Ази-Европын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс 2016 онд эх орондоо зохион байгуулахаар болсон.
Монгол Улс энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулах асуудалд онцгой ач холбогдол өгч, тус уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулан ажиллаж байна. Уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд тус зөвлөлөөс АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтын бэлэгдлийн уралдааныг 2015 оны гурав сарын 3-наас 31-ний хооронд орон даяар зарлаж нийт 22 оролцогчийн 35 бүтээлээс эхний гурван байрт шалгарсан бүтээлийг танилцуулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Шалгарсан бэлэгдлийг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болон бусад 10 гаруй салбар хуралдаануудын үеэр албан ёсоор байрлуулан ашиглахаас гадна дотооддоо АСЕМ-ийн үйл ажиллагааг таниулах, бэлтгэл ажлын явцыг олон нийтэд сурталчлахад мөн давхар хэрэглэх юм. Арга хэмжээний үеэр АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтын албан ёсны цахим хуудас болох www.asem11.mn хаягийг албан ёсоор нээж буйг зарлалаа.
Ази-Европын уулзалт (Asia-Europe Meeting) буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой 51 орон, хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интеграцийн томоохон үйл явц юм. АСЕМ-ын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт хоёр жил тутам болдог бөгөөд Монгол Улс 2008 оноос энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.