m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 06:20
1663
А.Фаридаш: Гар хатгамал бидний өв соёлын салшгүй нэгэн хэсэг

Хүн хувцас урлах болсон цагаас хатгамал эхэлсэн түүхтэй. Ардын гар урлалын санг тасралтгүй хөгжүүлж буй үндэстэн бол казах ард түмэн юм. Казах бүсгүйчүүд гарын дүйтэй, оёж хатгахдаа уран учраас үндэснийхээ онцлогт тааруулж, хатгамлын чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж олон бий. Ялангуяа Баян-Өлгий аймагт урлаг болтлоо хөгжүүлсэн байна.

Иймээс “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй “Асыл-Мура кесте” хоршооны үйл явцтай танилцсан юм. Энэхүү хоршоо нь 50-иад ажилтантай бөгөөд сардаа 15 сая хүртэлх төгрөгийн захиалга ирдэг гэнэ.

Хоршооны захирал К.Аким хэлэхдээ “Хатгамал бол казах үндэсний уламжлал юм. Хатгамал урлаж чаддаггүй казах бүсгүй гэж байхгүй. Үүндээ ч их дуртай. Манайх хатгамлаас гадна эсгийн үйлдвэрлэл эрхэлдэг. Учир нь эсгийн дээр хатгамал хийх нь даавуун дээр хийхээс илүү ур чадвар шаарддаг. Үүнийхээ хэрээр илүү гоёмсог болж чаддаг. Анхандаа хүндрэл бэрхшээл их байсан ч бид давж гарч чадсан. Эхлэхдээ төр засгаас ганц ч зээл авч байгаагүй ч 1-15 сая хүртэлх төгрөгийн арилжааны зээлийг хэд хэдэн удаа авч байсан. Харин өнгөрсөн оны сүүлчээр аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан” гэсэн юм.

Мөн “Асыл-Мура кесте” хоршооны үүсгэн байгуулагч, менежер А.Фаридашийг урьж ярилцлаа.

-Анх хэзээнээс хатгамал хийж эхэлсэн бэ. Үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлсэн бэ?

-Компани маань 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Анх эхэлж байхдаа 5-10 ажилтантай байсан бол одоо 50 гаруй болтлоо нэмэгдүүлж чадлаа. Үүнээс долоон хүнийг мэргэшүүлж, мэргэжлийн үнэмлэхтэй болгосон. Ер нь манай аймгийн дийлэнх нь гэртээ ажилгүй байдаг хүмүүс байсан.

-Хатгамал хийхийн сайхан нь юунд оршдог вэ. Хийхэд хэр хэцүү вэ?

-Бид уламжлал, үндэсний соёлоо их дээдэлдэг хүмүүс. Энэ ч утгаараа гар хатгамал бидний өв соёлын салшгүй нэгэн хэсэг юм. Анх хатгаж сурч байгаа хүнд хэцүү л байх. Гэхдээ дасаад ирэхээрээ гарт орчихдог юм. Айлын эзэгтэй бүр охидууддаа багаас нь энэхүү урлалыг зааж өвлүүлдэг.

Энэхүү хоршоо нь 50-иад ажилтантай бөгөөд сардаа 15 сая хүртэлх төгрөгийн захиалга ирдэг гэнэ

-Зүү ороохоос өөр оёдлоор хийдэг үү?

-Үгүй. Зөвхөн зүү ороох хатгамлаар дагнадаг.

-Захиалга хэр их ирдэг вэ?

Энэ жилийн хувьд ажлын ачаалал эрс ихэссэн. Үүнийхээ ч хэрээр захиалга нэмэгдсэн гэж хэлж болно. Ганцхан жилд 17 хүнийг зэрэг шахуу ажилд авсан гэхээр ачаалал хэр их байгаа нь мэдэгдэж байгаа биз дээ.

Одоо хүмүүс тоог бус чанарыг эрхэмлэдэг болсон нь ажиглагдаж байгаа.

-Тэгэхээр хүндрэл бэрхшээл бага гардаг юм байна. Тийм үү?

-Сүүлийн жилүүдэд хүндрэл бэрхшээл гарах нь багассан. Аймгийн удидлагууд биднийг их дэмждэгтэй холбоотой байх гэж бодож байна. Тэгээд 100 хувь гараар хатгаж урласан учраас хүмүүс ч сонирхдог. Өмнө нь “Ийм зүйлийг гараар хатгаж чадахгүй ээ, энэ яг гараар урласан бүтээгдэхүүн мөн үү, эсвэл машинаар оёсон юм биш биз” гэх мэтээр их эргэлздэг байсан бол одоо хүмүүс тоо бус чанарыг эрхэмлэдэг болсон нь ажиглагдаж байгаа.

-Энэхүү хатгамал нь казах ард түмний брэнд болдог гэсэн үг үү?

-Тийм шүү. Бид бага балчир байхаасаа л энэхүү урлагийг эцэг эхээсээ өвлөж сурдаг. Айлын эмэгтэй хүүхэд бүр сурдаг уламжлал өдийг хүртэл хадгалагдаж байна.

-Улаанбаатар хотод худалдаалагддаг гэсэн. Үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?

-Аймгийнхаа хэмжээнд хямдхан худалдаалагддаг. Гэсэн хэдий ч нийслэл хот руу тээвэрлэхэд зардал өндөр тусдаг учир үнэ нь нэмэгдэх тал бий.

-Одоогийн байдлаар нийт хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-Нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хатгамлаар хийж болохгүй гэх зүйл үгүй. Чихрийн тавагнаас эхлээд цүнх, шаахай, утасны гэрийг ч хийж болдгоороо их онцлогтой.

-Бүтээгдэхүүнээ хаашаа нийлүүлдэг вэ?

-Улаанбаатар хотод нийлүүлэхээс гадна заримдаа БНХАУ, Казахстан, Солонгос, Япон улс руу захиалгаар нийлүүлдэг.

-Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал байгаа юу?

-Бэрхшээл байлгүй яахав. Хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд ажлын байрны асуудал ч хэцүү байдаг. Одоо байгаа байранд бүгд багтахгүй болохоор ажилчдын талаас илүү хувь нь гэртээ хатгамал хийгээд бидэнд авчирч өгдөг. Биднийг бага ч болов дэмжээд өгвөл бид үүнээс ч илүүг хийж чадна гэж хэлмээр байна.

-Та бүхний ирээдүйн зорилго юу вэ?

-Үйлдвэрлэл эрхлэгч бүрт ойрын зорилт, төлөвлөгөө зорилт гэж бий. Бид ойрын хугацаанд дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үйлдвэрийн байраа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний дараа ажилчдын тоог 80 буюу түүнээс дээш хүргэх болно.

“Асыл-Мура кесте” хоршооны захирал К.Аким - 99419924