхаа үйлдвэрт цайны ургамлыг нь бэлдэж өгдөг байсан. Анх тэднээс өөр төрөл бүрийн цай хийж болох юм гэсэн санааг авч байсан. Ер нь манай аймагт цайны арваад үйлдвэр бий. Тэднээс бүх цайг амталж үзээд үүнээс илүү амттай цай хийж болох юм байна гэсэн үүднээс үйлдвэрээ байгуулаад явж байна. Тэгээд санаандгүй байдлаар цай маань хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч, богино хугацаанд Хөвсгөл аймгийн бас нэгэн нэрийн бүтээгдэхүүн болж байгаад их баяртай байна.

-Үйлдвэрээ босгоход хөрөнгө мөнгө хэр зэрэг шаардагдсан бэ. Ер нь цайны үйлдвэрлэл эрхлэхэд хэр хэмжээний хөрөнгө хэрэгтэй юм бол?

-Мэдээж мөнгө, санхүүгийн бололцоо тааруухан байсан.Тэгээд хөдөлмөрийг дэмжих сангаас таван сая төгрөг зээлж авсан. Зээлсэн мөнгөөрөө мэдээж үйлдвэрлэлд эхний шатанд хэрэгтэй түүхий эд, тоног төхөөрөмж, сав баглаа зэрэг зүйлээ худалдаж авч байсан.

-Үйлдвэрлэлийн процессыг харахад ихэвчлэн гар аргаар хийдэг юм шиг санагдлаа?

-Тийм ээ, одоогоор хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад гар аргаар хийж болох зүйлсээ өөрсдөө хийж байна. Цаашдаа үйл ажиллагаа жигдрээд, захиалга ихсээд ирвэл тоног төхөөрөмж нэмж, үйлдвэрлэлээ томруулах бодол бий.

-Баавар хэмээх нэр их өвөрмөц санагдлаа. Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

-Анх цайгаа найруулж хийгээд найзуудаараа анхны амталгааг нь хийлгэж байсан юм. Тэгээд нэрээ юу гэж өгөх вэ гэж их бодсон л доо. Цайг маань амталсан нэг найз маань баавар цай гэсэн нэрийг анх санал болгоод энэ нэрэн дээрээ тогтсон доо.Тэр найз маань одоо манай компанийн хувь эзэмшигч болсон /инээв/.

-Хоногт хэчнээн хэмжээний цай үйлдвэрлэж байна вэ?

-Нэг төрлийн цайг найруулахдаа өдөрт 40 кг-аар нь найруулдаг. Мөнгөн дүнгээр яривал дунджаар 500.000-1.000.000 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Хэрхэн борлуулдаг вэ?

-Хөвсгөл аймагтаа 30 гаруй гэрээт борлуулагчтай. Үнийн хувьд үйлдвэрээс гарсан үнээрээ тухайн дэлгүүр дээр борлуулах системээр ажиллаж байгаа. Харин борлуулагч нараа тусад нь урамшуулж  ажилладаг. Тиймээс манай цайг хаанаас ч авсан үйлдвэрийн буюу бөөний үнээр нь авах боломжтой. Мөн Улаанбаатар хотруу нийлүүлье гэсэн боловч өдөрт 1000 ширхэг цай нийлүүл гэсэн шаардлага тавьсан. Гэвч манай үйлдвэрийн хүчин чадал одоогоор 300-500 ширхэгийг л хийх боломжтой.

-Хөвсгөл аймаг дахь арав гаруй цайны үйлдвэрээс танайх юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Манайх одоогоор хоёр төрлийн цай хийж байна. Нэг нь “Алунгоо”нэртэй цайны идээ. Нөгөө нь “Баавар” нэрийн сүүтэй цай. Нутгийн хөгшчүүл цайнаас минь ууж санаа, бодлоо их хуваалцдаг. Дутагдалтай болоод давуу талуудыг нь сайн хэлж өгдөг шүү. Тэгээд “Алунгоо” цайнаас ургамал их амтагдаж байна гэсэн санал гомдол ирээд найрлагыг өөрчилж хужир, арвайн гурил зэргийг нэмж өгсөн. Тэгснээр бусад үйлдвэрийн цайнаас найрлагын хувьд ч өөр болж, амт чанараараа давуу болж өгч байгаа юм. Манай улсад том хэмжээгээр савлагдсан, буцалсан усанд шууд хийгээд уух зориулалтын сүүтэй цай их ховор. Мөн орц, найрлагын хувьд ч бусад ижил төрлийн цайнаас илүү. Мөн цайны саван дээр хүссэн зүйлээ хэвлэж гаргах боломжтой. Энэ ч утгаараа олон компани, байгууллагууд захиалгаар өөрсдийн логогоо “Баавар” цайны саван дээр хэвлүүлж гаргадаг.

-Цайнаас гадна кофе хийдэг гэсэн. Энэ талаараа яриач?

-Тийм. Үйлдвэрлэлээ анх эхэлж байх үед кофе хийж үзсэн. Тухайн үедээ ч олон хүмүүст таалагдаж байсан. Манай кофений онцлог гэвэл багваахай цэцгийн үндсийг авч, боловсруулаад, хуураад хийдэг. Үнэхээр сайхан болдог юм билээ. Харин одоогоор түүхий эд нь ч байхгүй, бас хийж амжихгүй байгаа. Цаашдаа “Баавар” нэрийн кофегоо гаргах төлөвлөгөөтэй байна.

-Яваандаа цайгаа өөр төрлөөр савлах, мөн өөр төрлийн цай гаргах бодол бий юү?

-Тийм. Нэг удаагийн хэрэглээгээр савлахаар одоо бүх зүйл нь бэлэн болчихсон байгаа. Гол нь тэр үйлдвэрлэлээ эхлэх зээл авах гээд хөөцөлдөөд байгаа. Өөрсдөө мөнгөө цуглуулаад хийе гэсэн ч цаг хугацаа алдах гээд байгаа юм. Тиймээс зээл авахаар хөөцөлдөж байна. Ирэх сараас цайгаа жижиг савлагаагаар савлаад эхэлчих байх.

-Захиалгаа яаж авч байна вэ?

-Цайны саван дээр байгаа утсаар захиалга авч байгаа. Мөн сүүлийн үед интернэт худалдаа маш их хөгжсөн байна шүү дээ. Манай бүтээгдэхүүнийг Турк, Япон улсаас хүртэл захиалж, ах дүү нараараа дамжуулж авсан тохиолдол бий.

-“Массагентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төсөл танд ямар санагдаж байна?

-Бидэнд тэр болгон реклам, сурталчилгаа хийлгээд байх боломж бололцоо байдаггүй. Миний хувьд телевиз, сэтгүүлд рекламаа байрлуулах юмсан гэж их мөрөөддөг. Өнөөдөр тэр мөрөөдөл маань биелж байна. Тиймээс эх орондоо баялаг бүтээж, шинийг санаачилж байгаа хүмүүсээ ингэж дэмжиж явж байгаад танай агентлагийн хамт олонд маш их баярлаж байна.

  • Дэлгэр мөнгөн далай ХХК Захирал Л.Жамбалдорж 88389988

Сэтгүүлч Д.Тэмүүлэн