

Алтанхуягийн Мөрөн бол Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин. Сонирхолтой нь тэрбээр сошиал медиагийн туслалцаатайгаар хилийн чанадад тоглох гэрээг анх үзэглэсэн гэдэг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны долоо хоног тутмын “The FIFA Weekly” сэтгүүл дээр гарсан түүний тухай нэгэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Алтанхуягийн Мөрөн. 1989 оны есдүгээр сарын 21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Довтлогч, жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог.
Тоглож байсан багууд:
2013-2014 Краби (Тайланд)
2014 Сатун Юнайтед (Тайланд)
2015 Maчвa (Серб)
Монголын шигшээд 12 тоглолт хийж, 2 гоол оруулсан.
Тэрбээр ийн ярьж байна. Би 12 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Мэдээж бусад хүүхдийн адил алдартай, мэргэжлийн тоглогч болохыг мөрөөддөг байлаа. Харин Монголд ийм боломж бараг байхгүй гэхэд болно. Манайд хөлбөмбөг тоглох нөхцөл бололцоо, дэд бүтэц маш муу хөгжсөн. Бүр үндэсний шигшээ багийнхан хүртэл жилийн турш бэлтгэлтэй байж чаддаггүй гээд бод доо.

Монголын хөлбөмбөгчдөөс анхлан мэргэжлийн гэрээ байгуулж, хилийн чанадад тоглох болсноороо би бахархдаг. Саяхан Сербийн II дивизионы “Мачва” багтай нэг жил тоглох тохиролцоонд хүрлээ. Тус багийн ерөнхийлөгч, “Франц 98” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Югославын шигшээ багийн хаалгачаар тоглож байсан Ивица Краль надтай эргэлзэлгүй гэрээ байгуулсан. Учир нь тэр миний хэдэн долоо хоног бэлтгэл хийсэн “BSK Borca” багийн дасгалжуулагч Драган Аничичаас нэлээд мэдээлэл авсан юм билээ.
Тайландын “Краби”-д тоглож байсан үетэй харьцуулахад Сербид тун амархан дасан зохицох шинжтэй
Энэ хооронд миний япон агент Серб, Хорватын хэд хэдэн багтай холбоо тогтоож, Youtube-д байршуулсан миний видео бичлэгийг илгээсэн гэдэг. Хэрвээ энэ хүн байгаагүй бол би хэзээ ч мэргэжлийн тоглогч болж чадахгүй байсан биз ээ. Тэр миний шигшээ багтаа тоглож буй бичлэгийг минь хараад 2012 онд надтай фэйсбүүкээр анх холбоо тогтоосон юм. Тэр үед би АНУ-д спортын менежментийн чиглэлээр суралцахын зэрэгцээ Миссури коллежид хөлбөмбөг тоглодог байв.
“Мачва”-д хамтран зүтгэж буй нигери залууг эс тооцвол би багийнхаа ганц гадаад тоглогч нь. Үнэндээ багийнхан маань Монгол гэж хаана, ямар улс байдгийг бараг мэдэхгүй. Хэдий тийм ч Тайландын “Краби”-д тоглож байсан үетэй харьцуулахад Сербид тун амархан дасан зохицох шинжтэй. Эндхийн цаг агаар, хоол хүнс нь Монголтой ойролцоо. Тайландын халуун ногоотой, далайн гаралтай хоолонд идээшиж чаддаггүй байсан. Ер нь монголчууд ийм хоол идэж чаддаггүй. Түүнчлэн цаг агаар хэтэрхий халуун бөгчим учраас эхэндээ үргэлж шөрмөс татах.

“Мачва”-тай гэрээ байгуулангуутаа шууд шигшээдээ тоглохоор Монгол руу яаран ниссэн. “World Cup 2018”-ын урьдчилсан шатны эхний даваанд Зүүн Тимортой тоглох оноолт таарсан юм. Харамсалтай нь бид хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1:5-аар ялагдсан. Нутагтаа болсон хариу тоглолтод гурваас дээш бөмбөгний зөрүүтэй хожсон бол дараагийн шатанд үлдэх боломж байлаа. Хөгжөөн дэмжигчид надаас, хөлбөмбөгчдөөсөө үүнийг л хүсч, шаардаж байлаа. Санаа байвч ихэвчлэн бразилчуудаас бүрдсэн Зүүн Тиморын хүчтэй багийн эсрэг юу ч хийж чадаагүй. Монголын хөлбөмбөг сонирхогчид Үндэсний лигийн тэмцээнээ төдийлэн сонирхдоггүй мөртлөө шигшээ багийнхаа тоглолтод ихээхэн ач холбогдол өгдөг. Тийм ч учраас энэ тоглолтын тасалбар маш богинохон хугацаанд борлогдсон гэж сонссон юм байна.
Миний гол зорилго бол Европын аль нэгэн хүчтэй лигт тоглох. Зорилгоо биелүүлэхэд хурд, ур чадвар минь хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Тоглолтыг уншиж, ойлгох чадвар, тактикийн тоглолтоо сайжруулбал амжилтад хүрэх боломжтой гэж боддог.
