m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.27 10:00
177
Дорнод аймгийн нутагт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдал

Дорнод аймгийн нутагт 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар 26 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 19 гэр байшин, 34 хашаа саравч, хоёр тээврийн хэрэгсэл, 739 толгой мал, гурван сая га хээрийн талбай шатаж байгаль экологид 11.4 тэрбум, эд материалд 265,8 сая, түймэр унтраахад шууд зардалд 58,8 сая төгрөг нийт  11,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хохиролын хэмжээ бүрэн гараагүй байна.

Энэ сарын 15-ны өдрийн 09:05 цагт Баян-Уул сумын "Эрээн" 6-р багийн нутаг сумаас баруун хойш Хэрээ голын орчимоор хилийн 828-р тэмдэгтээр ОХУ-аас хил давж түймэр орж ирсэн. Уг түймэр нь Баян-Уул сумын баруун, баруун  урд, баруун хойд, Цагаан-Овоо сумын баруун хойд, баруун талын хэсэг газар нутгийг хамран шатсан. Дархинтын даваа орчимд ойн түймэр асч байна. Салхи хүчтэй баруун хойноосоо 14-17 м/сек байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байна.

Түймрийг унтраахаар Дорнод Аймгийн Онцгой байдлын газар- 39, ОБЕГ Аврах тусгай анги - 36, Нийслэлийн Онцгой байдлын газар - 25, Дорноговь аймгийн О.Б.Газар - 12 Хилийн 0275-р анги– 40 албан хаагч, Баян-Уул сум - 131 хүн, Баян-Уул ойн анги, ойн нөхөрлөл, Байгаль орчны газар-50 хүн нийт 333 хүн, 28 автомашинтай ажиллаж байна.

Мөн энэ сарын 19-ний өдөр Баян-Уул сумын “Ульхан”-ны заставаар ОХУ-аас хил давж түймэр орж ирсэн. Тус газраар ОХУлсаас  2-3 удаагийн давтамжтайгаар түймэр орж ирэн салхи баруун хойноос зүүн урагш чиглэлд 12-16 м/с хүрч унтраах явцад хүндрэл учруулж байна. Түймрийг унтраахаар ОБЕГ Аврах тусгай анги- 20, Нийслэлийн Онцгой байдлын газар- 12, Дорноговь аймгийн О.Б.Газар- 12 Хилийн 0275-р анги– 17 албан хаагч нийт 61 хүн, таван автомашинтай ажиллаж байна.

Мөн 18-ны өдрийн 12:52 цагт Дашбалбар сумын нутаг “Ямлах“-ын заставын чиглэл орчмоор Хилийн 898-р тэмдэгтээр ОХУ-аас хил давж түймэр орж ирсэн. Ямлахын застав нь Дашбалбар сумын “Номинт” IV багийн нутаг, сумаас зүүн хойш 100 км-т, Чулуунхороот сумаас баруун хойш 120 км-т байдаг.

Уг түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газар - 24 албан хаагч, Хилийн 0132 дугаар анги-35 албан хаагч,  Дашбалбар сум -54 хүн, Хилийн 0275 дугаар анги -10 хүн нийт 123 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж 23-ны өдрийн 09:50 цагт бүрэн унтраасан. 

Түүнчлэн 23-ны өдрийн  05:00 цагт Онцгой байдлын газраас ахлах дэслэгч Ц.Отгонхүү, ахлах дэслэгч Б.Цогтбаяр нараар ахлуулсан хоёр бүлэг 25 албан хаагч, хоёр автомашинтай, Хилийн 0275 дугаар ангийн найман албан хаагч, нэг автомашинтай ОХУ, Монгол улсын хилийг хялбаршуулсан аргаар нэвтэрч нутгийн гүнд таван км газар цурав тавих ажлыг зохион байгуулсан.

Мөн энэ сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсын хилийн 1513-1520 дугаар тэмдэгтээр БНХАУ-аас хил даван түймэр орж ирсэнийг Онцгой байдлын газраас нэг албан хаагч, Хилийн 0132 дугаар ангиас 50 албан хаагч, ЗХ-ын 327 дугаар ангиас 94 албан хаагч, Чойбалсан сумаас 16 иргэн, Чулуунхороот сумаас найман иргэн, 17 автомашин, хрёр трактортой ажиллан энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагт түймрийг бүрэн унтраасан.

Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15:50 цагт Чойбалсан сумын “Минжүүр” III багийн нутаг Төмст гэдэг газар түймэр гарсан мэдээ ирсэн. Түймрийг унтраахаар Дорнод Онцгой байдлын газар - 12, ЗХ-ын 0327-р ангиас– 94, Чойбалсан  сум-27 хүн  нийт 133 хүн, 12 автомашинтай ажиллаж 22-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраасан байна.