Эрхэм хүндэт Эрдэнэтчүүдээ, ахмад дайчидаа !
Манай хотод ажиллаж амьдарч байгаа Оросын Холбооны Улсын болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын иргэд ээ!
Та бүхэнд Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.
Зөвлөлтийн ард түмний Эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22 –нд манай улсын төр засгийн удирдлагууд Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан юм. Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болсон.
Монголын ард түмэн дайны фронтоос 6-7 мянган км алслагдсан гүн ар талд бүхий л бололцоогоо дайчлан хөдөлмөрлөж, Улаан армид туслах олон хэлбэрийн ажлыг өрнүүлсэний дүнд нийтдээ тэр үеийн ханшаар 435.0 сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл ба З00 орчим кг алтыг биетээр өгч, улсаас тогтоосон үнээр фронтод зориулан 485,0 мянган толгой агт морьд худалдаж, 32,5 мянган толгой шилдэг хүлгийг бэлэглэжээ.
Дөрвөн жил гаруй үргэлжилсэн Эх орны дайны үед манай улс, ЗХУ-тай ямагт хамт байж, нийтийн ялалтын төлөө чадах бүхнээ зориулсан түүхтэй. Монголын ард түмний энэхүү тусламж нь Зөвлөлтийн ард түмэнд санаа сэтгэлийн дэмжлэг болж, Улаан цэргийн ялалтанд зохих үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Нөгөө талаар энэхүү тусламж дэмжлэг нь хүн төрөлхтний дайсан болж байсан фашизмыг ялахад Монголын ард түмнээс оруулсан хувь нэмэр, Зөвлөлтийн ард түмэнтэй хамт ялалт байгуулсны нэгэн илэрхийлэл болох нь дамжиггүй.
Эрхэм хүндэт ахмад дайчидаа!
Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавъяа байгуулж, амь насаа зориулсан Монгол-Зөвлөлтийн дайчид, түүнчлэн өдгөөг хүртэл бидэнд үлгэр дууриал, амьд түүх болж яваа азай буурал ахмад дайчид Та бүхэндээ аймгийн ИТХ, Засаг дарга, Эрдэнэтчүүдийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлье. Эх орны дайн, Чөлөөлөх дайнаас гэртээ буцаж ирээгүй Монгол –Орос цэрэг эрсийн гэгээн дурсгал Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд хадгалагдан үлдэх учиртай.
Эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт оруулсан үе үеийн цэрэг эрсийн гавъяа, сэтгэл зүрх ард түмний дунд улам бүр алдаршиж байна. Тийм ч учраас ахмад дайчиддаа үзүүлэх хүндэтгэл, халамж манай төр засгийн анхаарлын төвд явж ирсэн уламжлалтай.
Ажил, амьдралын арвин баялаг туршлагаа ,залгамж хойч үедээ өвлүүлэн, төр, түмэн олондоо түшиг тулгуур болж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг ахмад дайчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монгол-Оросын ах, дүүгийн энэ түүхэн холбоо, хамтын ажиллагаа маань нийгмийн бүхий л салбарт үеийн үед өртөөлөн олон зууныг дамжин өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Хорвоо дэлхий хотол олноороо энх амгалан, элэг бүтэн, тайван сайхан амьдрах болтугай.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
С. ДАНГААСҮРЭН Б. МЯГМАРСҮРЭН