Засгийн газраас тогтоосон болзолт журмын дагуу Улсын тэргүүний сумыг хоёр жилд нэг удаа шалгаруулдаг бөгөөд энэ удаад баруун бүсээс Ховдын Үенч, Завханы Тэлмэн, Увсын Бөхмөрөн, Баян-Өлгийн Алтай, Говь-Алтайн Баян-Уул гэсэн таван сум өрсөлдсөнөөс Ховд аймгийн Үенч сум улсдаа тэргүүлсэн амжилт үзүүлсэн байна. Улсын тэргүүний сум шалгаруулах баруун бүсийн ажлын хэсэг Үенч сумын ажил байдлын онцлогийг дараах байдлаар тодорхойлжээ.
Гадаад харилцаагаа сайн хөгжүүлж байна /Үенч сум 2012 оноос БНХАУ-ын Алтай аймгийн Чингэл сумтай харилцаа тогтоон эдийн засаг, Худалдаа, ХАА, барилга зэрэг олон салбарт хамтран ажиллахаар төлөвлөөд байна./
Нэг цонхны үйлчилгээ төслийг амжилттай хэрэгжүүлсэн /Монгол Улсын хэмжээнд 5-н сум нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Түүний нэг нь Үенч сум юм/
Эко сум хөтөлбөрийг хэрэгжүүлж ойжуулалт ногоон байгууламжийн ажлууд сайн хийгдсэн /2013 онд Ховд аймаг 160 га талбайд ойжуулалт ногоон байгууламжийг бий болгосон бол Үенч сум дангаараа үүний 100 га-г эзэлж аймагтаа төдийгүй улсад өндрөөр үнэлэгдлээ/
Соёлын үйл ажиллагаа амьд явагддаг /2013 онд Ховд хотноо зохиогдсон соёл сурталчилах өдрүүдэд Үенч сум 100 морин хуурч, 100 биелээчийг нэгэн зэрэг бэлдэж захчин түмний их соёлыг нийтэд сурталчилан таниуллаа/
Цаг бол алт”, “Архи тамхигүй Үенч хүн”, “Гудамж” зэрэг хөтөлбөрүүдийг ИТХ-аар батлуулан үр дүнтэй сайн хэрэгжүүлсэн. /Бүх төрийн албан хаагчид нь яг цагтаа ажилдаа ирдэг, цаг баримтлаагүй ажилчиддаа хариуцлага тооцдог гэх мэт/
ЖДҮ-ийг дэмжих төсөл хөтөлбөрүүд сайн хэрэгжсэн /Жишээ нь Оёдлын үйлдвэр, машин засвар, Тоосгоны үйлдвэр гэх мэт/
Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлсэн /Волейболын спорт өндөр түвшинд хөгжсөн, бүх байгууллагын ажилчид албан хаагчид 7 хоногийн нэг өдөр спортоор хичээллэдэг тодорхой цагтай/
Төрийн албан хаагчид нь төрийн албан хаагчид шиг байна /Бүх ажилчид, албан хаагчид нь энгэрийн тэмдэг, өрөөний хаягжилт, хянах самбартай байна/
Мөн улсын тэргүүний сумаар зүүн болон төвийн бүсээс Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал сумд тус тус шалгарсан байна.