m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.11 07:54
77
Шоронгийн хоригдлоос дэлхийн аварга цолд хүрсэн түүх

Мэргэжлийн бокс ид хүчээ авах жараад оны үед Сонни Листон хэмээх эр шуугиулж явлаа. Түүхэнд тод үлдсэн түүнийг олон зүйл тодотгож байдгийн нэг нь аварга том бие бялдар нь. Сонни ид үедээ 183 см өндөр, 100 кг илүү гарсан жинтэй байсан учир олон хүний зүрхэнд шар ус хуруулдаг байсан юм.

Одоо цагт бол Сонни тийм ч том биетэйд тооцогдохгүй хэдий ч тухайн үед ийм аварга том босчин бараг байгаагүй болохоор олныг айлгах нь аргагүй юм. Мөн урт гар нь түүнийг боксын ертөнцөд амжилт олоход их тус болжээ. Түүнчлэн гэмт хэргийн ертөнцтэй холбогдож, үл бүтэх хүмүүстэй их нөхөрлөдөг байсан гэдэг. Тэр боксын оргилд тун хурдан гарч чадсан азтай хүн хэдий ч 38-хан насандаа хорвоог орхисон нь харамсалтай.

Төмөр торны цаана ухаарлыг олов
Сонни өнөр өтгөн гэр бүлд өсч торнижээ. Тэр 1932 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн бөгөөд 13 хүүхэдтэй айлын 12 дахь нь болон хорвоод мэндэлсэн юм. Түүний бага нас тийм ч атаархмаар байсангүй. Эцэг эх нь хэдэн хүүхдээ тэжээхийн тулд олон цагаар ажиллах боловч авдаг хэд нь гэр бүлээ тэжээхэд бараг хүрэлцэхгүй. Сонни бага наснаасаа эхлэн бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж, эцэг эхийнхээ чихийг халууцуулах боллоо.

Үүний үр дүнд шатахуун түгээгүүрийн газрыг дээрэмдсэн хэргээр цагдаад баригдаж шоронгийн хаалга татав. Энэ бол арьсны өнгөөр ялгаварлах үзэл ид ханхалж байсан Америкийн нийгэмд ердийн үзэгдэл байсан гэхэд болно. Гэтэл буруу зам руу хальтирч, шоронд орсон явдал залуу Соннигийн амьдралыг орвонгоор нь өөрчлөх учиртай байжээ. Түүнийг шоронд байхад нь нэрт дасгалжуулагч Роман Католик залуугийн авьяасыг илрүүлж чадсанаар тэр боксоор хичээллэх боллоо.

Урьд нь хүнд дээрэлхүүлэхгүй гэж ширэн бээлийтэй нөхөрлөж байсан бол энэ удаа жинхэнэ тамирчны ёсоор хичээллэх болжээ. Амжилт ч дорхноо гарч эхлэв. 1952 оны аравдугаар сард сонирхогчийн бокст хөл тавьж, хэд хэдэн тулаан хийв. “Алтан бээлий” зэрэг олон улсын хэдэн тэмцээнд түрүүлсэн ба 1952 оны олимпийн аварга Эд Сандерсийг ялсан тулаанаараа илүү ихийг дуулгах хүү гэдгээ харуулжээ. Энэ нь түүнийг мэргэжлийн рингэнд хүч сорих хэмжээнд ирснийг нотолсон явдал байв.

Аварга цолыг гуядаж авав
Залуу хүчтэн Сонни Листон 1953 оны есдүгээр сарын 2-нд мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийлээ. Сент-Луис хотноо Дон Смит хэмээх эртэй халз тулж нэгдүгээр үед л зүйл дуусгажээ. Үүнээс хойш төдий л нэрд гараагүй боксчидтой тулж, зургаа дараалсан ялалт авав. Харин мэргэжлийн рингэнд орсноос хойш яг нэг жилийн дараа анхны ялагдлаа амслаа. Детройт хотноо болсон тэр тулаанд мань эр Марти Маршаллд оноогоор ялагдсан юм. Боксын хамгийн алдартай залуу одыг буулгаж авсандаа Маршалл ихэд баяртай байсан ч хагас жилийн дараа Сонни хариугаа чангахан авна гэдгийг хэрхэн мэдэх билээ.

1955 оны дөрөвдүгээр сард Сонни Листон-Марти Маршалл нарын хариу тоглолт болов. Ялагдалдаа уурссан Сонни тун хэрцгий тоглож Маршаллыг зургадугаар үед техникийн нокаутаар буулгаж авсан юм. Тоглолтын явцад Маршалл Листоны хүнд цохилтод өртөн дөрвөн удаа унасан гэдэг.
Листон алдар нэрээ эргүүлэн авсан ч дахин шоронгийн хаалга татах нь тэр. Энэ удаа цагдаагийн офицер зодсон учир есөн сар төмөр хаалганы цаанаа суухаар боллоо. Гэхдээ шоронд хүмүүжилтэй байсан учир зургаан сарын дараа суллагджээ.

Листон шоронгоос гарсны дараа улам хүчтэй болсон мэт байлаа. Тэр 1958 онд найман тоглолт хийн бүгдэд нь ялалт байгуулав. Дараа жилүүдэд ч ялалтын цуврал үргэлжилсээр. Ялангуяа хүнд жингийн №1 К.Уильямс, тухайн үеийн шилдэг боксчин Н.Валдес нарыг гуравдугаар үед л жагсаалаас гаргасан байна.

Эцсийн эцэст түүний хүсэл биелж дэлхийн аварга Флойд Паттерсонтой тулалдах тохиролцоонд хүрлээ. Энэ тоглолт Нью-Йорк хотноо болохоор яригдаж байсан ч өөрчлөгдөн Чикагод явагджээ. Энэ үед Сонни дэлхийн аваргаас хол илүү болохоо харуулсан юм. Олимпийн аварга цол хүртэж явсан Паттерсоныг тэрбээр нэгдүгээр үед л хүнд цохилтоор унагажээ. Жилийн дараа тэдний хариу тоглолт болсон ч үр дүн нь мөн ялгаагүй. Өөрөөр хэлбэл Сонни өрсөлдөгчдөө эхний үед хүнд нударгынхаа амтыг мэдрүүлж, шалан дээр хэвтүүлсэн байлаа.

Харамсалтай нь Сонни Листон аварга цолоо удаан хадгалж чадаагүй юм. Ф.Паттерсоныг хоёр дахиа ялснаас хагас жилийн дараа түүнийг Ромын олимпийн аварга, авьяаслаг залуу боксчин Кассиус Клей хүлээж байлаа. Хожим “Ринг” сэтгүүлийн оны шилдэг тулаан хэмээн нэрлэгдсэн энэ тоглолтод Сонни техникийн нокаутаар дийлдсэн юм. Долдугаар үед тэр мөрний гэмтлийн улмаас тулааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ. Гэхдээ яг энэ явдлыг өөрөөр тайлбарлах нь бий.

Шорон оронгоор орж байсан, харгис хэрцгий тоглолттой Сонниг мэргэжлийн боксын ертөнцөөс зайлуулахын тулд албаар ялагдуулсан гэх хүмүүс ч байдаг. Түүнийг ялагдуулахын тулд мафи нөлөөлсөн гэж бас яригддаг аж. Гэхдээ үүний үнэн худлыг өдгөө хэн ч мэдэхгүй. Юутай ч Сонни Листон цол хамгаалах хоёр дахь тоглолтдоо ялагдал хүлээн боксын өндөрлөгөөс унасан билээ.

Гэхдээ бүх зүйл ингээд дуусчихаагүй байв. Учир нь даагаа нэхэх тоглолт түүнийг хүлээж байсан юм. Энэ удаа өнөөх К.Клей нь нэрээ сольж, Мухаммед Али нэртэй болсон байлаа. Сонни Алигаас хариугаа авахыг их хүсч байсан боловч түүний өмнө хүчин мөхөстөх болсноо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байв. Нэгдүгээр үед л тэр Алигийн дайралтыг тогтоож чадалгүй нокаутад орсон юм. Ингэснээр Листоны тамирчны замнал уруудах шатандаа орсон байна. Хэдийгээр дараалсан ялалт байгуулж байсан ч тэр нь нэр хүндээрээ шалихгүй байв. Тэр хамгийн сүүлд 1970 онд Чак Вепнерийг оноогоор ялжээ. Энэ хооронд тэр 54 тулаан хийснээс 50 ялалт байгуулж, дөрөв ялагдсан юм.

Учир битүүлэг үхэл
Сонни Питтсбург хотноо Жорж Чувалотай тоглолт хийх тохиролцоонд хүрээд байлаа. Гэвч энэ тулаан болох учиргүй байж. Тулаан болохоос хэдхэн хоногийн өмнө буюу 1971 оны нэгдүгээр сарын 5-нд түүний эхнэр нь Сонниг Лас Вегас дахь гэртээ нас барсан байхыг олжээ. Тэр үхээд хэд хоносон байсан гэнэ. Сүүлд цогцост шинжилгээ хийсний дараа Сонниг 1970 оны арванхоёрдугаар сарын 30-нд үхсэн гэдгийг тогтоосон байна. Түүнийг үхсэний дараа элдэв сенсаац ар араасаа хөвөрч эхлэв. Задлан хийсэн эмч нарыг Сонниг 38 бус, 41-42 настай байсан гэдгийг тогтоосон нь эхнийн дуулиан байв.

Гэхдээ энэ тийм ч чухал бус тул тэгсгээд намжжээ. Хамгийн гол дуулиан нь түүнийг яаж үхсэн талаарх таамаглалууд байлаа. Цагдаагийнхан Сонни Листоныг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн тул нас барсан гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч үүнд нь эргэлзээтэй зүйл нэлээд байсан юм. Тухайлбал задлан шинжилгээгээр түүний биенээс героин илэрсэн ч энэ нь үхэлд хүргэх хэмжээний их тун биш байжээ.

Тэр амьд ахуйдаа гэмт хэргийн ертөнцтэй үргэлж холбоотой байсан. Эцсийн эцэст үргэлж хамтарч ирсэн мафийнхандаа алуулсан байх гэсэн таамаглал олны дунд илүү дэлгэрсэн юм. Гэвч үүнийг хэн ч баталж чадаагүй. Сонни Листон энэ нууцаа ганцаар хадгалан чимээгүй нойрсчээ.