Хөлбөмбөгийн төрлийн тоглоом яг хэчнээн байдаг юм бол? Тоймтой хэдийг нь нэрлэвэл талбайн, элсний, мини, футзал, ирланд, австрали, канад, америк… гээд дуусах янзтай ч хөлбөмбөг энэ хэдхэн төрлөөр хязгаарлагдахгүй баялаг тоглоом ажээ. Тодруулбал, таны урьд өмнө нь сонсож, харж байгаагүй олон төрлийн хөлбөмбөг байдаг аж. Тэдгээрийн зах зухаас танилцуулъя.
Ширээний хөлбөмбөг
Дэлхийн олон оронд кикер, фусбол, бейби-фут зэрэг нэрээр түгсэн ширээний хөлбөмбөгийг ямар ч насны хүн, ямар ч ширээн дээр, ямар ч дүрмээр тоглож болдог онцлогтой. Гэхдээ олон улсынх нь холбооноос баталсан стандарт гэж бий. Өөрөөр хэлбэл, албан ёсны уралдаан дээрх дүрмээр зохиогддог бөгөөд тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлдэг гэнэ. Эхэндээ энэ тоглоомыг зугаа гаргах, хообий төдийхнөөр авч үздэг байсан барууны хүүхэд залуус сүүлийн жилүүдэд ширээний хөлбөмбөгөөр идэвхтэй хичээллэх болж, тэр хэрээр мэргэжлийн шинж чанартай болсоор байна. Учир нь жил бүр зохиогддог ширээний хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн тоглогч бараг насан туршдаа хүрэлцэх хэмжээний мөнгөөр шагнуулдаг юм. Тэрчлэн ширээний хөлбөмбөг нь дотроо хуруун, цаасны (дөрвөлжин дэвтэр дээр гурав гурван нүдээр урашлах зарчмаар тоглодог), товч буюу задгай мөнгөөр тоглодог “Blow football” зэрэг олон төрөлтэй.
Онлайн хөлбөмбөг
Мэдээж энэ төрөлд “Electronics Art”, Konami” пүүсүүдээс эрхлэн гаргадаг алдарт “FIFA”, “Pro Evolution” цувралууд дээгүүр байр суурь эзэлнэ. Тэдгээрийн тухай спорт, компьютер сонирхогчид маань хангалттай мэдэх тул орхиж, “Hattrick” хэмээх арай түрүү үеийн тоглоомыг толилуулъя. 13 жилийн түүхтэй, сүлжээгээр тоглодог эл тоглоомын албан ёсны сайтад бүртгэлтэй 800 мянга гаруй тоглогч байдаг бөгөөд хийсвэр орон зайд нь 43 улсын 127 лигийн баг, тоглогчдын талаарх мэдээлэл байна. “Hattrick” нь Швед, Норвеги зэрэг Скандинавын орнуудад өргөн тархсан.
Цуцзю
Хөлбөмбөгийн өвөг байж болох өндөр магадлалтай цуцзюг FIFA 2004 онд “Орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн эртний хувилбар” хэмээн албан ёсоор зарласан. Бөмбөг өшиглөх гэсэн утгатай хятад үндэстний эл тоглоомын үндсэн зорилго нь эсрэг талын хамгаалалтыг сэтэлж хөлнийхөө тусламжтайгаар торонд бөмбөгийг оруулах явдал юм.
Indoor Soccer
Мини хөлбөмбөг, футзалаас төдийлэн ялгарахааргүй, хүч чадал шавхсан энэ тоглоомыг зүлэгний хөлбөмбөг, шоубол гэхчлэн нэрлэдэг. Хоккей шиг гадуураа хашлагатай тул бөмбөг талбайгаас гарна гэсэн ойлголт үгүй, нэг тоглогч талбайд хэдэн ч удаа сэлгээгээр гарч болдог. Зодог тайлсан одод шоуболд орох нь түгээмэл ба Англи, Герман, Испани, Бразил, Мексик, АНУ, Канадад мэргэжлийн лигтэй. Дашрамд сонирхуулахад жил бүрийн зун ОХУ-д болдог “Кубок легенд” тэмцээн шоуболын дүрмээр зохиогддог билээ.
Хараагүйчүүдийн хөлбөмбөг
Хөлбөмбөгийн энэ өвөрмөц төрлийн анхны ДАШТ нь 1986 онд Испанид зохиогдож байж. Харин 2004 оноос паралимпийн хөтөлбөрт орсон ба бразилчууд хол тасархай түрүүлсэн бөлгөө. Тухайн үеийн Бразилийн багийн нэгэн гишүүн шигшээдээ багтан олимпод оролцохын тулд нүдээ сохолсон түүхтэй гэнэ. Хараагүйчүүдийн хөлбөмбөгт отон тоглолтыг тооцдог бөгөөд тоглогчдыг хоорондоо ярихыг хориглодог. Талбай дээрх тоглогчид гагцхүү бөмбөгнөөс гарах тусгай дуу авиаг сонсох ёстой аж.
Усны хөлбөмбөг
Өнгөрсөн зууны 60-аад онд үүссэн ч төдийлэн дэлгэрч чадаагүй. Талбайн хөлбөмбөг, регби, усан пологийн онцлогуудыг нэгтгэн дүрмийг нь зохиосон. Усны хөлбөмбөгөөс гадна усан доорх хоккей хүртэл байдаг гэнэ.
Намагны хөлбөмбөг
Зуны улиралд бэлтгэлээ цалгардуулахгүйг хичээсэн Финландын цаначин Эса Ромппайнен намагны хөлбөмбөгийг санаачилсан гэдэг. Түүний шинэ бүтээл 1000 нуурын нутаг хэмээх Финландад хялбархан хүчээ авч, төдөлгүй Скандинавын орнуудад тархжээ. Түүхийн хуудас сөхвөл оросууд бараг 50 гаруй жилийн өмнөөс намган дунд хөлбөмбөг тоглодог байсан ч түүнийхээ зохиогчийн эрхийг авах сөхөө байсангүй. Намагны хөлбөмбөгийн талаар манай сонины энэ оны ¹2-т дэлгэрэнгүй өгүүлсэн тул дүрэм журмыг нь тэндээс сонирхоно уу.
Basse
Мөн л Скандинавт түгсэн, волейболыг санагдуулам тоглоом. Хоёр хүн цаас, резинээр хийсэн 100 гр-аас ихгүй жинтэй бөмбөгөөр дараалсан хоёр талбайд тоглодог. Финландад футвол хэмээн алдаршсан basse-гийн компьютерийн тоглоом нь ч байдаг.
Three-sided football
Гурван талт хөлбөмбөг гэж орчуулж болох юм. Гурван хаалгат тусгай талбай дээр гурван баг зэрэг тоглодог.
Power Soccer
Хүч тамир ихээхэн шаардсан хөлбөмбөгийн өвөрмөц төрөл болох нь нэрнээсээ хүртэл анзаарагдаж байгаа биз. Баг тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тэмцэлддэг.
Jorkyball
Азийн олон оронд тархсан, 2-ын эсрэг 2 хүн тоглодог, сепак-текрау, сквоштой төстэй төрөл. Jorkyball-ийн талбай хоккейнх шиг үзэгчдээс шилэн ханаар тусгаарлагдсан байдаг.
Гэльскийн хөлбөмбөг
Зөвхөн Ирландад тоглодог, хөлбөмбөг-регбигийн эрлийз тоглоом. Өөрөөр хэлбэл талбайн тодорхой нэг хэсэгт бөмбөгийг зөвхөн өшиглөх ёстой бол бусад хэсэгт нь заавал гараараа тоглох учиртай. Гэльскийн хөлбөмбөгийн талбай ердийн хөлбөмбөгийнхөөс ч урт бөгөөд баг тус 15 хүний бүрэлдэхүүнтэй.
Флоренц хөлбөмбөг
XVI зууны үед Флоренцод үүсч, Итали даяар түгсэн гладиаторуудын тулааныг санагдуулам тоглоом. Хүчний тоглолт хийхийг зөвшөөрдөг ба 50 минут өрсөлдсөний эцэст хэн илүү оноотой нь хождог.