Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд Монголын ард түмний 10 хүртэлх хувийг монгол сур харваагаар хичээллүүлэх, соёлын өвийг нийтийн хүртээл болгох уриалга гаргасан. Тэгвэл “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг нум сумны “Сүбээдэй” үйлдвэрийг танилцуулж байна.
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын унаган иргэн, спортын мастер Н.Даваадорж ааваасаа сурсан эрдэм мэдлэг болох нум сум урлах ухааныг 2011 оноос өрхийн үйлдвэрлэл болгон өргөжүүлжээ. Тэрбээр зүгээр нэг нум сум үйлдвэрлэхийг зориогүй бөгөөд түүх, домгийг сүлэлдүүлж бүтээлээ хийхийг боддог нэгэн юм. Энэ ч утгаараа их эзэн Чингис хаан Жамуха андтайгаа анд барилцаж явахдаа харваж явсан Алингар нумыг урлах болжээ. Уг бүтээл нь Өв тээгчийн бүтээлээр бүртгэгдсэн гэнэ. Түүний урласан нумыг халх, буриад, урианхай сурын төрөлд харвадаг харваачид хэрэглэдэг.
Н.Даваадорж ааваасаа сурсан эрдэм мэдлэг болох нум сум урлах ухааныг 2011 оноос өрхийн үйлдвэрлэл болгон өргөжүүлжээ
Чингис хаан Жамуха андтайгаа анд барилцаж явахдаа харваж явсан Алингар нумыг урлах болжээ. Уг бүтээл нь Өв тээгчийн бүтээлээр бүртгэгдсэн
“Сүбээдэй” үйлдвэр нь нум сумаа гар аргаар хийхээс гадна техник технологио өөрсдийн бүтээл урлахдаа тохируулан янзалсан байна.
Алингар нумыг урлахдаа хуванцрын түүхий эдийг, малын ясны гурилтай холин цутгуурын технологиор нум сумны эд анги, бусад дагалдах хэрэгслийг хийдэг эко үйлдвэр юм. Тус нум сумаар 300 метр хүртэлх харвах боломжтой. “Сүбээдэй” үйлдвэр нь сардаа хоёр нум сум гаргах боломжтойгоос гадна бэлэг дурсгалын зүйлсийг баяр ёслолын үеэр худалдаалдаг байна. “Сүбээдэй” үйлдвэрийн захирал Н.Даваадорж бэлэг дурсгал болох нум сум хийсэн арьсан уутан дээрээ үүх түүхээ илэрхийлсэн хаад нарын цэцэн мэргэн үгсийг бичүүлсэн байсан нь сонирхол татсан юм. Тухайн нум сумыг авч байгаа хүн ямар хүчирхэг ард түмэн дэлхийг эзэлж байсныг тус бүтээлээс харах юм хэмээн Н.Даваадорж өгүүлэв.
“Сүбээдэй” үйлдвэр нь сардаа хоёр нум сум гаргах боломжтойгоос гадна бэлэг дурсгалын зүйлсийг баяр ёслолын үеэр худалдаалдаг
Алингар нум сумыг иж бүрнээр нь 300 мянган төгрөгөөр зардаг бол бэлэг дурсгалын зүйлс нь 12000-50000 төгрөгийн хооронд худалдаалагддаг ажээ.
Тус үйлдвэр нь зөвхөн Алингар нумаас гадна эвэр элэгтэй шөрмөсөн артай Болд ширхэгт, Төмөр ширхэгт, Занга, Эвэр элэгт, Оньст нум зэргийг үйлдвэрлэхээр зорьж буйгаа "Сүбээдэй" нум сумны үйлдвэрийн захирал Н.Даваадорж хэлсэн юм.
"Сүбээдэй" нум сумны үйлдвэр холбогдох утас: 88912496, 96664839