m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.10 23:47
265
Болгар улсын Ерөнхийлөгч төрийн гурван өндөрлөгт өнөөдөр бараалхана

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өчигдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ. Эрхэм Ерөнхийлөгчийг “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү тэргүүтэй албаны хүмүүс угтан авчээ. 


Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өчигдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн

Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой. Өнөөдөр албан ёсны айлчлал эхэлж,  хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ. Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхах юм. Түүнчлэн хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулах бөгөөд айлчлал энэ сарын 13-нд дуусна.