
Жижигхэн мөнгөн хонхыг энгэртээ жингэнүүлсээр сурагчийн дүрэмт хувцас, сургууль багш нараа үдээд амьдралын босгоор алхан орох сурагчдын төгсөлтийн баяр удахгүй болно. Хойч ирээдүйгээ ярилцаж, ямар алхам хийхээ эргэцүүлэн суугаа хүүхдүүдийн нэгэн хэсэг суралцдаг сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийг зорилоо. Хэдийгээр сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй ч сэтгэн бодох, хийж бүтээх ур чадвар нь бусдаас дутахааргүй, тэр ч бүү хэл сонирхсон зүйлдээ илүү их амжилт гаргадаг авьяаслаг хүүхдүүдийн талаар сурвалжлахаар тус сургуулийг зорьсон юм.

Өөрийн эрхгүй сурагч насаа санан дурсмаар сургуулийн орчин, өөр хоорондоо тоглож хөгжилдсөөр жижүүр багшийнхаа заавраар жагсан зогсоод хичээлдээ орох хүүхдүүд намайг угтлаа. Сургууль болон сурагчдын талаар сонирхсон асуултандаа яриа авахаар захирал багшийнх нь өрөө байрлах хоёрдугаар давхар руу зүглэх зуур хоёр талын ханааар дүүрэн хүүхдүүдийн зурсан, оёсон, хатгасан, наасан уран бүтээлүүд өлгөсөн нь уран зургийн галлерейд орсон мэт сэтгэгдлийг надад төрүүлэв. Нэг бүрчлэн тогтож сонирхмоор ур ухаан шингэж бүтсэн хүүхдүүдийн бүтээлүүд энэ сургуулийн сурагчид хэчнээн уран, авьяаслаг болохыг хэн нэгнээр хэлүүлэлтгүй илтгэнэ.






Ингээд тус сургуулийн захирал Б.Батсайхантай хэдэн хором хөөрөлдснөө толилуулъя.
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль хэзээ байгуулагдаж байсан бол. Одоо хэчнээн багш, сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна?
-Манай сургууль нь 1964 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж байсан. Нийслэл хот болон 21 аймгийн сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн тэдэнд бага, суурь, бүрэн дунд боловсролыг сургалтын тусгай арга зүй, технологиор олгодог сургалтын байгууллага юм. Өнөөдрийн байдлаар 314 хүүхэд, 61 багш, багш болон туслах ажилчид нийлээд 134 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдээ байрлуулах хоёр дотуур байрандаа одоогийн байдлаар 150 хүүхэд байрлуулаад байна.
-Тус сургуульд хамрагдах хүүхдүүд маань насны хувьд ямар байдаг бол. Дунд сургуультай адил байдаг уу?
-Ер нь бол сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй зургаан настай хүүхдүүдийг элсүүлж сургадаг. Гэхдээ хөдөө орон нутгаас нас хэтэрсэн хүүхдүүд ирэхэд авч сургадаг. Дунд сургууль12 жилээр төгсгөдөг бол манай сургууль 13 жилээр төгсгөдөг. Хүүхдүүд маань анх сургуульд ирэхдээ ихэнхдээ нэг ч үг байхгүй, үгийн баялаггүй ирээд аав, ээж гэдгээсээ эхлээд бүх л үг яриагаа энд л сурна. Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэр оронд нь зааж өгөх арга боломж нь байхгүй, гэрийнхэн нь хэрхэн харилцахаа мэдэхгүйгээс ийм байдаг.
-Хичээлийн хөтөлбөрийн тухайд ямар нэгэн онцлог байдаг уу?
-Хүүхдүүдэд маань дунд сургуульд ордог бүх л хичээлийг заалгадаг. Тоо, физик, хими, биологи, монгол хэл, монгол бичиг, англи хэл гээд л. Сурах бичгийн хувьд тусгайлсан өөр сурах бичиг байдаггүй. Нэгдүгээр ангид монгол хэл, цагаан толгой, математикийн хичээлийн сурах бичиг тусдаа байдаг. Тэрнээс бусад сурах бичиг ЕБС-тай ижил байдаг. Тэр болгон дунд сургуулийн стандартыг гүйцэж заахад бас хүндрэлтэй байдаг ч их дээд сургуульд орохоор бэлтгэж байгаа хүүхдүүддээ сүүлийн жилд нь давтлага маягаар илүү гүнзгийрүүлж зааж өгдөг.
Жилдээ 10-12 хүүхэд 12-р анги төгсдгөөс эдгээр хүүхдүүдийн маань 50-60 хувь нь их дээд сургуульд элсэн орж суралцдаг.
-Та сая хэллээ хүүхдүүдээ их дээд сургуульд элсэхэд нь бэлтгэдэг гээд. Тэгэхээр хүүхдүүдэд маань цаашид сонирхсон мэргэжлээрээ их дээд сургуульд элсэн суралцах боломж нь хэр байдаг вэ. Ер нь танай сургуулийг төгссөн хүүхэд бүрэн дунд боловсролоос гадна ямар ур чадвар эзэмшиж гардаг бол?
-Жилдээ 10-12 хүүхэд 12 дугаар анги төгсдгөөс эдгээр хүүхдүүдийн маань 50-60 хувь нь их дээд сургуульд элсэн орж суралцдаг. Зарим нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд орж цаашид сурч ажилладаг. Их дээд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдийн маань ихэнх нь зураг дизайн, компьютер, биеийн тамир, бага ангийн багш гэсэн мэргэжлүүдээр суралцдаг ч их дээд сургуулиа төгсөөд ажил олоход бас хэцүү. Зураг урлал, гар урлал гэх мэт хувиараа амжилттай ямар нэгэн бизнес эрхэлж байгаа хүүхдүүд бас байдаг. Манай сургууль 2008 оны хичээлийн жилээс эхлэн наймдугаар ангиас хүүхдүүддээ үсчин-гоо засал, хоол үйлдвэрлэл-нарийн боов, модон эдлэлийн мужаан, оёмол бүтээгдэхүүний оёдолчин-эсгүүрчин гэсэн дөрвөн мэргэжлээр мэргэжлийн анхан шатны сургалтыг зохион явуулж эхэлсэн. Хүүхдүүд маань эдгээр сургалтуудад жил жилд өөр сонгох уу, эсвэл дөрвөн жил мужаанаараа, эсвэл үсчин-гоо заслаараа тасралтгүй дагнан суралцах уу гэдгээ өөрсдөө сонгодог. Сургуулийн маань анги танхим хүрэлцээ сайтай учраас үдээс хойш спортын болон гар урлалын чиглэлээр хүүхдүүдээ хөгжүүлэх олон төрлийн секц дугуйлан их хичээллэдэг.
-Тэгэхээр дээрх мэргэжлээр төгсөөд ажиллах бүрэн чадвартай хүүхдүүд гардаг байх нь. Энэ чиглэлээрээ төгсөөд ажиллаж байгаа хүүхдүүд олон байдаг уу. Ер нь хүүхдүүдийг маань энэ чиглэлээр нь илүү сургаад ажилтан бэлтгэх тал дээр холбоотой ажилладаг байгууллагууд байдаг уу?
-Тийм ээ. Энэ чиглэлээр суралцсан хүүхдүүд маань сурсан чиглэлээрээ тодорхой чадвартай болоод төгсдөг. Төгсөөд дадлага хийгээд ажилд орох боломж ховор доо. Тийм ажлын захиалга өгдөг байгууллага бараг байдаггүй. Ганц нэг оёдлын үйлдвэр, нарийн боовны цехэд дадлага хийнэ. Оёдол болон мужаанаар ажилладаг хүүхдүүд байдаг.
-Амжилттай суралцаж байгаа хүүхдүүдийн маань дунд олон улсын ч юм уу улсын чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан хүүхдүүд байдаг болов уу. Хүүхдүүдийнхээ амжилтыг сонирхуулна уу?
-Хүүхдүүд маань олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн. Сүүлийн жишээ гэвэл сая нэг хүүхэд маань шатраар дүүрэгтээ эхний байр эзэлсэн, Сүхбаатар дүүрэгт зохиогдож байгаа хүүхдийн спортын V наадамд бүх төрлөөр амжилттай оролцож байна. Технологийн олимпиадад хоёр хүүхэд оролцсоноос нэг нь дүүрэгтээ түрүүлж, нийслэлд дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт гаргаад одоо улсын олимпиадад оролцохоор бэлтгэж байна. Ер нь дүүрэгтээ болон улс, хотын хэмжээний тэмцээн уралдаануудад хүүхдүүд маань бусад сургуулийн хүүхдүүдтэй адил оролцож амжилт гаргаж байдаг даа.
Дүүрэгтээ болон улс, хотын хэмжээний тэмцээн уралдаануудад хүүхдүүд маань бусад сургуулийн хүүхдүүдтэй адил оролцож амжилт гаргаж байдаг.
-Их дээд сургуульд элсэхэд хөнгөлөлт байдаг болов уу?
-Хүүхдүүд маань бусад төгсөгчдийн адил элсэлтийн шалгалтаа өгөөд л орно. Элсэлтийн шалгалт өгөөд оноо нь хүрсэн тохиолдолд их дээд сургуульд суралцдаг.
-Сонсгол болон хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүүхдүүдэд маань эцэг эхийн тусламж, оролцоо их байдаг болов уу. Эцэг эхчүүд хэр хамтарч ажилладаг вэ?
-Хүүхдүүдийн маань ихэнх нь хөдөө орон нутгаас ирдэг болохоор эцэг эхчүүд тэр болгон ирж харилцаад байж чаддаггүй. Хотод байдаг нь ч бас л хамтран ажиллах нь цөөхөн. Хүүхдүүдтэй маань дохионы хэл мэдэж байж л харилцах боломжтой. Эцэг эхчүүдэд зориулсан дохионы хэлний сургалтыг бид явуулдаг. Манайхыг төгсөн гарсан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй залуучууд маань идэвхтэй үйл ажиллагаа явуулж, төрийн бус байгууллага, дохионы хэлний орчуулагчдын холбоо байгуулан дохионы хэлийг албан ёсны хэл болгоё гэсэн санаачилгатай ажлуудыг хийсэн. Үүний үр дүнд дүүргийн нийгмийн ажилтнууд дохионы хэлний сургалтанд сууж байна. Ингэснээр сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэн очиход ойр зуурын үг ярилцах боломж нь бүрдэх юм. Нэмж хэлэхэд их дээд сургуульд хүүхдүүд маань суралцахад нэг бэрхшээл нь дохионы хэлний орчуулагч байдаггүй. Их дээд сургуульд сурч байгаа хүүхдүүд маань цэвэр авьяасаараа өөрийгөө дайчлан сурч байгаа юм. Уг нь их дээд сургуулиудад маань ядаж ганц хоёр дохионы хэлний орчуулагч байгаад хүүхдүүдэд маань үйлчилгээ үзүүлж байвал хэрэгтэй л дээ.
Уг нь их дээд сургуулиудад маань ядаж ганц хоёр дохионы хэлний орчуулагч байгаад хүүхдүүдэд маань үйлчилгээ үзүүлж байвал хэрэгтэй л дээ.
-Хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдэд дотуур байрны хүрэлцээ хангамж, тохь тух нь хэр байдаг бол?
-Хоёр дотуур байр маань эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг тусад нь байрлуулдаг бөгөөд нийтдээ 320 хүүхэд хүлээн авах боломжтойгоос одоогоор 150 хүүхэд хамрагдаж байна. Байр хүрэлцээтэй ч засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон. Хоёр байрны дээврээс цасны ус гоожсон байгааг засах шаардлагатай. Тавилга ч мөн муудсан . Хүүхэд маань дотуур байранд ирээд ямар нэгэн төлбөр төлдөггүй, байрлах зардал, хоолны мөнгийг улсын төсвөөс санхүүжүүлдэг.



-Тодорхой хэмжээгээр зааж сургахад илүү ажиллагаа шаарддаг эдгээр хүүхдүүдийн сурах орчин ямар байдаг бол, дан ганц төсвөөс санхүүжиж байна уу. Хүүхдүүдийн сурах мэдэх болон чөлөөт цагаа өнгөрөөх тал дээр тусалж дэмждэг байгууллага хүмүүс байдаг болов уу?
-Манай хүүхдүүдэд туслаж сурах болон чөлөөт цагаа өнгөрөөх орчныг нь тохижуулж өгсөн олон байгууллага, хувь хүмүүс байдаг. Тухайлбал Хас банк, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Оюутолгойн төслийнхөн хамтраад тус бүр арав, арван компьютертэй хөгжлийн төвийг хоёр дотуур байранд байгуулж өгсөн. Тэнгэр санхүүгийн нэгдэл маань гадаа орчин үеийн резинэн шалтай сагсан бөмбөгийн талбайг байгуулж өгсөн. Эко констракшн, Ток ток English, Буухиа шуудангийн DHL компаниуд анги танхимын тохжилтонд туслаж, тойрон аялагч Амай буюу Золбаяр м Самсунг компанитай хамтраад хүүхдүүдэд маань мини кино театр байгуулж өгсөн гэх мэтчилэн олон бий. Хүүхдүүд дохионы хэлээр дамжуулж л юмыг хүлээж авах учраас дохионы хэлтэй телевизийн нэвтрүүлэг, кино байдаггүй. Уг нь телевизийн ядаж ганц сувгаар дохионы хэлтэй цөөн нэвтрүүлэг явахад хүүхдүүдэд маань хэрэгтэй л дээ.
Хүүхдүүд маань дохионы хэлээр дамжуулж л юмыг хүлээж авах учраас дохионы хэлтэй телевизийн нэвтрүүлэг, кино байдаггүй.




-Танай сургуульд тулгараад байгаа бэрхшээл юу бол?
-Бэрхшээлийн хувьд сургууль болгон адил байдаг болов уу. Санхүүгийн хувьд сургууль хөгжихөөр хэмжээнд хүрэлцээтэй биш л дээ. Ямар ч байсан үйл ажиллагаагаа тасрахгүй явуулах хэмжээнд л байна. Зайлшгүй шаардлагатай засвар үйлчилгээ хийх, бусад урлаг соёлын арга хэмжээ явуулах боломж бол тааруу. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд маань мэдээллийг зөвхөн нүдээрээ харж л авна шүү дээ. Тийм болохоор багш нар маань маш их юм хийж, бичиж, зурж ойлгуулах шаардлага тулгардаг. Гэтэл анги танхимуудад маань техник тоног төхөөрөмж байдаггүй.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд маань мэдээллийг зөвхөн нүдээрээ харж л авна шүү дээ. Тийм болохоор багш нар маань маш их юм хийж, бичиж, зурж ойлгуулах шаардлага тулгардаг.


Наймдугаар ангийн охидын хичээллэж буй технологийн ангиар орлоо. Хүүхдүүдийн сурах идэвх, ур чадвар ямар байгаа талаар технологийн багш Ц.Ариунтуяагаас асуухад охид маань их уран шүү. Гадаа хананд өлгөсөн оёмол хатгамал бүтээлүүд бүгд манай хүүхдүүдийнх хэмээн бахархан хэллээ. Ариунтуяа багш манай хүүхдүүд нэг сонирхоод хийсэн зүйлдээ их амжилт гаргадаг, хэр барагтай сонирхсон зүйлээсээ ухардаггүйгээрээ бусад хүүхдээс онцлог шүү хэмээн онцолсон юм.
Энэ өдрийн хичээлд сурагч Анужин туузан хатгамалаар тогос, сурагч Уранчимэг байшин, сурагч Дамдимаа цүнх, сурагч Гансолонго ширээний тавиурыг их л нямбай урлаж байлаа.





Манай хүүхдүүд нэг сонирхоод хийсэн зүйлдээ их амжилт гаргадаг, хэр барагтай сонирхсон зүйлээсээ ухардаггүйгээрээ бусад хүүхдээс онцлог.
Хоол үйлдвэрлэл, нарийн боовны сургалтын танхимаар ороход Ө.Отгонцэцэг багшийн зааварчилгаан доор наймдугаар ангийн хэдэн охид аяган бялуу хийж байлаа.


Энэ мэтээр хүүхдүүдийн хийж бүтээсэн урлал болоод, хийж сурч буй үйл ажиллагаатай танилцаад нэг бодол сэтгэлд үлдлээ. Энэ сургуулийн хүүхдүүдийг байгууллага аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид маань дэмжээд ажлын байраар хангавал тэдэнд ур чадвар авьяасаа дайчлан бүр илүү олон зүйлийг сэтгэн бодох, бүтээж хийх боломж, сэтгэл, итгэл байна. Харин тэднийг олж хараасай, итгэл үзүүлэхэд л хангалттай юм байна гэдгийг хүн бүхэнд хэлмээр санагдлаа.
Хүүхдүүдийг дэмжээд ажлын байр гаргаад ажиллуулбал тэдэнд ур чадвар авъяасаа дайчлан бүр илүү олон зүйлийг сэтгэн бодох, бүтээж хийх боломж дүүрэн ажээ.
