m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.05 23:17
238
Дорнодчуудын спортын II наадам өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн уугуул, харьяат иргэдийн дунд Дорнодчуудын спортын II их наадмыг зохион байгууллаа. МҮОНТВ-ийн спортын албаны дарга, спортын сэтгүүлч Д.Батжаргалын санаачилгаар анх 2013 онд зохиогдож байсан тус наадам хоёр дахь удаагаа зохиогдсон нь энэ. Наадмын шатрын тэмцээн дөрөвдүгээр сарын 19-нд монгол туургатны “Урамтай шатар” клуб дээр болж, 30 орчим тамирчин ухаанаа уралдуулжээ. Харин дөрөвдүгээр 26-нд “Буянт Ухаа” спортын ордонд ширээний теннис, волейбол, 27-нд сагсан бөмбөгийн тэмцээн болсон юм.

Тэмцээнийг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар 15 сая, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа 2 сая, нутгийн зөвлөлийн дэд тэргүүн, “Хан Шувалдай” группийн захирлын П.Гэрэлбаатар 1 сая, аймгийн хурц арслан Г.Отгонбаатар захиралтай “Үйзэн тал” ХХК, Монгол Улсын алдарт уяач Б.Цэндбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар тус бүр 500 мянга, “Сүү” ХК-ийн автобаазын дарга А.Алтансүх 300 мянган төгрөгөөр, “Арвайн үндэс” компани 1 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнээр, “Golden Gym” клуб эрхийн бичгээр ивээн тэтгэж оролцжээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун шатрын тэмцээнийг хариуцаж, 1 сая 500 мянган төгрөгөөр спонсорлосон байна.

Сагсан бөмбөг, волейболын тэмцээний эрэгтэй, эмэгтэй насны ангилал бүрийн эхний гурван байрт 150-500 мянга, шатар, ширээний теннисний ангилал бүрийн медальтнуудад 50-150 мянган төгрөгийн шагнал олгожээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатартай манай сурвалжлагч ярилцжээ.    

-Үндэсний телевизийн спортын албаны дарга Д.Батжаргалын үүсгэл санаачилгаар анх дорнодчуудын спортыг их наадмыг зохиосон түүхтэй. Батжаа маань өөрөө Дорнод аймгийн Булган сумын харьяат залуу байгаа юм. Хүнийг ойртуулж нөхөрлүүлдэг, эрүүл мэндийн боловсрол олгодог сайхан зүйл бол спорт. Үүгээр дамжуулж дорнодчууд бие биенээ хүндэтгэдэг, хайрладаг байгаасай гэж хүсч энэ наадмыг зохиох болсон. Өнөө жилийн наадмыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс голлон ивээн тэтгэж, зохион байгуулсан. Нээлтийн үйл ажиллагаа, багуудын хувцаслалт, тэмцээндээ хүндэтгэлтэй хандсан байдал гээд маш сайхан, зохион байгуулалттай арга хэмжээ боллоо. Зөвхөн нийслэлд байгаа дорнодчууд гэлтгүй Эрдэнэт, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт амьдарч байгаа хүмүүс, тэрчлэн Дорнод аймгаас олон баг ирж оролцлоо.

Наадмыг залуусын голчлон сонирхдог, оролддог сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис , шатрын төрлүүдээр зохиосон. Ялангуяа шатраар бол Дорнод аймаг Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Саяхан нэг сонин дээр шатар судлаач Цэрэнчимэд гэдэг хүний шатар Дорнод аймгийн Булган сумаас үүссэн гэдгийг тодорхойлсон нийтлэл гарсан байна лээ. Үүнийг нотлох нэг зүйл бол Монгол Улсад зохиогдсон анхны нийтийн шатар, монгол шатрын тэмцээнд Булган сумын харьяат Ёндон-Осор гуай түрүүлж байсан баримт юм. Тэрбээр түрүүлснийхээ дараа “Нийтийн шатар гэдэг чинь монгол шатар юм байна” гэж хэлсэн байдаг юм билээ. Энэ бол монголчууд шатрыг эртнээс тоглож ирсний баталгаа. Бас шатрын анхны спартакиадад мөн л Булган сумын харьяат, Тээврийн яамны анхны сайд Д.Намсрай гуай түрүүлж, ууган мастер болж байсан гэдэг. Түүний араас Жүгдэр, Пүрэвжав гэсэн хоёр мастер төрсөн. Өөрөөр хэлбэл нэг сумаас дөрвөн мастер төрсөн гэсэн үг. Наадмын ихэнх төрлүүд нэг дор буюу “Буянт Ухаа” спортын ордонд болсноороо онцлогтой байлаа.

-Нутгийн зөвлөл спортоос өөр ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Миний бие нутгийн зөвлөлийн даргын ажлыг 2014 оны аравдугаар сард хүлээж авсан. Хүмүүсийн дунд нутгийн зөвлөл гэхээр л билет шахдаг, зөвхөн спорт, урлагийнхныг дэмждэг гэсэн ойлголт байдаг. Энэ явцуу хэлбэрийг халж, өргөн цар хүрээтэй ажиллая, хүний хөгжлийг дэмжсэн хандлагатай болгоё гэж бодсон. Ингээд бид Дорнод аймгаас төрд ажиллаж байгаа хүмүүстэй, бизнес эрхлэгчидтэй, спорт, урлагийнхантай тус тусад нь уулзсан. Төрийн бус байгууллага болохынхоо хувьд нутгийн зөвлөлөө стандартын дагуу зохион байгуулж, тэргүүлэгч гишүүдээ сум бүрээс сонгож, дэд дарга нартай болсон. Манай гол зорилго бол Дорнодын иргэн гэсэн үнэлэмжийг бий болгоё. Дорнодынхон хэзээ ч, хаана ч хэлсэндээ хүрдэг байцгаая. Ийм үнэлэмжийг бий болгосон тохиолдолд дорнодчууд маань хаана ч ажил төрөлтэй, хаана ч газардахгүй байна гэсэн үг.

-Цаашид хийх ажлынхаа зах зухаас сонирхуулбал?

-Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн уриа бол “Хүчирхэг Дорнодын төлөө хамтдаа” гэсэн уриа. Ийм уриа бүхий тэмдэг хийлгэсэн. Уг тэмдгийг төрсөн нутаг усныхаа төлөө сэтгэл гаргаж байгаа, хөрөнгө оруулалт хийж буй хүмүүст хүндэтгэл болгон өгөх юм. Мөн буриад зон олны ажилсаг хөдөлмөрч байдлыг бэлгэшээсэн тэмдгийг гаргасан. Сэцэн хан аймаг, Дорнод аймгийнхан хэзээнээс Монголын нийгэмд гарч байсан хувьсгалуудын манлайлагч нь байсан. Үүнийг төлөөлж Манлайбаатар Дамдинсүрэнгийн тэмдгийг гаргасан. Түүнчлэн спортыг төлөөлж боксын тэмдэг гаргасан. Дорнодчууд нударган зодоон, боксын уламжлалтай ард түмэн. Дээр үед Шилэн Дамдин зэрэг нударган зодоонд гарамгай сайн эрс байсан гэдэг.

Улс орны хөгжил сумдын хөгжлөөс эхэлнэ. Хэд хэдэн сум нийлж хөгжиж байж аймаг хөгжинө. Хэд хэдэн аймаг нийлж, бүс хөгжинө. Бүсийн хөгжлөөс улсын хөгжил шалтгаална. Өнгөрсөн жил Булган сумын 90 жилийн ойгоор сумандаа цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Яг л өндөр хөгжилтэй оронд байдаг шиг гэрэлтүүлэгтэй, шөнө орой ч амарч зугаалж болохоор тийм сайхан цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Энэ хүрээлэндээ шатрын хөшөөг босгосон.

Дорнодчууд бид юугаараа бахархах ёстой вэ. Монгол Улсыг НҮБ-ын индэр дээрээс анх тунхагласан Дондогийн Цэгмид гуайгаараа, Халх голын дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зогсож байсан ард түмнээрээ, Монгол Улсын анхны төрийн дууллыг бичсэн Цэндийн Дамдинсүрэн гуайгаараа, төр шашныг хослуулан удирдаж байсан аж ахуйн агуу хүн То вангаараа, Улаанбаатар хотын анхны захирагч, Дорнодын уугуул Моононгийн Баяр гуайгаараа, Монгол банкны анхны дарга Дасрангийн Балган гуайгаараа, шүхрээр анх буусан Загдхорлоо гэдэг эмэгтэйгээрээ, эх оронч Гэндэн гуайгаараа, Бурхантын хөндийгөөрөө бахархах ёстой.  

-Эцэст нь та өөрийнхөө тухай манай уншигчдад танилцуулахгүй юу?

Сэцэн хан аймаг бол өвөг дээдсийн минь амьдарч байсан, аавын минь төрж өссөн өлгий нутаг. Миний аав төр нийгмийн зүтгэлтэн Алтангэрэлийн Дашнамжил Дорнод аймагт анхны номын санг үүсгэн байгуулсан хүн. Манай удмын Дугар заан 1811 оны даншиг наадамд үзүүрлэж байсан гэдэг юм билээ. Булган суманд Зааны зааны худаг гэж байдаг. Түүний ач Сэцэн хааны хүрэн буу Бадрах гэж мэргэн харваач хүн байсан гэдэг. Өвөг дээдэс минь эрийн гурван наадмыг манлайлж тэргүүлдэг байсан бол өвөөгөөс маань эхлээд бичгийн хүмүүс болсон.

Миний хувьд өмнө нь Булган сумын нутгийн зөвлөлийн даргаар дөрвөн жил ажиллаж байсан. Хүүхэд байхдаа хөнгөн атлетикийн хамгийн ойрын зай 60 метрт уралдаж, ширээний теннис, хөлбөмбөг, сагсан тоглодог хүүхэд байсан. 17 настайдаа аймгийнхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, сагсан бөмбөгийн УАШТ-д оролцож байсан. Тэр ч утгаараа спортыг нэлээд дэмждэг. Хожим Сангийн яамны Тамгын газрын дарга байхдаа Спортын төв ордны их засварт зориулж, 120 сая төгрөг шийдэхэд гар бие оролцож байсан.

-Танд баярлалаа

                                                             ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Сагсан бөмбөг

Эрэгтэй 30 хүртэлх нас: 1.Sharks 2.Маршал 3.Эрчим
Эрэгтэй 31-40 нас: 1.1999-2000 оны төгсөлт 2.1993 оны төгсөлт 3.East 96
Эрэгтэй 41-50 нас: 1.Чойбалсан хот 2.Хос өргөө 3.1989-1990 оны төгсөлт
Эрэгтэй 51-ээс дээш нас: 1.Дорнод 5 2.Ялалт 3.1980 оны төгсөлт

Эмэгтэй 30 хүртэлх нас: 1.1-р сургууль 2.Жүржийн талст 3.8-р сургууль
Эмэгтэй 31-45 нас: 1.Эрдэнэт 2.East 96 3.Гастелло 1990 он 
Эмэгтэй 46-гаас дээш нас: 1.Улз 2.Хэрлэн 3.31

 

Волейбол

Эрэгтэй 30 хүртэлх нас: 1.Дорнод эрчим хүчний систем ХХК 2.Шинэ хөгжил 1 3.Шинэ хөгжил 2
Эрэгтэй 31-40 нас: 1.Шинэ хөгжил 2.1997 оны төгсөлт 3.1996 оны төгсөлт
Эрэгтэй 41-50 нас: 1.Хос өргөө 2.Чойболсан хот 3.1987 оны 10г анги
Эрэгтэй 51-ээс дээш нас: 1.Эрдэнэт 2.Наранбулаг 3.Дорнод 5

Эмэгтэй 30 хүртэлх нас: 1.Жүржийн талст 2.1-р сургууль 3.Шинэ хөгжил
Эмэгтэй 31-45 нас: 1.1997 оны төгсөлт 2.1-р сургуулийн багш нар 3.Эрдэнэт

 

Ширээний теннис 

Эрэгтэй 30 хүртэлх нас: 1.Э.Баянмөнх 2.Б.Одбаяр 3.М.Мөнхбат

Эрэгтэй 31-40 нас: 1.Ж.Мөнхбат 2.Д.Баттүшиг 3.Л.Батсайхан

Эрэгтэй 41-50 нас: 1.Б.Санал 2.Д.Түвшинжаргал 3.Ж.Батжаргал

Эрэгтэй 51-ээс дээш нас: 1.С.Ганхуяг 2.Д.Батжаргал 3.П.Түвшинжаргал

Эмэгтэй 30 хүртэлх нас: 1.М.Учрал 2.Э.Эрдэнэцэцэг 3.Э.Хэрлэн

Эмэгтэй 31-45 нас: 1.Б.Уранчимэг 2.Д.Ариунтуяа 3.Г.Гүнжинлхам

Эмэгтэй 46-гаас дээш нас: 1.П.Хажидмаа 2.Н.Туул 3.Д.Магадсайхан

 

Шатар

Эрэгтэй: 1.Дүүрэнжаргал 2.Билгүүн 3.Содбилэгт
Эмэгтэй: 1.Батчимэг 2.Энхбат 

Эрэгтэй 40-өөс дээш нас: 1.Идэрзанаа 2.Балжинням 3.Түмэнбаяр
Өндөр зэрэглэл: 1.Ариунболд 2.Мэндбаяр 3.Цагаанхүү, Өсөхбаяр