
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яам, "Эдельвайс" зочид буудлын залгаа Улаанбаатар дулааны шугам сүлжээний Төв магистралийн 11ж, 5В шугамууд болон бусад дулаан, цахилгааны инженерийн байгууламж байрладаг нийтийн эзэмшлийн газрыг хотын даргын 2010 оны 333 дугаар захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Сарантуяа, З.Молор-Эрдэнэ нарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Хот байгуулалтын хуулийн 24.1.6, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.12.8 дахь заалтуудыг тус тус зөрчин олгосон байна.
Өнөөдрийн байдлаар дээрх газар нь ямар нэг хэлбэрээр “Сандэй констракшн” компанийн мэдэлд шилжжээ. Дээрх газрын зэрэгцээ мөн нийтийн эзэмшлийн 1200 м2 газрыг хотын даргын 2011 оны 780 дугаар захирамжаар “Мон эрц майнинг” ХХК-д эзэмшүүлжээ.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1208 тоот дүгнэлтээр “Дулаан, цахилгаан, ус хангамжийн найдвартай, хэвийн үйл ажиллагаагаар хангагдах болон аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлж байна” гэж дүгнэжээ.

Нийтийн эзэмшлийн газарт хууль бусаар олгосон зөвшөөрлийг цуцлах тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2014 оны 8-р сарын 14-ны өдрийн А/707 тоот захирамжаар “Сандэй констракшн”, “Мон эрц майнинг” компаниудын эзэмших эрхийг хүчингүй болгож, хотын эзэмшилд авахыг газрын албандаа даалгажээ.
Гэтэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ш.Нарангарав дээрх компанийн эзэдтэй үгсэж, уг захимрамжийг "Эвлэрлийн гэрээ” нэрэн доор Захиргааны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 562 тоот захирамж гаргуулж амжсан болох нь сая илэрч байна.
Ийм шийдвэр гарсан талаар Нийслэлийн засаг даргын тамгын газар болон холбогдох удирдлага нь мэдээлэлгүй сууж байна. Улаанбаатар хотын томоохон хороолол болох 12, 13 дугаар хорооллын дулаан, цэвэр бохир усны болон цахилгааны магистраль шугам дээрх нийтийн эзэмшил жижиг газрыг бусдад ийм замаар дахиж эзэмшүүлж, газрын наймаа хамтарч хийхээр улайрч, Засаг даргынхаа захирамжийг уландаа гишгэн цуцалжээ.
Засаг дарга нь нийслэл хотоо гоё, найрсаг болгохын төлөө зүтгэж байхад түшмэд нь ийнхүү араар нь тавьж, эсэргүүцэж, бас газрын наймаачидтай нэг баг болоод байгааг яах вэ? Газрын наймаачдын гаарлыг хотын захиргааны түшмэд ийнхүү дэмждэг нь мөнөөх авилга мөн биз дээ?
