Хүн бүр өөрийн гэсэн өмчтэй байдаг. Монгол Улсын иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан билээ. Өмчлөх эрх бол ууж идэх, өмсөх, амьсгалах хүний төрөлх хэрэгцээний нэгэн адил салгаж үл болох, жам ёсны эрх агаад эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа түүнд бүрэн хяналтаа тогтоох тухай ойлголт юм.
Иймээс хүн бүр өмчлөх адил тэгш эрхтэй. Гэвч өмчтэй болох нөхцөл, өмчийг бий болгох чадвар нь тэдэнд адил тэгш заяадаггүй тул янз бүрийн хэмжээний өмч хөрөнгөтэй байдаг. Гэхдээ бүх хүнд өмч бий. Хамгийн ядуу хүнд ч түүний бие махбод, оюун санаа, авьяас, хөдөлмөрлөх чадвар гэх мэт өмч байдаг.