БНМАУ –н Бага хурлын 1931 оны тавдугаар тогтоолоор 71 сум 16 хошуутай байсан Цэнхэр мандал аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон бөгөөд тус аймаг нь баруунаасаа нар зөв тойруулбал Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг. Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгийн, Тэрхий цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтоцоороо олны анхаарлыг татдаг. Нутаг дэвсгэрийн хувьд 55.3 мянган км.кв бөгөөд хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539м)бол хамгийн нам цэг нь орхон- Тамирын бэлчир (1290м)болно.
Архангай аймгийн нутагт орших Чулуут голын урт 415 бөгөөд 10750 хавтгай дөрвөлжин км талбайгаас усжина. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас урсгал хурдтай уулын гол юм. түүний хөндий эхэндээ давчуу, морины бул чулуу элбэгтэй бол доошлох дусам өргөсч тэлэгдэнэ. Харин Тээлийн голын бэлчирээс Ацтын горхины цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60м зузаан хүрэм чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн урсана. Энэ хэсэгт түүний зүүн гар Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах суман гол нийлж чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба гольдрилын өргөн эхэндээ 20-30 м, дунд хэсэгтээ 20- 60 м, адагтаа 70-80 м байна Усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 1 м/сек орчим болно. Мөн хавцал нь ойролцоогоор есөн давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо хавцалтай, урсгал нь эхэн хэсэгтээ дөлгөөн тайван урсдаг бөгөөд хавцалдаа хүрмэгц ёстой л ЧУЛУУ урсгаж буй мэд харагдана.
2 Хоргын тогоо
Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 км зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд найман мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Дархалсан талбай нь 50 км.кв, далайн төвшнөөс дээш 2210 метр оршдог. Сонин тогооны өрх нь хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуу хажуутай. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ой ургадаг. Хоргын тогооны дэргэд нутгийнхны нэрлэж заншсан чулуун гэр бий. Халуун хайлмал бодис урсаж байхдаа мушгиралдан атиралдаж царцахдаа уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэр үүсгэн тогтжээ. Цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, гичгэнэ, Чулуут голууд хөөсрөн урсч эл бүс нутгийн бас нэгэн гайхамшигт чимэг болдог.
3 . Тэрхийн цагаан нуур
Тэрхийн цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангай нуруунаас эх авсан хойд, урд Тэрхийн голын урсгал Хорго үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засч өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувуу амьдардаг. Нуурын толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн нуур юм.
4. Тайхар чулуу
Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухаан тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (хар эрэг)-тэй, харалдаа ард нь тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт бүтээл болон үлджээ.
5. Билгэ хааны онгон цогцолбор
Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1км орчим зайд байдаг. Билгэ хаан 734 онд насан эцэслэжээ. Үүний дараа 735 онд тахилын сүм хийгээд гэрэлт хөшөөг нь босгож, бичээсийг Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345 см өндөр, 174см өргөн, 75см зузаан болно. Эрдэмтэд Билгэ хааны онгон цогцолборт байгаа гэрэлт хөшөөний бичээсийг тайлж уншсан бөгөөд “ Хөвүүд дүү нар минь, ахан дүүс , ард олон минь миний үгийг эхнээс нь дуустал сонсогтун, сайтар сонсогтун...” гэж эхлээд “... Тан улс бидэнд алт мөнгө, торго дурданг их хэмжээгээр өгдөг боловч нанхиад хүний үг нь нялуун, бараа нь зөөлөн бөгөөд хүмүүс нялуун үг, зөөлөн бараанд хууртагдан тэдэнтэй ойртдог...” гээд “... хэрэв та нар тэдний газар нутагт суувал амиа алдана...” хэмээн анхааруулж, хойч үедээ төрөлх газар нутагтаа амьдарч Тан улс руу зөвхөн худалдааны жин тээж явахыг захиж хэлжэ.
6. Тамирын гол
Орхоны зүүн гараас цутгах ганц том гол бөгөөд эхэндээ хойд урд Тамирын гол нэртэй болж салаалдаг ажээ. Хойг Тамирын голын урт 180 км, урт Тамирын голынх 165 км юм. Хоёр тамирын голоос Орхон Тамирын бэлчир хүртэлх урт 52 км бөгөөд талбайн хэмжээ 13100 хавтгай дөрвөлжин километр болно. Хойд Тамирын гол Хангайн нуруунаас эх авч урсдаг урсгал хурдтай, жинхэнэ уулын гол учраас зуны хур борооны үед усны төвшин богино хугацаанд эрс дээшлээд түргэн татарч багасна. Өвлийн урсац аль алинд нь тун ялимгүй тул ихэнхдээ ёроолгүй хөлдөнө. Хоёр Тамирын бэлчирээс доош голын хөндий 3-4 км тэлж өргөсөөд гол дагуу улиас бургасан шугуй шигүү ургана. Голдрилын өргөн тэр хэсэгт 40-70 м, усны гүн 2,5-3 м, урсгалын хурд 1-2 м/ сек байдаг.
7. Суварга хайрхан уул
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн төвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Хангайн уулархаг мужид багтах уул юм. Тус Хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доош уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртний тахин шүтэж ирсэн уул гэж үздэг. Эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг өвөр талдаа Боржин хад, Байц цохио, Нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нугууд салбарладаг бөгөөд эдгээр уулсаас Тонгоргийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөрвөөлгийн гол Өлзий Тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, хавцал дундуур боргио үүсгэн урсч Орхон голын эх сав газрыг бүрдүүлдэг аж.