m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.14 02:36
458
Ч.Мөнхтөр: Дараа жилээс үйлдвэрийн шугам оруулж ирэхээр төлөвлөөд байгаа

 “Баялаг бүтээгчийг дэмжинэ” төслийн багийнхан барилгын салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрсдийн хувь нэмрийг оруулж яваа “Гурван марал” ХХК-аар зочилсон билээ.  Тус компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болон цаашдын зорилтын талаар захирал Ч. Мөнхтөрөөс тодрууллаа.

-Үйлдвэр анх хэдэн онд ямар тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв?

-Компани маань 2011 онд үүсгэн байгуулагдсан. Барилгын цахилгаан холбооны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Барилгын бодит талбар дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ салбарт юу хийж болох вэ гэдгийг судласны үндсэн дээр барилгын хуурай хольцын бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм гэж тооцоолсон.  Хуурай хольцын бүтээгдэхүүн дээр Монгол Улс маань нийтдээ жилд 60 тэрбум орчим төгрөг гадагшаа гаргадаг. Тэгэхээр үүнийг аль болох эх орондоо төвлөрүүлэхийг бодно. Манай компани нь хуурай хольцын бүтээгдэхүүн үйлдвэрлээд хоёр жил гаруй ажиллаж байна. Тоног төхөөрөмжүүдээ Хятад улсаас оруулж ирээд байнга техникийн шинэчлэл хийж явж байна. Дараа жилээс үйлдвэрийн шугам оруулж ирэхээр төлөвлөөд байгаа.

Хуурай хольцын бүтээгдэхүүн дээр Монгол Улс маань нийтдээ жилд 60 тэрбум орчим төгрөг гадагшаа гаргадаг. Тэгэхээр үүнийг аль болох эх орондоо төвлөрүүлэхийг бодно. 

-Үйлдвэр нийт хэдэн ажилчинтай вэ?

-Манайх анх гурван хүнтэй байгуулагдаж байсан бол одоо 14 ажилтантай болоод байгаа.

-Цаашдаа үйл ажиллагаагаа тэлэх боломж хэр байна?

Монголд ажиллаж байгаа барилгын компаниуд дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд өгвөл бидэнд тэлэх боломж хангалттай байгаа.

-Анх үйлдвэр байгуулагдаад хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Одоо хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Анх хар замаск гэсэн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаа бага багаар ахиулсаар байгаад одоо плитаны цавуу, шал тэгшлэгч, гадна хар замаск, дотор хар замаск, элсэн замаск, хөөсөнцрийн цавуу, бэлэн зуурмаг, угаасан элс зэрэг найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод байна.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Манай бүтээгдэхүүнүүд үндсэндээ цавуулаг агуулсан бүтээгдэхүүн байдаг. Цавуу гэдэг маань химийн бүтээгдэхүүн. Монголд химийн үйлдвэр байдаггүй учраас цавуугаа Орос, Хятадаас авч байна.

-999 нэрийг бүтээгдэхүүндээ яагаад өгөх болов?

-Монгол хүн чинь гурвын тоог бэлэгддэг. Нэрэнд маань гурван ширхэг есийн тоо байна. Мөн аливаа брэндийн нэр хүмүүст амархан хүрдэг, тогтоогдог байх ёстой гэсэн бизнесийн зарчим ёсоор бүтээгдэхүүнүүддээ 999 гэж  нэр өгсөн.

-999 брэндийг хэрэглэгчид хэр таньдаг болж байна?

-Бид борлуулалтын цэгүүдээрээ зах зээлийн судалгаа явуулдаг. Арван хүн очиход долоо нь энэ чинь нөгөө Гурван марлын 999 байна шүү дээ гээд таньдаг болж байгаа нь ажиглагдсан.

-Урьд нь дандаа хоёр хөршөөсөө импортоор аваад тогтчихсон байсан бүтээгдэхүүний зах зээл руу нэвтэрч ороход бэрхшээл их байсан болов уу?

-Мэдээж байлгүй яахав. Энэ төрлийн бүтээгдэхүүний үндсэндээ 80 хувь нь Хятадаас орж ирдэг байсан. Хавар болохоор л Хятад руу зүглэж бүтээгдэхүүнээ оруулж ирж тогтсон тэр жимийг эвдэх гэж нилээн ухуулах таниулах ажлыг хийсний үндсэн дээр харьцангуй манай бүтээгдэхүүнийг зах зээлд мэддэг болж байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд манайхтай адил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчид маань 100 хувь хангах хүчин чадалтай болсон байгаа.

-Танай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг томоохон барилгын компаниуд олон байдаг болов уу?

-Олон байлгүй яахав. Тэдгээрээс нэрлэвэл Номин конштракшн, Тесо конштракшн, Тектоник, Өгөөж хишиг, Актив хийц зэрэг олон жил үйл ажиллагаа явуулсан компаниуд байдаг даа.

Барилгын маш олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зах зээл боломж нь нээлттэй байгаа гэж үздэг.

-Танай компанийн цаашдын зорилго юу бол?

-Зорилго гэвэл олон байгаа. Барилгын маш олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зах зээл боломж нь нээлттэй байгаа гэж үздэг. Бид цаашдаа үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа.

Бүтээгдэхүүний борлуулалт, онцлогийн талаар тус компанийн маркетинг борлуулалтын хэлтсийн захирал О. Мөнхбаатараас сонирхлоо.

-Гурван марал компани маань бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байна. Бүтээгдэхүүнээ нийлүүлдэг зах зээл болон худалдан авагчдын талаар хэр байгаа бол?

-Барилгын хуурай хольцын бүтээгдэхүүнүүд маань Монголд нэг үеэ бодвол зах зээлийг хангаж эхэлж байна. Энэ төрлийг бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг байсан нь багассан. Манай компанийн тухайд дотооддоо нийлүүлээд зогсохгүй ОХУ руу гаргахаар анхан шатныхаа гэрээг хийгээд байгаа. Манай гол хэрэглэгчид маань томоохон барилгын төсөл хэрэгжүүлдэг барилгын компаниуд байдаг. Зуун айлын дэлгүүрүүд, “Тэх” зах зэрэг барилгын материалын бөөний төвүүдээр үйлдвэрийн үнээр борлуулдаг цэгүүд ажилладаг.

Зуун айлын дэлгүүрүүд, “Тэх” зах зэрэг барилгын материалын бөөний төвүүдээр манай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулдаг цэгүүд ажилладаг.

-ОХУ-тай хийсэн гэрээний талаар та тодруулахгүй юу?

-ОХУ руу эхний ээлжинд 1500 тонн плитаны цавуу, гадна хар замаск нийлүүлэхээр гэрээ хийсэн байгаа. Бид ОХУ-ын Эрхүү мужид бүтээгдэхүүнээ экспортлох болсон. Эрхүү муж маань манайхаас импортловол 700 км, цаанаас импорловол 3000 км зайнаас импортлох учраас манайхаас авах сонирхол их байгаа нь бидний хувьд том боломж болж байна. Чанар стандартыг бид үйлдвэртээ сайтар мөрддөг. Манайх бүтээгдэхүүнээ тогтмол Барилгын яамны дэргэдэх мэргэжлийн лабораторт өгч шинжлүүлдэг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хамгийн гол зүйл нь хэрэглэгчид тухайн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх явдал байдаг гэж боддог. Бидний зүгээс хүсэхэд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй мааань ижил төстэй бүтээгдэхүүнийг гаднаас импортлохгүй байж, аль болох бидний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал юм.

ОХУ руу эхний ээлжинд 1500 тонн плитаны цавуу, гадна хар замаск нийлүүлэхээр гэрээ хийсэн байгаа.

-Тэгэхээр бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийнхээс, ялангуяа импортын бүтээгдэхүүнээс танай бүтээгдэхүүний ялгарах ялгаа, давуу тал нь юу вэ?

-Чанар стандартын тухайд бол импортоор орж ирж байгаа болон дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээс дутахгүй гэж үзнэ. Бид чанар стандартаа гол болгож барьж ажилладаг. Барилгын хуурай хольцын бүтээгдэхүүн дээр нэг асуудал байдаг нь бүтээгдэхүүний цэвэр тоо хэмжээ дутдаг. Нэн ялангуяа урд хөршөөс орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр ийм зөрчил их байдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас барилгын хуурай орцын материал үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын бүтээгдэхүүний савалгааны цэвэр тоо хэмжээн дээр шалгалт явуулсан. Шалгалтанд орсон нийт 60 гаруй компаниас гурван компани ямар нэг зөрчилгүй гарсны нэг нь манай “Гурван марал” компани болсон маань бидний үйл ажиллагааны нэгэн бахархал юм.

Гурван марал ХХК захирал Ч.Мөнхтөр 9999-0603, 9449-7799