

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн байрны асуудал яригдсаар өдгөө хоёр жил орчим болж байгаа ч өнөөдөр энэхүү акталсан барилгыг шинээр барих нь байтугай буулгаа ч үгүй байна. Манай сурвалжлах баг тус сургуулийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар болон сургуулийн орчин нөхцөлийн талаар сурвалжлахаар очсон юм. Сургуулийн хуучин хашаанд байх өргөтгөлийн байранд сургуулийн удирдлага байрлаж байгаа аж. Хаалгаар ороход коридорт бага ангийн хүүхдүүд суун хичээллэж байлаа. Энэ сургуулийн хувьд хэдий зай талбай багатай ч цэвэр тохилог, эмх журамтай байдал харагдаж байсан юм. Ингээд тус сургуулийн захирал В.Цэцэгээтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу. Танай сургууль өнөөдрийн байдлаар хичээл сургалтын ажлаа хэрхэн явуулж байна вэ?
-Манай сургууль 2013 оны 12 дугаар сараас хойш дөрвөн сургууль дээр тарж хичээллэж байна. Өөрийнхөө өргөтгөл дээр бага ангийн сурагчид, дунд ангийнхан шавь цогцолбор дээр харин ахлах ангийн сурагчид 44,92 дугаар сургуульд тус тус хичээллэж байна. Хэдий ингэж тарчихсан байгаа ч хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Тэгэхдээ хичээлийн байргүй болсноор эцэг эхчүүд, багш сурагчдад маш олон хүндрэлтэй асуудлууд тулгарч байна. Ялангуяа багш нар маань өдөрт 2-3 сургууль дээр очиж хичээл зааж, эцэг эхчүүд мөн л 2-3 сургууль руу хүүхдүүдээ зөөж байна. Сурагчид нэмэлт сургалт авах болон дунд, ахлах ангиудад технологи, гадаад хэл, мэдээллийн хичээлүүд анги байхгүйн улмаас орох боломжгүй болсон. Сургуулийн барилгыг хэзээ барих талаар одоогоор яригдаж л байна. Хэрвээ гэрээний асуудал дээр зөвшилцөлд хүрчихвэл гүйцэтгэлийн ажлыг түргэвчлэх талаар БСШУЯ-наас өнөөдөр мэдээлсэн. Гэхдээ барилгын ажил энэ жил эхэлсэн ч бид дахин нэг хичээлийн жилийг иймэрхүү байдалтай өнгөрөөх нь тодорхой. Тэгэхээр манай байрлаж байгаа сургуулиуд ирэх жил ачааллаа даахгүй гээд биднийг бас хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ авахгүй гэвэл бид өөр хаашаа явах вэ гэхчлэн санаа зовох асуудлууд их байна.

-Энэ жил шинээр элсэн орж байгаа бяцхан сурагчдаа хэрхэн бүртгэж авч байна. Хэчнээн хүүхэд элсүүлэх боломжтой байгаа вэ?
-Манай сургууль энэ жил шинэ хүүхдүүдэд хязгаар тавьж байна. Мөн нөхцөл байдлын улмаас 14 дүгээр хороог манай сургуулийн хамран сургах тойргоос түр салгаж өгөөч гэж хүсэлт тавьсаны дагуу зөвхөн 13 дугаар хорооны хүүхдүүдийг бүртгэж авахаар болсон. Энэ хавар тавдугаар ангийг долоон бүлэг төгсөж байна. Тэгэхээр бид шинээр мөн долоон бүлэг л авах болно. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүүхэд бүртгүүлчихсэн байгаа.

-Энэ том айлын "ээж" нь гэж болохоор хүний хувьд хүүхдүүд, багш нараа олон тийшээ тараасан нь хүндрэлтэй байгаа биз?
-Тэгэлгүй яахав байгууллага гэдэг нэг дээвэр дор байж үйл ажиллагаа хэвийн явуулах ёстой байтал олон газар тарчихаар адаглаад эдийн засгийн хувьд ч хохиролтой байна. Бичиг хэргийн зүйлс принтерийн хор, цэвэрлэгээний материал, засвар үйлчилгээ гэх мэтээр нэг л хуваарилдаг байсан бол одоо энэхүү зардал дөрөв дахин нэмэгдэж байна гэсэн үг юм. Ингэхээр л энэ байргүй байгаа нь сургалт, хүмүүжил, төсөв санхүү гээд бүх талаар хүндрэл үүсгэж байна.
Ингэхээр л энэ байргүй байгаа байдал маань сургалт, хүмүүжил, төсөв санхүү гээд бүх талаар хүндрэл үүсгэж байна.

Бид мөн тус дүүргийн 44 дүгээр сургуульд очиж байдалтай нь танилцлаа. Айлын халаасны өрөөнд амьдарч буй мэт мэдрэмж төрөхөөр тус сургуулийн дөрвөн танхимд14 дүгээр сургуулийн ахлах ангийн 300 хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг байна. Коридорт байх ширээн дээр багш нар нь дараагийн цагаа хүлээн сууж байв. Багш нарын өрөө нь ямар ч агааргүй, цонхгүй битүү учраас бүгчимдээд ярьж, ярьж сөөсөн хоолой нь аргаад хэцүү байдаг учраас ийнхүү гаднаа сууж байна хэмээн настай багш ярьж суулаа. Ингээд тус сургуулийн Ахлах ангийн сургалтын менежер: Н.Пүрэвсүрэнтэй уулзсан юм.
Коридорт байх ширээн дээр багш нар нь дараагийн цагаа хүлээн сууж байв.
-Энд суралцагсад нь төгсөх ангийн сурагчид гэдгээрээ онцлогтой юм. Учир нь төгсөх ангийнхан хичээл сонгож орох ёстой байдаг ч анги танхимын хүртээмжгүй байдлаас болоод энэ талын хичээл хоцрогдож байна. Бид аль болох боломжоороо спорт заалны хажууд нэг жижиг өрөөг тохижуулаад орж байгаа ч арван хүүхдийн багтаамжтай өрөөнд 30 гаруй хүүхдэд хичээл зааж байна.
Өглөө 08.00 цагаас орой 20.00 цаг хүртэл тасралтгүй хичээлтэй байдаг учраас нэмэлт хичээл, сургалт явуулах, соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах ямар ч боломж байдаггүй .
Хуучин байрныхаа зааланд хийх гэхээр хүүхдүүд маш олон удаа нааш цааш явах, хоёр гурван сургууль дээр байгаа хүүхдүүдээ цуглуулах гээд их ажил болдог. Ялангуяа ахлах ангийнхны хувьд янз бүрийн сургалт хүмүүжлийн ажлууд зайлшгүй шаардлагатай ч явуулах боломж үнэхээр бага байна.
Түүнчлэн хүүхдүүдээс гадна багш нар ч бас их ядарч байна. Өдөржингөө хэд хэдэн сургуулийн хооронд нааш цааш явж, хичээлээсээ хоцрохгүйн тулд таксидаж эдийн засаг болоод эрүүл мэндийн хувьд ихээхэн хохирч байна. Багш нараа олон дахин явуулахгүй байх гэхдээ хичээлийн хуваариа ч хэд хэдэн удаа сольж үзлээ. Тэгсэн ч нэг багш өдөрт 3-4 удаа нааш цааш явахаас өөр арга байдаггүй.
Бид боломжоороо сургалтаа тасалдуулахгүй явуулах гэж хагас сайн өдөр хүртэл ажиллаж хүүхдүүддээ давтлага өгч байна. Хуулиараа амрах ёстой ч өөр арга байхгүй учир заасаар л байна. Ингэж ажиллаж байгаа ч ямар нэг нэмэгдэл цалин хөлс авдаггүй.

-Энэ нь сургалтын чанарт хэр нөлөөлж байна. Хүүхдүүдийн ирцийн асуудал ямар байдаг вэ?
-Үнэндээ сургалтын чанар муудаагүй ч өссөн үзүүлэлт алга. Хүүхдүүдийн ирц үнэхээр хэцүү болсон. Ялангуяа өвлийн улиралд унаанаасаа хоцорчихсон. Эсвэл унааны мөнгөгүй гээд ирэхгүй байх тохиолдол их гардаг. Хүүхдүүд , багш нар ч их өвдөж байна.
Жишээ нь бид нарын сууж байгаа өрөө гэхэд ямар ч агааржуулалт байхгүй, энэ жижиг өрөөнд амраад суух боломж байхгүй болохоор коридортоо сууж байна. 44 дүгээр сургуулийн хувьд ч гэсэн манай сургуулийн энэ байдлаас болоод гурван ээлжээр хичээллэдэг болсон. Хүүхдүүд нь жил ирэх бүр нэмэгдээд байдаг. Эндээс үүдээд ганц 14 дүгээр сургууль ч биш бүхэл бүтэн гурван сургуулийн багш, ажилчид болон хүүхдүүдийн эрх зөрчигдөөд байна гэв.
Бид тус сургуулийн хүүхдүүдтэй уулзаж ярилцлаа.

Х.Номин-Эрдэнэ: Манай гэр сургуулиас хол байдаг учраас ирж очих хэцүү. Тэгэхдээ тэрнээс илүү хэцүү зүйл бас байна. Хичээлээ тараад нэмэлт давтлага, сургуулиас гадуур ажилд тэр бүр хамрагдаж чадахгүй байх юм. Бас энэ жижигхэн коридорт үнэхээр хөдөлгөөн хоригдоод бачимдмаар байдаг.

Н.Мөнгөнбагана: Мэдээж хэцүү байна. Хамгийн наад зах нь гэхэд бид нар энэ сургуулийн хогийн цэг дээр хог хаях боломжгүй учраас цэвэрлэгээ хийсний дараа хогоо аваад гэр лүүгээ явдаг. Энэ нь хэдий гаднаасаа энгийн зүйл шиг боловч сэтгэл зүйн хувьд онцгүй мэдрэмж төрдөг. Бид удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа. Гэтэл сургуулиас гадуурх ажил тэр бүр зохион байгуулж чаддаггүй. Тийм болохоор бидний ахлах сургуулийн дурсамж тэр хэрээр бага байх болно. Айлын халаасны өрөөний амьдралаар дунд сургуулиа дүүргэж байгаадаа үнэхээр гомдолтой л байна.
Айлын халаасны өрөөний амьдралаар дунд сургуулиа дүүргэж байгаадаа үнэхээр гомдолтой л байна.

У.Дөлгөөн: Бид ахлах ангид сурдаг. Гэтэл өдөр хичээл ордог учраас ямар нэг хичээлээс гадуурх ажилд хамрагдаж чаддаггүй. Бид нийлж нэгдээд ямар нэг ажил хийх, клубууд үйл ажиллагаа явуулах боломжгүй, зөвхөн хичээлдээ л явж байна. Өөрөөр хэлбэл бидэнд хөгжих ямар ч боломж байхгүй байна.

О.Нямсүрэн: Би өмнө нь хичээлээ тараад дүүгээ аваад харьдаг байсан бол одоо надад тараад дүүгээ авах ямар ч боломж байхгүй учраас ээж, аав маань бас ажлаа хийхэд хүндрэлтэй болж байгаа юм. Мөн дүү нарынхаа тарах цагийг хүлээх хугацаанд гэмт хэрэгт өртөх, дээрэлхүүлэх, зодуулах явдал ч гарч байна.
Мөн дүү нарынхаа тарах цагийг хүлээх хугацаанд гэмт хэрэгт өртөх, дээрэлхүүлэх, зодуулах явдал ч гарч байна.

Тус сургуулийн хүүхдүүд “Улс орны хэмжээнд биш гэхэд бид нийслэлийн дүүрэгт харьяалагддаг сургууль гэдэг утгаараа хотын дарга маань хогны уут тарааж байхаар биднийг сургуультай болгож болоогүй юм уу" хэмээн асууж байлаа. Мөн тэд, “Ядаж тэр сургуулийг буулгачихаасай. Тэгвэл бидэнд хэзээ нэг өдөр шинэ сургууль баригдаж эхлэнэ дээ гэх итгэл төрнө. Өнөөдөр бидэнд нураагаа ч үгүй сургуулийг хурдан ашиглалтанд ороосой гэж хэлэхэд хэцүү байна. Бид эрүүл, аюулгүй орчинд сурч, амьдрах эрхээ эдэлмээр байна. Биднийг халаасны өрөөнөөс гаргаад өгөөч” хэмээн дуу нэгтэй хэлж байлаа.
“Ядаж тэр сургуулийг буулгачихаасай. Тэгвэл бидэнд хэзээ нэг өдөр шинэ сургууль баригдаж эхлэнэ дээ гэх итгэл төрнө.
Тэгвэл эцэг эхчүүд “Одоо мөдхөн хүүхдүүд маань сургуулиа төгсөх гэж байдаг. Гэтэл ахлах ангийн хүүхдүүд өдөр орж байгаа нь хичээлээс гадуур сургалтад хамрагдах гэхээр цаг нь таардаггүй. Мөн өвөл их оройтож тарж байгаа нь аливаа эрсдлийг дагуулдаг. Одоо бол ажил хийх ямар ч боломж алга .Өмнө нь ахлах ангийн эгч нь бага ангид сурдаг дүүгээ зөөгөөд байдаг байсан бол одоо өөр, өөр сургууль дээр байна. Тийм учраас дунд ангийн хүүхдээ нэг сургуулиас бага ангийн хүүхдээ бас өөр сургуулиас тэгээд өвөл бол ахлах ангид сурдаг хүүхдээ ч тосож авахгүй бол осолтой. Тэгэхлээр үндсэндээ хүүхдүүдээ сургуулиас нь авах гээд ажил хийх ямар ч боломжгүй болсон” гэж байлаа.
Бидний дараагийн зорьж очсон газар бол БСШУЯ байлаа. Тус яамны Хөрөнгө оруулалт төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяраас энэ талаар тодруулсан юм.

-14 дүгээр сургуулийн барилгыг шинэчилж барих асуудал яг ямар шатандаа явж байгаа талаар танилцуулаач?
-2013 онд Засгийн газрын 317 дугаар тогтоолоор энэ барилгыг концессын жагсаалтад оруулж барья гэж шийдвэрлэсэн. Тэрний дагуу энэ сарын 4-нд Засгийн газрын хурлаар орж концессын гэрээ нь батлагдах шатандаа явж байна.
Хугацаа алдсан шалтгаан гэвэл хөрөнгө оруулагч олох тал дээр хэцүү байсан. Учир нь концессын гэрээ гэдэг 3-5 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө бага багаар эргүүлэн олж авдаг болохоор тэр бүр хөрөнгө оруулагч олддоггүй. Нөгөө талаар нэгэнт хувийн хэвшлийг оролцуулж байгаа учраас зөвхөн барилгын хувьд биш сургалтын тоног төхөөрөмж, техник технологи гээд иж бүрэн шинэчилж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт жишиг сургууль болгоё, өмнө нь байсан сургуулийн багтаамжийг нэмэгдүүлэх зэргээр өөрчилж шинэчлэх зүйл олон байсан учраас хоёр компанитай гэрээ хийж болох юм байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан. Одоо эцсийн байдлаар гэрээгээ боловсруулаад барилгыг буулгах төсөв, зураг төслийг бүгдийг бэлдээд Засгийн газарт санал оруулаад байна.
Учир нь концессын гэрээ гэдэг 3-5 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө бага багаар эргүүлэн олж авдаг болохоор тэр бүр хөрөнгө оруулагч олддоггүй.
Гэрээ батлагдвал энэ сарын 20-оос эхлэн барилгаа буулгах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Ер нь энэ 14 дүгээр сургуультай холбоотой асуудал бол гэнэтийн асуудал байсан. Учир нь таазны шавар жаахан унасан гээд л МХЕГ-аас хаах дүгнэлт гаргачихсан учраас төсөв, төлөвлөгөөнд огт дурдагдаагүй байсан асуудал босч ирсэн. Ингээд ядаж зураг төсөл ч үгүй байсан барилгыг зураг төсөлтэй болгох, багтаамжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байсан учраас зургийг нь л гэхэд 2-3 удаа шинэчилж, өөрчилж гаргасан.
-Гэрээ батлагдвал барилгын ажил хэзээ дуусах бол?
-Бид гэрээ батлагдаад ажил эхлэх болвол аль болох хурдан буюу нэг жилийн дотор дуусгах хүсэлтийг тавьж байгаа.
Засгийн газраас болон УИХ-ын гишүүдийн зүгээс боловсролын салбарын барилгын ажлыг шийдэх тал дээр маш их анхаарал тавьж байгаа. Хэдий тийм ч өөрсдөө гаргаад барих төсөв санхүүгийн боломж муу байгаа учраас энэ асуудал дээр хугацаа алдсан.
Ер нь БСШУ-ны яамнаас жил бүр хаана ямар сургуулийн барилгыг шинэчлэх, барих, засварлах гэхчлэн төлөвлөгөө гаргаж ажилладаг. Энэ тал дээр харин МХЕГ-тай сайн ойлголцож хамтран ажиллах шаардлагатай байна. Яагаад гэвэл зарим нэг сургууль, цэцэрлэгийг шууд буулга, нураа гэхээсээ илүү засвар үйлчилгээ хийх, хэсэгчлэн ашиглах боломж нөхцлийг нь судалж үзээд ядаж 2-3 жил ашиглах боломж нөхцөлийг бас харгалзан үзэж байхгүй бол гэнэт л томоохон хэмжээний барилга байшин барих болдог. Төсөвт хөрөнгө мөнгө байхгүйгээс ажил удааширч дунд нь хүүхэд, иргэд хохирч үлдээд байна. Тэгэхдээ үнэхээр буулгахаас аргагүй барилга дээр бол тэд өөрийн дүгнэлтээ гаргах ёстой л доо.
-Үүнээс гадна хэд хэдэн сургуулийн барилгын ажил яригдаж байгаа шүү дээ. Хэдийгээр дуусах бол?
-Гуравдугаар сургуулийн барилгын ажил энэ намар найман сард ашиглалтанд бүрэн орж, ирэх хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээн авах болно. Энэ сургуулийн хувьд хэдийгээр өргөтгөлийг 960 хүүхдийн суудалтайгаар хийж байгаа ч хамгийн багадаа 1050 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, сургуулийн гадна талбайн хэмжээг хуучин байсан хэвээр нь үлдээж байгаа. Өөрөөр хэлбэл машины зогсоол, ногоон байгууламж зэрэг сургуулийн орчны талбай яг хэвээрээ үлдэнэ. Харин 11 дүгээр сургуулийн барилгын ажил эхлээд явж байна. Өмнө нь 180 хүүхэд хичээллэх боломжтой байсан бол одоо шинэ барилга ашиглалтанд орсноор 480 хүүхэд суралцах боломжтой болно. Тус сургууль ирэх 2016 оны хавар гэхэд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа.


Улс орны хамгийн том баялаг газар доорх эрдэнэс, гоё ганган хот суурин, түүхийн үнэтэй дурсгал биш юм. Харин хүн, тэр дундаа хүүхэд бол улс орны хамгийн үнэт зүйл байх ёстой. Тэгэхээр бид хүүхдүүдэдээ алтан загас үлдээх гэж газар дэлхийгээ онгичиж биш загасаа барих аргыг нь заадаг боловсролын байгууллагтаа илүү их хөрөнгө хүч зарах ёстой баймаар.
