“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд бид энэ удаа Ховд аймгийн “Х.А.Н Жаргалант ховд” хоршоогоор зочиллоо. Энэхүү хоршоо нь мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар нийт 29 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. Ингээд тус хоршооны захирал Д.Бадамрагчаатай ярилцсан юм.
-Яагаад заавал мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх болсон бэ. Үйлдвэрээ анх хэзээ байгуулж байв?
-2004 онд Ховд аймагт хоёр ажилтантайгаар байр түрээслэж үйлдвэрлэлийн гараагаа эхэлсэн. Түүхээс нь товчхон дурдвал, эхнэр бид хоёр 1996 онд Хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг байсан. Үүний дараа 2004 онд Ховдод хиамны цех байхгүй гэдгийг дуулаад анх аймагтаа үйлдвэрээ байгуулсан. Тухайн үед Ховд аймгийн ард иргэд баяр ёслолын үеэр хиамыг үргэлж Улаанбаатар хотоос онгоцоор зөөж хэрэглэдэг байсан.
-Тухайн үед хиамны цех байгуулахад хүмүүс хэрхэн хүлээж авч байв?
-Тэр үед зарим дарга нар эсвэл сургуульд сурч байгаад ирсэн хүмүүс л хиам хэрэглэж байснаас биш хөдөөний малчин ард сайн мэддэггүй байсан. Борлуулалт ч муу байлаа шүү дээ.
-Одоогийн байдлаар нийт хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-29 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнийгээ Ховд аймгийн 16 сумд болоод Баян-Өлгий, Увс аймгийн сумдад нийлүүлж байгаа. Үнийн хувьд ч харьцангуй хямд гэж боддог. Хиамны дундаж үнэ 6000-6500 төгрөгийн үнэтэй зарагддаг.
-Аймгийн зах зээл их боломжийн гэсэн. Борлуулалт ч үүнийхээ хэрээр сайн байдаг байх?
-Сүүлийн үед харьцангуй сайжирсан. Нэг хэсэг хиам их муу нэртэй байлаа шүү дээ. Хамгийн муу махаар хийдэг, амархан мууддаг гэх мэт. Тэгэхэд манайхан гадныхан шиг махыг ангилж зардаггүй шүү дээ. Жишээлбэл, гуяны мах, гол мах гэж ангилахгүйгээр бүхлээр нь худалдаж аваад, машиндаад бүтээгдэхүүн болгодог. Америкийн нэг эрдэмтэн бидэнд долоо хоногийн турш хичээл заасан. Тэрээр манайхыг “Махаа ангилах хэрэгтэй. Ангилсныхаа дараа үлдэгдэл махаар хиамаа хийх хэрэгтэй. Үгүй бол танай хиам маш өртөг ихтэй байна. Маш үнэтэй махаар хийх юм” гэж хэлж байсан. Тэр үед би махыг ангилаад гол чанартай гэсэн махыг өөр зүйл ашиглаад, үлдэгдэл махаар хиам хийвэл өртөг буурах юм байна гэж бодож байсан л даа. Гэхдээ монголчууд эрт үеэс уламжлалт аргаар бүтээгдэхүүн хийж сурсан шүү дээ. Хэрэв ангилсан махаар хиам үйлдвэрлэн түүнийг иргэдэд хэрэглүүлж сургана гэвэл дахиад 5-10 жилийн хугацаа шаардагдах байх.
-Аймагтаа үйлдвэрлэл эрхлэхэд ямар асуудал тулгардаг вэ?
-Зээл тусламжид хамрагдахаар төсөл бичихээр огт хариу ирдэггүй. Эсвэл аймаг, орон нутгаас дэмжигдэхээр банкин дээр очоод гацчихдаг. Тийм болохоор бид тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болвол хувийн шугамаар банкуудаас зээл авдаг. Тэгээд бас бидний одоо ашиглаж буй тоног төхөөрөмжүүд маань хангалтгүй байгаа болохоор дахин төсөл бичиж байгаа.
-Үүнд нийт хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Дор хаяж 400-500 орчим сая төгрөг зарцуулагдах байх. Үүний 20-30 хувийг өөрийн хөрөнгөөс бүрдүүлэх бол үлдсэн хувь нь зээл тусламжаар шийдэгдэнэ.
-Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төр засгаас хэрхэн дэмжиж ажиллах ёстой гэж бодож байна вэ?
-Дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж буй жижиг дунд үйлдвэрлэгчид болон өрхийн үйлдвэрлэлээ сайн дэмжээсэй гэж хүсэж байна. Тэгээд аливаа зээл тусламжид хамрагдах гэхээр шаардлага нь хэт өндөр болчихдог. Эсвэл барьцаа хөрөнгөгүйгээсээ болоод авч чаддаггүй. Тиймээс энэ тал дээр анхаарч үзэх хэрэгтэй.
"Х.А.Н Жаргалант ховд" хоршооны менежер Э.Өлзийхүү
-Аймгийнхаа хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний хэдэн хувийг хангадаг вэ?
-Аймгийнхаа хэмжээнд 80 гаруй хувийг хангадаг гэж боддог. Ер нь баруун таван аймгийн зах зээлийг судлаад үзэхээр Ховд аймагт зах зээл илүү өргөн байгаа нь ажиглагддаг. Үүнийг нэгдүгээрт, энэ чиглэлийн үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж ирсэнтэй холбоотой гэж боддог. Хоёрдугаарт, манайх чанарт их анхаарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хот, хөдөө хоёрын ялгааг арилгахыг зорьсон. Холын баруун аймаг болохоор хэд хонож ирсэн баталгаагүй хүнс хэрэглэхийн оронд өглөө нь үйлдвэрлэгдэж гарсан шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаасай гэсэндээ арав гаруй жил хөдөлмөрлөж ирлээ. Үүнийхээ үр шимийг ч хүртсэн гэж бодож байна. Сүүлийн үед генийн өөрчлөлтүүд их байгаа учраас үр хүүхдүүдээ эрүүл өсөж бойжоосой гэж хүсэж байна даа.
-Боловсон хүчний хувьд ямар байгаа вэ?
-Ажилчдаа аль болох мэргэшүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Хаана л сургалт, семенар болж байна, түүнд 1-2 хүнийг заавал хамруулдаг. Мөн гаднаас багш урьж хичээл заалгадаг. Гэхдээ үүнийг хангалттай гэж бодохгүй байгаа. Цаашдаа ч хамруулсаар байх болно. Учир нь техник технологи асар хурдацтай хөгжиж байна. Үүнийг гүйцэхгүй юмаа гэхэд ядаж хол хоцрохгүй байх хэрэгтэй. Ер нь олон улсын сургалт, семенарт оролцож байхад манай улс мах, махан бүтээгдэхүүнээ уламжлалт аргаар боловсруулж хэрэглэх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.
“Х.А.Н Жаргалант ховд” хоршооны захирал Д.Бадамрагчаа - 99993783, 99093783