Ахмад настан өвөг дээдсийг хүндлэх монгол ёс үеэс үед уламжлагдан төлөвшсөн нандин сайхан соёл юм. Хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх зүйн нэг гол зарчим бол хүүхэд залуучуудыг ахмад үеээ хүндэтгэн, уг сургаалыг сүслэн дагахад анхаардагт оршино. Ахмад үе бол амьдралын туршлага, таньж мэдсэн зүйлээр илүү байдаг. Ер нь хүмүүжлийн нэг гол зорилго бол өмнөх үеийнхээ хуримтлуусан мэдлэгийн сан, амьдралын туршлага, зан заншил ёс суртахууны шилдэг зүйлсийг хүүхэд залуучууд өвлөн авахад чиглүүлдэгтэй уялдан ийм зарчим бий болжээ. Иймд хүүхэд залууст “Хүн ахтай дээл захтай” гэдгийг ойлгуулан “настан олонтой газар нарны туяа тусна” гэж итгүүлж “ахмадын сургаал алт, буурлын үг буян” байдаг учир болсноос ам хур, буурлаас үг сонс гэж сурган “ах нь хэлж дүү нь сонсдог” гэсэн зарчмыг болгон баримталж ирсэн ажээ. Манай ард түмэн ийнхүү сурган хүмүүжүүлэх зарчмаа оновчтой цөөн үгэнд гүн утга шингээн, зүйр цэцэн үгийн хэлбэрээр хүн бүхний ой тойнд ортол ухамсарлуулан цээжлүүлж байжээ. Ахмадыг хүндлэх зарчим нь
Нэгд: Насаар ахмадынх нь хувьд
Хоёрт: Амьдралын мэдлэг туршлагаар илүү байдгийн учир онцолсон болохоос дүүгээ бүү хүндэл гэсэн үг биш юм. “Ахмадаа алд хүндэл” гэсэн үгнээс энэ нь тодорхой харагдаж байна. Ер нь ардын уламжлалт ёсоор бол хүн бүрт үүргийг нь эхэлж ухамсарлуулаад дараа нь эрхийг мэдүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл ахмад үеийнхэнд нь бага балчир үеэ асран хүмүүжүүлэх үүргийг нь хүүхэд залууст бол ахмад үеэ хүндлэн туслах үүргийг нь юуны өмнө ойлгуулдаг байв. Мөн хүн бүр үүргээ урьтал болгон биелүүдэг нь нөгөөгийнхөө эрхийг хүндэтгэсэн хэрэг юм.