Энэ удаагийнхаа "Масс зочин" буланд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, СТА, дэд профессор, зураач Ядамсүрэнгийн Оюунчимэгийг урьж оролцууллаа. Зураач. Я.Оюунчимэг нь зураач хүнээс нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг хөрөг, байгаль, натюрморын сэдвээр голлон зурдаг бөгөөд Монголын урлаг соёлын төлөөлөл болсон сайхан бүсгүйчүүдийн хөргүүдийг гайхамшигтайгаар бүтээсэн байдаг. Зурсан зураг, уран бүтээлүүд нь хэдийнээ олны танил болсон ч эгэл даруухан энэ агуу зураач эгчтэй ур, ухаан нь шингэсэн бүтээлүүд нь төрөн гардаг уран бүтээлийнх нь халуухан гал тогоо болсон урлангаас хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.
-Та Оросын Санкт-Петербург хотын алдарт Репиний академид 1970-аад онд суралцаж төгссөн Монголын анхны эмэгтэй зураачдын нэг. Та аль нутгийн хүн билээ. Таныг энэ мэргэжлийг сонгоход чухам юу хөтөлсөн бол?
-Би Сүхбаатар аймгийн Халзан суманд 1950 онд төрсөн. Бага нас маань Улаанбаатар хотод өнгөрсөн л дөө. Багаасаа зураг зурах сонирхолтой байсан болохоор Пионерийн ордны дүрслэх урлагийн дугуйланд суралцаж байгаад 1962 онд Дүрслэх урлагийн коллежид орж Ардын зураач, Төрийн шагналт зураач Д. Амгалан багш, Ардын зураач Б.Чогсом, Ардын зураач, Төрийн хошой соёрхолт зураач О.Цэвэгжав багш нараараа хичээл заалган амжилттай сайн суралцаад сургуулиа төгсөх жил маань миний аз таарсан уу тэр жил манай сургуульд Репиний академийн хуваарь ирж тэр сайхан сургуульд суралцах боломж олдсон. Ингээд би 1970-1977 онд Санкт-Петербург хотын Репиний Академийн зураасан зургийн ангийг профессор багш В.А.Ветрогонскийн урланд суралцаж төгссөж байлаа.
Аав маань миний зурах сонирхолыг их дэмждэг байлаа.
Репиний Академид намайг суралцахаас өмнө Монголоос зураач Ядамсүрэн гуайн охин Туяа багш маань сурч байсан юм. Овог ижил болохоор багш нар маань чи Туяагийн дүү юу гэдэг байж билээ. Миний аав бол түүхийн хүн л дээ. Цэцэрлэгт байхдаа зурсан зургийг маань багш аавд үзүүлээд зураач болох хүүхэд шүү гэж магтахад аав маань их л баярлаж миний охин зураач болно гээд л тэр үед их баярлаж байсан нь санаанд тодхон үлдсэн юм. Дараа нь нэг удаа бага байхдаа аав ээжийнхээ найзынд очиход тэдний найз орос эмч нар гэрт ирсэн байлаа. Хүүхэд юм болохоор шүүгээн дээрх зүйлсийг ихэд сонирхон харсан нь их ажигч санагдсан юм болов уу тэр орос эмч нар аавад маань танай охин том болоод зураач болохнээ. Нүд нь тэгж харагдаж байна гэсэн юм. Аав маань миний зурах сонирхолыг их дэмждэг байлаа. Ингээд л зураач болохоор зорьсон хүн дээ би. Багын дурсамж гэвэл ийм хоёр дурсамж санаанд буудаг юм.
-Орос улсад 60-70-аад онд суралцаж байсан оюутнууд их гоё дурсамж ярьдаг юм шиг санагддаг. Эрдмийг сураад ирнээ хүү чинь, Ээжий минь та сайн сууж байгаарай гээд л модон чемоданаа бариад галт тэргэндээ суун алс холын Орос орныг зорьж байсан оюутан цагийн дурсамжаа сөхвөл сонин байх болов уу?
-Оюутан байх үе маань зөндөө л сайхан дурсамжтай үнэхээр сайхан үе байсан л даа. Санкт-Петербург хот маань зураач болохоор зорьж тэмүүлж яваа бидний хувьд үзэх харах юм ихтэй сайхан хот шүү дээ. Алдарт Эрмитаж гээд л олон өдөр үздэг галерей их байдаг байлаа. Бид үргэлж амралтын өдрүүдээрээ галерей үзэж дэлхийн алдартай зураач нарын уран бүтээлээс суралцдаг байлаа. Багш нар маань ч бас их мундаг сайн заана. Энд ч бас сайхан, мундаг багш нар маань байлаа. Долоо хоног бүр натюрморын хичээл ордог нь их сонирхолтой байж билээ. Зургаа зураад байхаас гадна, дэлхийн урлагийн түүх, анатомийн хичээл орно. Том сайхан сургууль болохоор урлагийн талын олон сайхан хичээл орсон л доо.
Миний хувьд сайхан байгальд алхах, салхинд гарах үед тэр гоё өнгө алагласан, давтагдашгүй сайхан байгаль маань өөрийн эрхгүй түүнийг зурж үлдээхсэн гэсэн хүсэл оргилдог.
-Аливаа уран бүтээлч хүнд онгод гэж байдаг болов уу. Таны хувьд ямар үед онгод төрдөг бол?
-Хүмүүс онгод гэж ярьдаг. Үнэхээр тийм зүйл байлгүй яахав. Ер нь бол сэтгэл хөдлөхгүйгээр зурна гэвэл болохгүй л байх. Тэр тусмаа Монгол орон маань бүр ч сайхан шүү дээ. Миний хувьд сайхан байгальд алхах, салхинд гарах үед тэр гоё өнгө алагласан, давтагдашгүй сайхан байгаль маань өөрийн эрхгүй түүнийг зурж үлдээхсэн гэсэн хүсэл оргилдог. Жишээлбэл намрын өнгөнд зураачид их дуртай байдаг. Зураач нарын улирал ч гэж нэрлэдэг. Намрын өнгө үнэхээр сайхан шүү дээ. Хожуу дэлбээлсэн нахиан шинэхэн ногоон өнгө, гүйцэд боловсорсон жимсний болц, хатаж шаргалтсан навчис гээд л амьдралын бүх л өнгө намарт байх шиг санагддаг юм.
-Ихэнх зураачид тосон будгаар зургаа зурдаг. Таны уран бүтээлд усан будгаар зурсан гайхамшигт бүтээлүүд олон байдаг. Тосон будаг, усан будгийн ялгаа ер нь юу бол. Миний бодлоор усан будгаар зурахад илүү мэдрэмж, илүү ур чадвар шаарддаг юм шиг санагддаг?
Зураач бүтээлээ хэрхэн илэрхийлж, юугаар бүтээх вэ гэдэг нь өөр өөрийнх нь сонголт л доо. Мэдээж сэтгэл шингээж урласан бүтээл бүхэн сайхан болно. Миний хувьд графикын анги төгссөн болохоор усан будгаар илүү их ажилладаг байсан. Тосон будгаар зурахад явцын дунд зарим нэг засварыг хийж, дээрээс нь будаг давхарлаж зурахад арай илүү боломжтой. Усан будгаар зурахад засах боломж бага учраас арай илүү мэдрэмж шаардлагатай, эхнээсээ л онож зурах шаардлагатай байдаг. Усан будгаар зурсан зургийг харах яруу найраг гэж хэлдэг.
Усан будгаар зурсан зургийг харах яруу найраг гэж хэлдэг. Сэтгэл шингээж урласан бүтээл бүхэн сайхан болно.
-Та сургуулиа төгсөж ирээд Дүрслэх урлагийн их сургуульдаа багшилсан. Багш хүний хөдөлмөр, тэр тусмаа хүний өчүүхэн жаахан авъяасыг зөв чиглүүлж, мэргэжлийн зураач болтол хөтлөх зургийн багшийн хөдөлмөр илүү хэцүү байдаг болов уу. Тэгэхээр багш хүний хувьд дөнгөж зурж эхэлж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөхөд ч юм уу ер нь таны шавь нартаа захиж хэлдэг гол зүйл юу бол?
-Тийм ээ. Репиний Академи төгсөж ирээд л Дүрслэх урлагийн их сургуульдаа тэтгэвэрт гартлаа багшилсан. Зөндөө сайхан шавь нартай болсон маань багш хүний бахархдаг нэг зүйл болдог. Мэргэжлээрээ амжилттай явж байгаа ч хүүхдүүд маань олон байна. Мэргэжлээрээ биш ч улс орондоо хэрэгтэй зүйл хийгээд сайхан явж байгаа шавь нар маань ч олон байна. Шавь нартаа захиж хэлдэг үг маань аливаа зүйлийг сэтгэл гаргаж хийгээрэй л гэдэг дээ. Угаасаа хүсэл сонирхолгүйгээр хийсэн зүйл үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тийм болохоор уран бүтээлд ч тэр, амьдралд ч тэр юманд сэтгэлээсээ хандах их чухал юм шүү гэж л хэлмээр байна. Зураач байна гэдэг насаараа сураад эзэмшээд дуусдаггүй онцлог мэргэжил учраас үнэхээрийн хүсэл сонирхолтой, өөртөө итгэлтэй байж л сайн зураач болно шүү дээ.
Шавь нартаа захиж хэлдэг үг маань аливаа зүйлийг сэтгэл гаргаж хийгээрэй л гэдэг дээ.
-Сайн уран бүтээлээ хийхэд хугацаа их шаарддаг байх. Тэр ч утгаараа хөдөлмөр болон цаг хугацаа их зарцуулсан бүтээл хүнд хүрэхдээ ч илүү байдаг болов уу. Гэтэл та багш хүний, бас гэрийн эзэгтэй хүний энэ олон ажлын хажуугаар уран бүтээлээ туурвиж үнэхээрийн агуу сайхан бүтээлүүдээ бүтээжээ. Та өдий хүртэл хичнээн томоохон бүтээл бүтээсэн бол?
-Багш хүний үүрэг, шавь нараа сайн сургах гэсэн хүсэл маань аль болох их зүйлийг хүүхдүүдээ заахсан, өөрт төрсөн санаа, мэдрэмж, сурсан мэдсэн бүхнээ хүүхдүүддээ сургачихсан гэх үзэлд байдаг. Тэгж их өөрийн уран бүтээлээ үргэлж хийгээд суух цаг бас бага байдаг л даа. Хийх бүтээх зүйл зөндөө байхад хүний амьдрал яасан богинохон байдаг юм бэ гэж бодогддог. Хүний нас хурдан явдаг зүйл шүү дээ. Зураач гэдэг тэтгэвэрт гардаггүй мэргэжил. Одоо ч гэсэн уран бүтээлээ хийж л байна. Зурсан зургуудаа нэг их тоолж байгаагүй ч 400 гаруй томхон бүтээл байдаг даа.
Хийх бүтээх зүйл зөндөө байхад хүний амьдрал яасан богинохон байдаг юм бэ гэж бодогддог.
-Ур ухаан, сэтгэлээ шингээж зурсан бүтээл бүрдээ уран бүтээлчид хайртай байдаг. Таны хувьд хайртай бүтээлээсээ нэрлэвэл та ямар бүтээлээ хэлэх бол?
-Зураад дуусахаар бүтээл бүхэн маань сайхан санагдана. Гэхдээ онцолж хэлэхэд Монгол улсын Ардын жүжигчин, ХХ зууны манлай балетчин агсан хайртай найз Ю.Оюундаа зориулж зурсан бүтээл маань хамгийн их сэтгэлд хүрсэн хайртай бүтээл маань юм даа. Оюун маань үнэхээр мундаг балетчин байсан даа. Үнэхээр л бүжиглэж баймаар их гоё гартай. Оюутан цагаасаа нөхөрлөж явсан сайн найзынхаа дурсгалд зориулж нэг сайхан бүтээл хийж үлдээхсэн гэсэн сэтгэл минь шингэсэн зураг болохоор их хайртай байдаг юм. Бас Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгээ “Зүүдний говь” дуунаас нь сэдэвлэн зурсан зураг, Ардын жүжигчин С.Долгорыгоо “Бодлын цагаан хун” дуунаас нь сэдэвлэн зурсан зургууддаа их хайртай.
Оюутан цагаасаа нөхөрлөж явсан сайн найз Ю.Оюуныхаа дурсгалд зориулсан бүтээлд сэтгэл минь их шингэсэн болохоор илүү хайртай байдаг юм.
-Та энэ сайхан зурагтаа Ю.Оюун гуайн балетийн урлагт үлдээсэн олон сайхан дүрийг мөнхлөн үлдээж чаджээ. Үнэхээр сайхан бүтээл болж. Тэгэхээр уран бүтээлч хүний хувьд уран бүтээлүүдээ бэлэглэх, худалдах зэргээр урлаг сонирхогч, цуглуулагч хүмүүст хүргэхэд юу бодогддог бол?
-Миний зурсан зураг тухайн хүнд сайхан мэдрэмж сэтгэгдэл төрүүлж байна гэхээр баяртай байдаг. Нэг жишээ хэлэхэд Авсрид нэгэн баян гэр бүлийн уран бүтээлчид байдаг юм. Тэр хоёр дэлхийн олон уран зураачдын зургуудыг худалдан авч цуглуулдаг байж л дээ. Сүүлд нь тэдгээр зургуудаараа Австрид очсон урлаг сонирхогч бүр үзмээр тийм сайхан галерейд байгуулж цуглуулгаа дэлгэн тавьсан байдаг. Түүн шиг манай урлаг сонирхогч, цуглуулагч нар маань ч гэсэн хожмоо нэгэн өдөр бас олон хүн үзэхээр тийм сайхан галерейнуудыг улсдаа байгуулаасай гэж хүсдэг. Уран бүтээл маань үеийн үед үлдэж хоцордог гэж бодохоор үнэхээр сайхан шүү.
Уран бүтээл маань үеийн үед үлдэж хоцордог гэж бодохоор үнэхээр сайхан шүү.
-Манайд сүүлийн үед олон сайхан галерей байдаг болжээ. Чадварлаг залуу зураачид ч бас их байх шиг байна. Галерейд ороход хүний сэтгэл нэг л сайхан амирлангуй болох шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Урлаг гэдэг хүнд гоо зүйн боловсрол олгодог том зүйл болов уу. Манайд хүүхдэд багаас нь ийм боловсрол олгож чадаж байгаа болов уу?
-Орчин үед юм бүхэн хөгжөөд сайхан л болж байна. Ур чадвараас гадна шинэ санаа гэдэг урлагт их чухал болж ирж байна. Гоё санаа гаргаж зурдаг залуу зураачид маань гарч ирж байна. Ер нь улс орныг хөгжүүлэхэд хүн болгон өөр өөрийн ажил мэргэжилдээ эзэн болж, дор бүрнээ л хичээж байвал чухал гэж боддог шүү би. Монголчууд маань зөв сайхан дэвжин хөгжөөсэй гэж хүснэ. Улс орны зөв, хүмүүнлэг хөгжилд урлагийн нөлөө их л дээ. Австрид гэхэд цэцэрлэгийн хүүхдүүдийг багаас нь тэр сайхан галерейг үзүүлж, тайлбарлаж өгөөд, хүүхдүүд тэндээ алдарт Ван Гогийн наран цэцгийг дууриаж зураад л, нэг ёсондоо урлагийн хүмүүжлийг их багаас нь олгож байна шүү дээ. Монгол маань ч гэсэн тийм болоосой гэж боддог. Урлагтай, соёлтой хүн чинь гудамжинд хог цаас хаяхгүй, хүнлэг болох, бусадтайгаа зөв боловсон харьцах гээд олон сайн чанарыг эзэмшсэн байдаг.
Улс орны зөв, хүмүүнлэг хөгжилд урлагийн нөлөө их л дээ.
-Та бие даасан болон хамтарсан үзэсгэлэн өөрийн орондоо болон гадаад улсуудад олон гаргаж байв уу. Энэ талаараа ярихгүй юү?
-Бие даасан үзэсгэлэнгээ хоёр удаа гаргаж байсан. Гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн, эмэгтэй зураачдын хамтарсан үзэсгэлэн гээд улсын болон олон улсын олон үзэсгэлэнд оролцож байлаа даа. Саяхан гэхэд Америкийн Нью-Йорк хотын, Японы Фүжи уулын үзэсгэлэнд оролцоод ирсэн.
-Та хэзээ Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн болсон бэ? Энэ шагналыг таны аль нэгэн бүтээлд өгсөн үү эсвэл өдий хүртэл Монголын дүрслэх урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж өгсөн болов уу?
-Надад энэ шагналыг 2012 онд өгсөн юм. Тухайн үеийг хүртэл хийж бүтээж ирсэн бүтээл, бас шавь нартаа зааж сургаж байсан хөдөлмөр зүтгэлийг маань үнэлж өгсөн гэж ойлгодог. Тухайн үедээ биеийн байдал тааруу байсан учраас дараа жил нь шагналаа авч байлаа.
-Таны нөхөр До.Болд гуай бас Монголын шилдэг уран зураачдын нэг. Нэг гэр бүлийн хүмүүс уран бүтээлч байхын давуу тал юу бол?
-Нэг гэрийн хоёр хүн зураач байх сайхан л даа. Хоёулаа нэг нэгэндээ санаа зөвлөмж, урам өгнө. Нэг ижил хүсэл, эрмэлзэл, зорилготой болохоор уран бүтээл дээр санаа нэгдээд сайхан байдаг.
-Таны амьдралдаа баримталдаг философи юу бол?
-Хамгийн түрүүнд аливаа зүйлд хүнлэг хандах ёстой. Эхлээд өөрөө “бие” хүн болж төлөвших нь чухал гэсэн зарчим баримталдаг.
-Цаашдын зорилго хийхээр төлөвлөсөн ажлынхаа төлөвлөгөөнөөс та хуваалцахгүй юу?
-Саяхан гэр бүлээрээ Япон яваад ирсэн. Япон орон, Киото хотын сайхан төрхийг уран бүтээлээрээ илэрхийлэх хүсэл сэтгэлд маань төрсөн. Энэ явсан аялалын талаар хэдэн уран бүтээл хийж байгаа. Удахгүй үзэсгэлэнгээ гарганаа.
-Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Сайхан ярилцлага өгсөнд тань баярлалаа.
Хамгийн түрүүнд аливаа зүйлд хүнлэг хандах ёстой. Эхлээд өөрөө “бие” хүн болж төлөвших нь чухал гэсэн зарчим баримталдаг.