Дорноговь аймгийн Сайншанд суманд нэгэн шинэ зочид буудал үүд хаалгаа нээлээ. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганбаатар, “Хур говь” зочид буудлын ТУЗ-ын дарга Т.Ганбат, “Хур говь”зочид буудлын ТУЗ-ын гишүүн н.Батсайхан нар оролцож тууз хайчиллаа.
Энэхүү зочид буудал нь нийт 4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтсэн бөгөөд аймаг орон нутгийн зүгээс газрыг үнэгүй шийдэж өгснөөр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа. Төслийг хэрэгжүүлэх явцад давхардсан тоогоор 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажилласан ба бүрэн ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлснээр 22 тогтмол ажлын байр шинээр бий болгожээ.
Дорноговь аймгийн нэгээхэн том бүтээн байгуулалт болох уг зочид буудал нь архитекторын өвөрмөц шийдэл бүхий 5 давхар байгууламж нь 54 ортой 37 өрөөтэй, нэг дор 60 гаруй зочдыг хүлээн авах хүчин чадалтай, бүс нутагтаа томоохонд тооцогдох дээд зэрэглэлийн зочид буудал юм. Өрөө бүрт байнгын халуун, хүйтэн ус, 30 суваг бүхий кабелийн телевиз, утасгүй интернэт, 24 цагийн харуул хамгаалалт, авто машины дулаан граж, ил зогсоолоос гадна үсчин, халуун ус, хими цэвэрлэгээ,кино театр, биллиард гэх мэт үйлчилгээнүүдтэй. Түүнчлэн 100 хүн хүлээн авах хүчин чадалтай ази болон европ хоол бүхий менюгээр үйлчлэх SaintHill ресторан, караоке өрөөнүүд мөн 100 хүний багтаамжтай хурлын танхимтай ажээ.