Google Map буюу Google газрын зураг нь бидний өдөр тутам хэрэглэдэг газрын зурагтай адил харагддаг хэдий ч агуулж буй мэдээллийнхээ хувьд асар их гэдгээрээ онцгойрч дэлхий дахинд танигдсан билээ. Google Map нь Google-ийн санд байх мэдээллийг хэрэглэгч янз бүрийн сонголтоор хайлт хийх, сонгох, дүрслэх, өөрчлөх, нэр өгөх, өөрийн гэсэн газрын зураг зохиоход хүртэл боломжтойгоор хийсэн үнэгүй газрын зургийн үйлчилгээ юм.
Тэгвэл энэхүү өндөр хүчин чадал бүхий дэлхийд тэргүүлэгч хайлтын систем нь Монгол орны 21 аймгийн бүхий л үзэсгэлэнт газраар зураг авалт хийх бөгөөд анхны зураг авалтаа Дорноговь аймгаас эхэлжээ.
Google Map-д 360 градусын өнцгөөр авдаг 15 камер байдаг бөгөөд нэг камер нь секундэд хоёр кадр авдаг юм байна. Түүнчлэн хэрэглэгч газрын зургаас аяллын маршрутаа хялбархан тодорхойлох боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хаанаас хаа хүрэх вэ гэдгээ авто машин, явган, дугуйгаар явах хувилбар тус бүр дээр сонголт хийж тохируулж болох бөгөөд явах зүг чиг, замын урт, зарцуулах хугацаа зэргийг тодорхойлоод түүнийгээ компьютер, гар утасны дэлгэц дээр хадгалан ашиглах боломжтой юм байна.