НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар танилцууллаа.
Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн. Нийт 440 иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллах боломжтой эсэхийг судалж, 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 иргэнтэй гэрээ байгуулан олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна.
Эдгээр иргэний сарын цалин нь 355 мянган төгрөг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас энэ онд баталсан 1.5 тэрбум төгрөгийн төсөвт багтаан одоо ажиллаж байгаа 224 олон нийтийн цагдаагийн ажилтанд олгож байгаа цалин, урамшууллыг Төрийн тусгай алба хаагчийн цалингийн сүлжээний ТТ-5-1 шатлалаар нэмэгдүүлэх саналыг тавьсны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 224 иргэний сарын цалинг хоёрдугаар улирлаас эхлэн ТТ-5-1 шатлалаар дүйцүүлэн 439 мянган төгрөгийн цалинтай ажиллуулахаар тогтоолоо.