m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.28 01:00
109
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Япон Улс хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын 23, 24-нд Япон Улсад албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хугацаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид АНТА буюу Бүх Японы аяллын агентуудын холбооны тэргүүн, Японы Либерал ардчилсан намын ерөнхий зөвлөлийн дарга Тошихиро Никай, ЖАТА буюу Японы аяллын агентуудын холбооны тэргүүн Жүнго Кикүма, Японы Аялал жуулчлалын агентлагийн дарга Шигето Күбо, Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч Риоичи Мацүяама нартай уулзалт хийлээ.

Мөн Монголын Аялал жуулчлалын холбооны Япон зөвлөлөөс зохион байгуулсан хоёр орны аялал жуулчлалын байгууллагуудын уулзалтад оролцож, Найрсаг Улаанбаатар хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудыг  танилцуулсан юм.

Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах гэнэ

 

2015 онд Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах, Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Манай улсаас Япон Улсад жилдээ 18 мянган иргэн хувийн хэргээр зорчдог


Манай улсаас Япон Улсад жилдээ 18 мянган иргэн хувийн хэргээр зорчдог бол Япон Улсаас мөн тооны иргэд манай улсад аяладаг байна. Жилд 17 сая иргэд нь гадаадад зорчдог, шууд нислэгтэй, визгүй Япон Улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болов.