Чехэд болж буй шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Олимпийн аварга Канадын шигшээ энэ даваанд Германы багийг 10:0-ээр бутниргэлээ. Сүүлийн хэдэн жил тогтмол томоохон тэмцээний плей-оффын төлөө тэмцэлдэж, ДАШТ-ий хагас шигшээд хүртэл шалгарсан немцүүдийг ийм олон тооны зөрүүгээр хожигдоно чинээ хэн ч санасангүй. Уг нь Бундестим тоглолтыг муугүй эхлүүлж, эхний найман минутад хоёр ч удаа өрсөлдөгч багийнхаа тоглогчдыг торгуулсан ч хүний давуугаа ашиглаж чадаагүй аж. Хоккейн мэргэжилтнүүд Агч модны навчит орны шигшээг энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэж, 90-ээд оны эхэн үеийн хүчирхэг ЗХУ-ын шигшээтэй зүйрлэж байна. Эхний тоглолтдоо талбайн эздийг буллитаар арайхийн хожсон Шведийн хоккейчид Австрийг 6:1-ээр төвөггүйхэн хожиж, Канадын хамтаар хэсгээ тэргүүлсээр. Тэд тавдугаар тойрогт хоорондоо тоглох хуваарьтай юм.
“В” хэсэгт өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ Словенийг 5:3-аар, АНУ Норвегийг 2:1-ээр, Словак Беларусийг нэмэлт цагт 2:1-ээр тус тус буулган аваад байна.
“А” хэсэг
Канад – Герман 10:0
Швед – Австри 6:1
Франц – Швейцарь 1:3
Канад 6 оноо, Швед 5, Чех, Швейцарь 4, Герман 3, Австри 2, Франц, Латви 0
“В” хэсэг
Словак – Беларусь 2:1 (нэмэлт цаг)
Дани – Финланд 0:3
ОХУ – Словен 5:3
Норвеги – АНУ 1:2
ОХУ, АНУ 6 оноо, Словак, Беларусь 4, Финланд 3, Дани 1, Словен, Норвеги 0