МХЕГ, НМХГ-ын хамтарсан хүнсний аюулгүй байдлыг хангуулах "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны нээлт Эрх чөлөөний талбайд болов.
Уг арга хэмжээнд дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсүүд, явуулын лаборатори, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.
"Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны хүрээнд 30 гаруй ажлыг хийхээр төлөвлөснөөс дийлэнх нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг эрсдэлээс сэргийлэх чиглэлийн хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах, сургалт, сурталчилгааны ажил байх юм байна.
2, 4 кодтой хуванцар савыг зөвхөн нэг удаа хэрэглэнэ гэж заасан байдаг
Эхний ээлжинд хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгын зөрчлийг арилгахад чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Иргэд мэдлэг мэдээлэл дутуугаас нэг удаагийн болон химийн бодис хадгалж байсан хуванцар савыг ундны ус сүү сүүн бүтээгдэхүүн хийдэг. Иймд мэргэжлийн хяналтын байгууллага уг аяны хүрээнд иргэдэд ямар хуванцар сав хэрэглэх талаар зөвлөгөө өгч байсан юм. Ингээд МХЕГ-ын Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
"Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны нээлт Эрх чөлөөний талбайд болов
-Хүнсний зориулалтаар ямар хуванцар савыг хэрэглэж болох вэ?
-Сүүлийн үед гэр хорооллын болон хөдөө орон нутгийн айл бүр зориулалтын бус хуванцар сав хэрэглэх болсон. Хилээр арьс ширний үйлдвэрлэл зориулагдсан хими бодис, эмнэлгийн зориулалтаар хэрэглэх бодис агуулсан хуванцар савнууд орж ирдэг. Уг савыг иргэд ундны ус, айраг, сүүгээ хийх болсон. Хуванцар савны доод хэсэгт гурвалжин тэмдэг дотор код тэмдэглэгдсэн байдаг. Хүнсний зориулалттай хуванцар сав бол 1, 5 гэсэн кодтой бөгөөд уг саванд хүнсний зүйлс хийхэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Харин 2, 4 кодтой хуванцар савыг зөвхөн нэг удаа хэрэглэнэ гэж заасан байдаг. Өнгөрсөн жил “Нарантуул” захад зарагдаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийж үзэхэд шингэн зүйлийг удаан хадгалах тусам химийн урвал явагдаж байсан.
Хүнсний чанар, аюулгүй байдлын асуудлыг зөвхөн хүнс үйлдвэрлэгч, импортлогчиддоо хяналт тавихаас гадна иргэд өөрсдөө алхам тутамдаа аюулгүй хүнсийг хэрхэн таньж хэрэглэх талаар суралцах шаардлагатай ажээ.