Цэлмэг алгуурхан нүдээ нээгээд юу болсныг санах гэж оролдоо. Түүний бие нэг л зовуурьтай даагдахгүй хөндүүр. Хоёр хөл нь ямар нэгэн зүйлд хүлж баглагдсан мэт хөдөлгөөнгүй. Бодвол битүү шохойдсон бололтой. Толгой нь боодолтой эмнэлгийн орон дээр сэрлээ.
Түүнийг нүдээ нээн алгуурхан хөдөлгөх тэрхэн хооронд хэзээ ухаан орохыг нь хүлээн сэтгэлээ чилээж суусан Сарнай баярлаж, догдолсон харцаар түүнийг харж.
-Ашгүй дээ, хань минь, сэрчихвүү. Бие нь яаж байна даа гэж асуунгаа, хамар хацрыг нь зөөлхөн үнслээ. Өөрийгөө ийм байдалтай сэрсэнд гайхаж, шаналсан Цэлмэг Сарнайд хандан,
-Ханиа би яачихсан юм бэ, сайн санахгүй байх чинь,... “цасан шуурга сөрөөд машинтайгаа давхиж явсан, зам дагуу хунгарласан бөөн цас байхаар нь одоо л төв замдаа орох нь дээ гэж бодож явтал, яах ийхийн зуургүй нэг нүх шиг хар юм руу яваад орчихсон, түүнээс цаашихыг нь сайн санадаггүй, хөл минь яачихсан юм бэ, даагдахгүй бас надад мэдрэгдэхгүй байна. Толгой маш их өвдөж байна гэхэд, Сарнай
-За миний хань, тайван байгаарай, эмч чамайг сэрэхээр чинь аль болох тайван байлгаарай гэж хэлсэн. Бүх зүйл сайхан болно оо. Би уг нь чамайг “битгий ан авд яв” гэж зөндөө гуйсан шүү дээ. За одоо энэ тухай яриад ч яах вэ. Хурдхан шиг бие чинь сайжирч л байвал болох нь тэр. Ямар ч байсан чи минь ухаан орлоо. Бид үнэхээр их айж байлаа шүү. Одоо тайван байж эмчилгээгээ л сайн хийлгэх хэрэгтэй. Ээж аав чамайг сахиж, ухаан орохыг чинь хүлээж байгаад саяхан гарцгаасан. Би тэднийг одоохон дуудаад ирье, чи минь тайван хэвтэж байгаарай. Бас эмчид дуулгах хэрэг байна гэсээр үүд рүү яаран ухасхийлээ.
Гаднаас Цэлмэгийн аав Намхай, ээж Бүдээ нар орж ирэв. Тэд хүүгээ ухаан орж сэргэсэнд хязгааргүй баяртай байлаа. Цэлмэг бол айлын ганц хүү. Бага байхаасаа л эрх дураараа өссөн тэрээр ээж аавын ганц эрдэнэ. Тиймдээ ч тэр үү аав ээж түүнийг дураар нь өсгөж, түүний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг байв. Ганц хүү нь санаандгүй байж байгаад ийм их гай зовлон дайрч, аваар осолд орсонд тэдний сэтгэл “урагдан” үймэрцгээж байсан юм.
Эмч Цэлмэгийн гэрийнхэнд “Удахгүй бие нь гайгүй сайжирна аа. Харин хоёр хөлийнх нь гол мэдрэлийн судаснууд маш олон газраа бяцарч, ясны хугаралт дэндүү их байгаа учраас яваандаа суумгай болох магадлал өндөртэй, мөн тархины зөөлөн эдийн гэмтлээс гадна гол судаснуудад нэлээн өөрчлөлт өгсөн болохоор олон жилийн дараа ухаан санаанд нь нөлөөлж, юмыг мартаж санах муу үр дагаврууд гарч ирж магадгүй юм. Энэ талаар одоохондоо өвчтөнд өөрт нь хэлж болохгүй шүү, яваандаа эмчилгээний явцад биеийн байдал хэрхэн байгаагаас шалтгаалаад хэлж болно. Өвчтөнг аль болох тайван байлгаж, эмчилгээнүүдийг нь маш сайн хийлгэх хэрэгтэй гэж зөвлөжээ.
Цэлмэг ээж, аавыгаа орж ирэхийг хараад өндийх гэсэн боловч босож чадсангүй. Намхай, Бүдээ гуай хоёр хүүгээ ээлжлэн үнсээд, аав нь Цэлмэгт хандан,
-Миний хүүгийн царай зүс нь гайгүй байна аа, одоо алзахгүй ээ, ээж аав нь хань чинь дэргэд чинь байна. Тайван байж биеэ сайн бодох хэрэгтэй шүү. Хоёр хөл чинь нэлээн олон газраа бяцарч хугарсан байна гэсэн. Одоохондоо битүү шохойтой байгаа. Тархины зургийг чинь маргаашаас дахиж авна гэж байсан. Хүү минь одоо бүх зүйл ард хоцорсон. Санаа зоволтгүй гэж хэлэхдээ наанаа аль болох тайван байгаа дүр эсгэж байвч, цаанаа, үнэндээ сэтгэл дотроо хүүгээ өрөвдөн өмөрч, дотогшоо цутгах нулимсаа арай гэж барин, зүрх сэтгэл нь шаналан өвдөж байв.
Харин өдөржин, шөнөжин хүүдээ санаа зовж, цурамч хийлгүй хоносон ээжийнхээ ядрангуй царай, бөлцийж хавантсан нүднээс нь урсан гарах хайр энэрлийн нулимсыг хараад Цэлмэг дэмий л сэтгэл зовнин хэвтэхээс өөрийг хийж чадахгүй байв.
Ээж аав, хань ижлээ ийм байдалтай байгааг харсан Цэлмэг “Ямар гай гээч нь намайг дайрчихдаг байна аа, ханийнхаа үгэнд ороод тийшээ явдаггүй л байж. Одоо ингээд өвдөж шаналсан, хэвтрийн байдалтай хэр удахыг бүү мэд, эднийгээ харахад нэлээд удаан л ухаангүй байсан бололтой хэмээн шаналан бодох зуураа, ээждээ хандан цаанаа л бие нь сулавтар байгаа бололтой аяархан дуугаар
-Ээжээ хүү нь гайгүй байна аа, та минь битгий их санаа зовоорой, та хоёр минь намайг сахиад зөндөө их ядарсан байлгүй. Гэртээ харьж жаахан амарч байгаад ирэхгүй юу даа. Сарнай хажууд байгаа юм чинь гайгүй биз гэхэд, ээж нь
-За яах вэ вэ хүү минь, чи л гайгүй болж байвал өвгөн бид хоёрын ядрах яах вэ, ингэсгээд эмчтэй чинь уулзчихаад, гэртээ харьж хүүдээ сайхан цай шөл хийж ирье. Хүүгээ ухаан орсныг хараад сэтгэл жаахан уужирлаа. Одоо миний хүү гайгүй байхаа гэхэд, Цэлмэг,
-Гайгүй биз дээ, та хоёр минь битгий санаа зов доо гэж хэлэнгээ Сарнайд хандан
-Чингүүн, Анужин хоёр хаана байгаа вэ, цэцэрлэгтээ явсан юм уу, хүүхдүүдээ үнсмээр байна гэв, Сарнай,
-Тэр хоёр "аав яасан юм бэ?" гээд сэтгэл нь зовоод байгаа бололтой эмнэлгийн өрөөнд орж ирэх гээд болдоггүй, тэгэхээр нь наашаа авчраагүй, гэрт дүүгээр харуулж байгаа, одоо орой болсон болохоор маргааш өглөө цаад хоёрыг чинь аваад ир гэж хэлье, аавтайгаа уулзах гээд тэсч ядан байгаа гэхэд, Цэлмэг нүүрэндээ үл ялиг инээмсэглэл тодруулснаа,
-Тэгээрэй хө, хүүхдүүдээ санаж байна. Ингэхэд Тулгаа, Мөнхгэрэл хоёр бас цуг явж байсан хүмүүс нь гайгүй гэж эхнэрээсээ асуухад, (Тулгаа Мөнхгэрэл түүнтэй хамт явж байсан найзуудын нэр) Сарнай
-Тэд чиний араас явж байсан болохоор яагаа ч үгүй ээ, зүгээр байна лээ. Чамайг эргэж тойрч байгаад түрүүнд бүгд явцгаасан. Ажлынхан чинь бас найз нөхөд чинь утсаар байна асууж байгаа гэхэд Цэлмэг бие нь жаахан эвгүйрхсэн бололтой хэсэг чимээгүй болсноо “аан тийм үү “ гэж хэлээд,
-Энэ толгой нэг л биш байна аа, аймаар өвдөж байна, бас юм уумаар байна. Хоолой хатаад дотор салгалаад байна гэхэд, Сарнай ,
-Би эмчийг хурдхан дуудаад ирье, үзүүлсэн нь дээр байх, бас сувилагч сая тариа хийх хэрэгтэй гээд байсан гэж хэлэн босох гэтэл тэдний энэ байдлыг мэдсэн мэт эмч сувилагчаа дагуулсаар Цэлмэгийг үзэхээр тасагт нь орж ирлээ.
.........
Харин энэ үед Тэмүүлэнгийнд...........
Цаг нэлээн орой болсон тул Тэмүүлэн зурагт үзэнгээ буйдан дээр хэвтэж байв. Гэнэт утас дуугарах чимээнээр тэрээр “Ийм орой болсон хойно, хэн залгадаг билээ” гэж бодох зуураа утсаа авбал америкаас дуудлага ирж байлаа. Халиунаагийн дуудлага гэдгийг мэдсэн Тэмүүлэн түүнтэй ойрд яриагүй болохоор тухтай ярих санаатай утсаа аван өрөөндөө орж хаалгаа зөөлхөн хаав.
-Байна уу, би Халиунаа байна аа гэхэд Тэмүүлэн,
-Аан за, чи минь сайн уу, ойрд хэл чимээгүй байхаар чинь санаа зовж л байлаа. Тэгээд тэсэхгүй Булганаас чиний тухай асуусан, гайгүй сайн байгаа гэхээр нь санаа жаахан амраад гэхэд , Халиунаа
-Би маш сайн байгаа, бүх зүйл бүтэмжтэй, харин хүү минь хэр байна, танай хэдтэй дасаж байна уу, хүүдээ л их санаа зовох юм. Хаа хамаагүй айлд эцэг эхгүй юм шиг байлгаад гэж бодогдоод болохгүй юм гэхэд, Тэмүүлэн
- Хаа хамаагүй айл биш ээ, би чинь Учиралын аав болсон гэж чамд уг нь зөндөө л хэлсэн дээ,... хүү чинь сайн байгаа. Гурвын гурван эгчтэй хүн алзахгүй шүү дээ гэж хэлэнгээ инээснээ, чамд л харин санаа зовоод байх юм. Тэнд ганцаараа ямаршуухан байгаа бол доо гэж бодогдоод, бас чамайгаа маш их санах юм аа гэхэд, Халиунаа Тэмүүлэнгээс “чамайгаа маш их санаж байна” гэсэн дотно үгс ховорхон сонсдог болоод ч тэр үү, сэтгэлд нь дотно сайхан санагдаж, догдолж тэмүүлсэн өнгөөр,
-Би ч бас чамайгаа маш их санаж байна, хүү та хоёртойгоо хамт байхыг ямар их хүсэж байна вэ, заримдаа “би ер нь заавал эхнэр хүүхэдтэй хүнд л хайртай байх дутуу тавилантай хүн юм байх даа” гэж хүртэл бодогдох юм гэж хэлснээ, утасны цаанаас Тэмүүлэнг юу гэж хэлэх бол гэсэн байртай амьсгаа даран түүний ярихыг хүлээж суув. Тэмүүлэн,
-Уг нь бидэнд боломж байсан шүү дээ, Одоо энийг яриад яах вэ хө. Ямар ч байсан чамдаа маш их хайртай юм байна гэдгээ өдөр ирэх тусам, хол байгаа болоод ч тэрүү бүүр ихээр мэдэрч байна. Цаашид ер нь яах ёстойг ч сайн мэдэхгүй байгаа, чи минь ямар ч байсан биеэ сайн бодож байгаарай, наанаа хэцүү байвал хурдхан хүрээд ирээрэй, хэмээн түүнийг хүсэж санагалзсан сэтгэлээ хэчнээн нуух гээд ч чадалгүй бүгдийг хэлж сэтгэлээ амрааж авав.
Энэ бүгдийг сонссон Халиунаа өнөөдөр ч хамаагүй түүн дээр яаран очиход бэлэн байлаа. Гэсэн ч түүнд төлөвлөн бодсон зүйлүүд их байгаа болохоор нэг хэсэгтээ Монгол явахаа хойшлуулаад байсан юм. Тэдний аль аль нь хэсэг чимээгүй байсны дараа,Тэмүүлэн
-Ингэхэд чиний минь ажил сайн уу, гэж сая л гэнэт ажил төрлийн талаар санасан мэт асуухад, Халиунаа
-Би ажлаасаа гарчихсан, сургуульд сурахаар бүртгүүлсэн байгаа хэмээн цаанаа л баяр жаргалтай хүссэнээ хийж байгаа өөртөө итгэлтэй хүний өнгөөр хэлэхэд, Тэмүүлэн,
-Тийм үү. Ямар сайхан мэдээ вэ, гэхдээ чи минь яаж сурах юм бэ, төлбөр мөнгө чинь болж байгаа юм уу, өөр ажил олоо юу гэж хэлэх зуураа “сургуульд сурахад чамгүй их мөнгө хэрэгтэй, бас ажлаасаа гарсан гэх, энэ арай нөгөө Жэмтэйгээ эргээд нийлсэн юм биш байгаа даа гэсэн нууцхан хардах сэтгэл төрж байв” Халиунаа түүнд хандан,
-Мөнгө төгрөг байгаа, бүүр хангалттай байгаа,... уг нь би чамд эрт хэлье гэж бодож байсан ч зарим асуудлыг цэгцэлчихээд ярья гэж шийдсэн юм. Монголд би орох оронтой болсон. Одоо хүүтэйгээ хамт амьдрахад алзахгүй. Намайг дөрвөн өрөө байр хотын төвд авсан гэж Булган чамд хэлээгүй юм уу, бас энд сургууль гэр хоёрынхоо хооронд явж байхад амар гээд боломжийн машин худалдаж авсан байгаа гэхэд, Тэмүүлэн “ яг л миний бодож байгаа шиг юм болж гэж санаад” цаанаа л хөндий ууртай өнгөөр,
-Би чамайг уг нь тэр Жэмтэйгээ уулзахгүй байгаа гэж бодож байсан юмсан. Чи бүүр мөнгийг нь атгачихсан, ар амьдралаа зохицуулж яваа юм байна. Чиний хувьд болж байгаа болж байгаа бол би юу хэлэх билээ. Анхнаасаа би чамд хэлээд зогсоож чадаагүй юм чинь. Даанч монголдоо ирэхгүй юм уу гэхэд, болоогүй гээд байсан юм. Ийм л учиртай юм байна. Уучлаарай, түүнтэй хамт амьдарч байгаа бол би хүүг чинь чамд өгч чадахгүй шүү гэж хэлэхэд, үүнийг сонссон Халиунаа утасны цаанаас түүнийг шоолох мэт тас тас хөхөрснөө,
-Чи минь буруу ойлгоод байна аа. Тэр Жэм одоо надад ямар ч хамаа байхгүй. Би сугалаанаас маш их мөнгө хожсон юм. Одоо тэгээд мөнгө төгрөгийн асуудалд санаа зовохоо больсон. Хүү та хоёртоо л санаа зовж байна. Ирэх хавар ямар ч байсан та хоёр дээрээ очно оо. Бас монголдоо нэг бизнес эрхлэхээр төлөвлөөд байгаа. Хийх юм, бодох зүйл их байгаа учраас Учирал одоохондоо чамтай хамт байж л байг, би хүүгээ авах гээгүй санаа зоволтгүй. Харин ч хүү минь чамтай хамт байвал надад сайхан байна. Хайртай хүнтэйгээ байнга холбоотой байна шүү дээ гээд инээхэд, түүний яриад байгаа зүйлийг сайн ойлгоогүй Тэмүүлэн,
-Жэмтэй дахиж уулзахгүй байгаа бол сайн л байна, гэхдээ гэнэт мөнгөтэй болсон чинь нэг л санаа зовоочихлоо хэмээн гайхаж, эргэлзсэн өнгөөр хэлэхэд,
-Надад итгэхгүй байгаа бол Анхаа эгчтэй яриарай,... Энри тэр хоёр сайн мэдэж байгаа. Бид хамтдаа явж сугалааг худалдан авч, бас хамт сууж байгаад тохирлыг нь тааруулсан юм. Бас нэг завандаа чи минь Булгантай уулзаадхаарай. Дүү минь яг юу болсон талаар чамд бүгдийг яриад өгнө. Булган угаасаа Учиралтай нэг уулзмаар байна гээд байсан. Хүүг минь дагуулаад очоорой гэв. “Тэрээр Учиралыг дүүтэйгээ уулзуулдаг нь, дүүгээсээ хүүгээ ямаршуухан байдалтай байгааг асууж мэдэх бас нэг шалтгаан байв” гэсэн ч тэр санаагаа Тэмүүлэнд хэлсэнгүй. Тэмүүлэн,
-За тэгвэл би тэгж байгаад Учиралыг дагуулаад Булгантай уулзана аа. Яг үнэнийг хэлэхэд чиний яриад байгаа зүйлийг сайн ойлгохгүй байгаа болохоор Анхаатай ч гэсэн холбогдож ярина аа. Мөнгө төгрөгтэй болсон бол сайхан л байна. Авсан юм, төлөвлөсөн зүйлийг чинь харахад миний төсөөлж байгаагаас ч их мөнгөтэй болсон шинжтэй. Зөв юманд зарцуулаарай, чи минь ухаантай шүү дээ, гэж дуугаа зөөллөн аргадангуй хэлснээ,"ингэхэд нээрээ" .......гээд нэг юм хэлэх гэснээ больчихов. Тэрээр “Цэлмэгийг аваарт ороод ухаангүй байгаа" талаар Халиунаад хэлэх гэснээ больж, үгээ буцаан залгисан нь тэр байлаа. Халиунаа, -
-Юу гэнэ ээ, юм хэлэх гэснээ, больчихов уу даа гэхэд, Тэмүүлэн бага зэрэг түгдчин байснаа.....аа зүгээрээ.... "би чамдаа хайртай шүү" л ...гэх гэсэн юм гэхэд, утасны цаана түүнийг юу хэлэхийг нь хүлээж зогссон Халиунаа,
-Би ч бас чамдаа маш их хайртай үнсье, хэмээн сэтгэл догдлуулан хэллээ. Энэ хоёрыг ийнхүү ярьж байх зуур Тэмүүлэнгийн өрөөний хаалганы цаана нэг зүйл торхийн унах шиг болсонд, Тэмүүлэн гэнэт цочин “арай Жаргал үүдэнд ирчихсэн юм биш байгаа гэж бодсон оо “ санаа зовсон байдлаа Халиунаагаас нуун байж
-За тэгж байгаад хоёулаа ярья даа, жаахан ажилтай болчихлоо, би өөрөө тэгж байгаад нэг завандаа чам руу залгана аа, гэхэд Халиунаа ч бас “ за сайхан амраарай” гэж хэлэнгээ утсаа салгалаа.
Нөхрийгөө утсаа аваад өрөө рүүгээ орохыг нь ажиглаж байсан Жаргал, Халиунаа тэр хоёрын яриаг дутуу хаалттай хаалганы завсраар бүгдийг нь сонсож амжжээ. Тэмүүлэнгийн өөрөөс нь нууж байсан жинхэнэ үнэнийг санамсаргүй олж сонссон тэрээр яах учраа олохгүй, амьсгал нь бачимдан, бухимдаж хорссондоо гар нь салгалж барьж байсан аягаа газар унагасан нь тэр байлаа.
Жаргалын толгой нь дайвалзан эргэж дотор нь давчдахад тэрээр хамгийн ойрхон байгаа хүүхдүүдийнхээ өрөө рүү хурдан орж жаахан тайвшрахаар хэсэг суулаа. Тэмүүлэнд гомдож цөхөрсөн, итгэл алдарч шаналсан сэтгэлийн нулимс нь хоёр хацрыг нь даган чимээгүйхэн урссаар л....