Энэ удаагийн Гэрэл зураг түүх өгүүлнэ буландаа Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан үе үеийн сайдуудын гэрэл зургийг хүргэж байна.
Монгол улсын эрүүл мэндийн салбарыг 1921-1940 оны үе буюу БНМАУ-д орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж эхэлсэн үе, 1941-1990 оны үе буюу Социалист эрүүлийг хамгаалах номлолоор замнасан үе, 1991 оноос одоог хүртэлх үе буюу Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн эрүүл мэндийн албаны хөгжил гэсэн гурван томхон үе болгон авч үзэж болох юм. 1924 онд батлагдсан БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд хүн амаа эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламжид бүрэн хамруулахаар шийдвэрлэсэн нь нэн зоримог, алсын хараатай, зөв шийдэл байжээ. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг 1925 онд анх Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан яам болгон өргөтгөж байжээ.
Долгорын Пунцаг
Эрүүлийг хамгаалах яамны анхны тэргүүн сайдаар одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баянхан уул гэдэг газар төрсөн малчин ард Долгорын охин Пунцаг томилогдон 1930-1933 онд ажиллаж аймаг, орон нутгийн эрүүлийг хамгаалах салбаруудыг байгуулан ард түмнийг эмчлэн сэргийлэх, эх нялхсыг хамгаалах ариун цэвэр халдвар судлалын салбаруудыг олноор байгуулжээ.
Өлзийтийн Бадрах
Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт төрсөн бөгөөд 1924 онд Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, Улсын Бага Хурлын гишүүн, улмаар сангийн яамны сайд, 1932-1934 онд Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байв. Тэрбээр цогтой хувьсгалч, хурц дайчин уран илтгэгч, улс төрийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй Монголын шинэ үеийн түүхээр хэд хэдэн ном бичсэн түүхч, олон тооны шүлэг, найраг, зохиол туурвисан зохиолч хүн байжээ. Хэлмэгдүүлэлтийн үед түүний ном, зохиолуудыг хураан авч устгасан учир үлдэж хоцорсон нь цөөнө ажээ.
Наваанцэрэнгийн Гонжоон
Ардыг Гэгээрүүлэх ба Ардын эрүүлийг хамгаалах яам нэгдаж 1934-1935 оны хооронд найман сар ажилласан бөгөөд энэ хугацаанд тус яамыг тэргүүлэн ажиллаж байжээ.
Цэндийн Баттөмөр
Ардын эрүүлийг хамгаалахын сайдаар 1936 оны гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл гурван сарын хугацаанд тус албыг хашиж байжээ.
Далантайн Өлзийбат
Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар 1935-1937 онд ажиллаж байжээ.
Сойрын Галиндэв
1938-1939 оны хооронд Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байв.
Чойнпүрэнгийн Жүгдэрнамжил
Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар 1940-1941 онд ажиллаж байв.
Балжиннямын Гонгоржав
1908 онд тэр үеийн Оросын эзэнт гүрний өвөр байгаль муж, одоогийн ОХУ-ын БНБУ-ын нутаг, Хилго голын өвөр этгээдэд байх Бичүүр тосгоны ойролцоо Архариат гэдэг газар төрсөн, буриадын ашибагад овгийн хүн ажээ. Б.Гонгоржав нь 1941-1943 онд Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн билээ. Тэрбээр арьс өнгөний албын материаллаг бааз, хүн хүчнээр бэхжүүлж, хүн амын дунд дэлгэрмэл байсан арьсны өвчнийг эрүүлжүүлэхээр орон даяар зохион байгуулсан арьс-өнгөний үзлэгийн үйл ажиллагааг гардан удирдаж, энэ урхагтай аюулт халдварт өвчнийг бүрэн хяналтандаа авах ажлыг оройлсон удирдсан гавьяатан болно.
Ж.Шийнэн
1943-1946 онд Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байв.
Загдсүрэнгийн Дугар
Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар 1950-1954 оны хооронд ажиллаж байв.
Гүржийн Туваан
Г.Туваан нь 1908 онд хуучин Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт төржээ. Тэрбээр 1947-1950, 1954-1966 онуудад Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байв. Анх 1943 онд Засгийн газрын шийдвэрээр Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, улмаар сайдаар томилогдсоноос хойш 1966 он хүртэл 20 гаруй жил БНМАУ -ын эрүүлийг хамгаалах салбарыг удирдаж, ард түмний дунд Туваан сайд нэрээр мөнхөрсөн юм. Г.Туваан сайдын идэвхитэй хөөцөлдлөгөөр Монгол улсын эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа бэхжиж, БНМАУ 1962 онд ДЭМБ-д гишүүнээр элсчээ.
Базарын Дэмбэрэл
Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар 1966-1973 оны хооронд ажиллаж байв. Тэрбээр 1934 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Номтын дэв” хэмээх газар төрсөн. 1957 онд Монгол Улсын их сургуулийг төгсчээ.
Дарьсүрэнгийн Ням-Осор
1973-1986 он буюу нийт 13 жилийн турш Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байжээ.
Чойжилжавын Цэрэннадмид
Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдаар 1986-1990 онуудад ажиллаж байв.
Пагважавын Нямдаваа
П.Нямдаваа нь Эрүүлийг хамгаалах, нийгмийн хангамжийн сайд, Эрүүл мэндийн сайдаар 1990-1996, 2000-2004 оны хооронд ажиллаж байсан. 1997-2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, АНУ-ын Нью Йоркийн шинжлэх ухааны академийн гишүүн, Монголын анагаах ухааны академийн үндэслэгч ерөнхийлөгч, Тайландын Рангситын их сургуулийн хүндэт доктор, Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийн хүндэт доктор юм.
Лагважавын Зориг
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар 1996-1998 онд ажиллаж байв.
Шаравжамцын Батбаяр
Ш.Батбаяр нь их эмч мэргэжилтэй, Монголын Ардчилсан Хөдөлгөөн, АСХ, МСДН-ын анхдагчдын нэг. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998 онд Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Сайдаар ажиллаж байсан. 2000 оноос эхлэн "Өдрийн сонин","Үндэсний мэдээ" сонинуудад ажиллаж, улс төр, нийгэм, үйл явдлын тухай нийтлэлүүд бичиж байсан. Түүнийг Ш.Батбаяр гэхэсээ илүүтэй Олхонуд Шаабар гэдэг нэрээр нь илүүтэй таньдаг. Учир нь 1996-2000 онд УИХ-д дөрвөн Батбаяр нэртэй гишүүн байсан. Тэднийг ялгаж дуудахын тулд ийхнүү Шаабар, Баабар хэмээн нэрлэх болсон гэдэг.
Содовын Сонин
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар 1999-2000 онд ажиллаж байв.
Төгсжаргалын Ганди
Т.Ганди нь 2004-2006 онуудад Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд "Ардын эрх" сонины парламентын сэтгүүлчээр ажиллаж байгаад удалгүй улстөрч болсныг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Ламжавын Гүндалай
Л.Гүндалай нь 1963 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн. Тэрбээр 2000 оноос хойш УИХ-д Хөвсгөл аймгаас нэр дэвшин, гурван удаа дараалан сонгогдож байсан бөгөөд 2006 оны нэгдүгээр сараас 2007 оны нэгдүгээр сар хүртэл Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байв. Сайдаар томилогдоод удаагүй байхдаа тусламжийн машиныг хувьдаа завшсан гэдэг.
Данзандаржаагийн Туяа
Д.Туяа нь 1954 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Эм зүйч мэргэжилтэй, Байгалийн ухааны доктор цолтой. 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв. 2001-2008 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан цөөхөн эмэгтэй улс төрчдийн нэг билээ.
Самбуугийн Ламбаа
1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн. 1996-2000 он, 2004 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан.
Нямдаваагийн Хүрэлбаатар
Н.Хүрэлбаатар 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 2009 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв.
Нацагийн Удвал
Н.Удвал нь 2012 оны наймдугаар сард Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шинэчлэлийн Засгийн газар огцорсноор ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Г.Шийдлэгдамба
2014 оны арванхоёр сард Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж, Эрүүл мэнд спортын сайдаар Г.Шийлэгдамбыг томилсон билээ.
Тэрбээр Засгийн газрын гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд 2007-2008 онд Байгаль орчны сайдын албыг хашиж байсан.