m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.11 07:04
86
Ц.Цогтбаяр: Манай "Алтан үе"-ийнхэн дуугараад эхлээч ээ

Чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ Катарын Доха хотноо тав хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Манайхан энэ тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа зургаад жагссан юм.

Гэхдээ манай бөхчүүд тэмцээнд хэрхэн барилдаж, ямар медаль авснаас илүү гурван тамирчин визний асуудлаас болж оролцож чадалгүй буцаж, багш нар оронд нь барилдсан явдал олны анхаарлын төвд байлаа. Өчигдөр эрэгтэй баг “Чингис хаан” нисэх буудалд газардах үеэр шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяртай уулзаж ярилцав. Цогтбаяр гавьяатын хувьд холбооны хариуцлагагүй байдалд сэтгэл дундуур байгаагаа нуусангүй. Түүний юу ярьсныг сонирхуулья.

-Энэ жилийн Азийн АШТ нэлээд адал явдалтай болж өндөрлөлөө. Эрэгтэй баг гурван гишүүн нь байхгүй ч багаараа дөрөвт орлоо. Дасгалжуулагч нь шавь нарынхаа өмнөөс барилдлаа. Гурван тамирчин хуурамч визний асуудлаас болж тэмцээнд оролцож чадсангүй. Энэ тал дээр та бүхэн ямар мэдээлэлтэй байсан бэ?

-Бид тэмцээн эхлэхээс сарын өмнө эхний мэдүүлгээ явуулдаг л даа. Үүний дагуу жин бүрт 1-2 тамирчныхаа нэрийг явуулсан. Гэтэл гурван тамирчны маань виз гарахгүй, бид арваад хоногийн өмнөөс хөөцөлдөж эхэлсэн юм. Тэгээд тэмцээнд явахын өмнөх өдөр бэлтгэл хийж байх үед холбооноос утасдаад “Үлдсэн гурван хүний чинь виз гарсан шүү” гэж хэлсэн л дээ. Тамирчдынхаа визийг аваад үзэхэд овог нэр гээд бүх юм нь таарч байна. Ямар ч асуудалгүй гэж бодоод бид нар очсон, гэтэл хоёрыг маань Дубайд үлдээсэн. Д.Хүдэрбулга бид нартай Доха хүртэл хамт явсан юм. Ингээд Доха дээр очтол Хүдэрбулгыг бас үлдээх асуудал гарлаа. Ч.Насанбат эмч, бид хоёр очоод асуухад “Танай бөхчүүд хуурамч визтэй ирсэн байна. Нууц кодыг нь хийхэд бүх юм зөрөөд байна” гэсэн. Энэ хүнийхээ мөнгийг нь төлөөд ч хамаагүй аваад орж болох уу гэхэд “Хуурамч визтэй, хууль зөрчсөн учраас тийм боломж байхгүй ээ. Харин ч шоронд орохгүй салвал их юм” гэсэн. Тэгээд нөгөө хэдийгээ үлдээгээд цаашаа явсан даа. Визний мэдүүлгээ хоцроож явуулсан бол хил дээр очоод дахин виз хүсч болдог юм байна л даа. Харин анхнаасаа хуурамч визтэй очсон учраас гэмт хэрэгтэн гэж үзээд хорихоос өөр аргагүй болдог юм билээ. 

-Хил дээр саатуулагдсан тамирчид маань ирээд бидний төлөө Монголын чөлөөт бөхийн холбоо юу ч хийсэнгүй гэсэн. Холбооны зүгээс яагаад ийм алдаа гаргав аа. Б.Баяраа багш сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ бол анхны алдаа биш. Өмнө нь ч ийм асуудал гарч байсан” гэдгийг хэлсэн...

-Тэр үнэн л дээ. Одоо болохгүй бүтэхгүй байгаа юмыг хэлж, ярьж арга хэмжээ авах л хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд бид олон зүйл дээр тэсч, чимээгүй явсан. Ний нуугүй хэлэхэд холбооны зүгээс эрэгтэй баг, тэр тусмаа надтай харьцаж байгаа харьцаа хүйтэн, хөндий байдаг. Бусадтай нь инээж харьцаад, харин намайг ална, тална гэж л харьцдаг байсан.

-Та Д.Дагвадорж аваргыг хэлж байна уу?

-Дагвадорж аваргыг ч хэлж байна, бусад нөхдийг ч хэлж байна. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэдэг. Ийм бүдүүлэг дарамт надад удаа дараа тохиолдож байгаа. Ийм зүйл ярьсны дараа над руу маш их дайралт ирэхийг мэдэж байна. Гэхдээ чөлөөт бөхтэй хувь заяагаа холбож, энэ спортоор амьдралаа залгуулж яваа хүний хувьд энэ олон залуусыг цаашдаа ийм байдлаар битгий хохироосой гэж бодсоны үндсэн дээр ярьж байгаа юм.

Чөлөөт бөхийн холбоо бол маш бүдүүлэг. Ийм заваан алдаа удаа дараа гаргаж байна. Тэмцээнд явахаас гурав хоногийн өмнө “Мэргэжлийн зөвлөл байгууллаа. Одоо зөвлөлөөр Азийн аваргад явах багийн асуудлыг шийднэ” гээд шал дэмий гурав дөрвөн цаг хуралдаж байгаа юм. Тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө багийн бүрэлдэхүүнийг шийднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгсэн хэрнээ хоёр, гурван хүний визийг зүгээр гаргаад өгч чадахгүй. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд би өөрөө л бүх юмаа хөөцөлддөг байсан юм шүү.

Хэвлэл мэдээллээр МЧБХ-ны тухай байнга гардаг. Холбоо мундаг байна, Д.Дагвадорж ирээд сэхээлээ, амьдрууллаа гэж яриад байгаа. Энэ бол шал худлаа. Бид гурван жил шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахдаа улсын төсвөөр л хэдэн тамирчнаа арай гэж тэмцээнд оруулдаг байсан. Холбоо энэ хугацаанд гурван хүнийг л Азербайжаны тэмцээнд явуулсан. Бусдаар бол эрэгтэй багт нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. Харин ч улсаас гаргаж өгсөн зардал дээр шүүгч, албаны гэсэн нэрийн дор маш олон хүнийг тэмцээнд явуулж байсан. Тэгээд ичихгүй, холбоо хөрөнгө мөнгөө олоод мундаг амжилт гаргаж байна гэж ярьдаг. Тамирчдаа нэгдсэн цугларалтад гаргая, тэмцээнд оруулья гэж олон удаа хүсэлт гаргаж байсан ч дандаа мөнгөгүй гэдэг. Ажил хийх ямар ч чадамжгүй холбоо болсон нь эндээс харагдаж байгаа юм. Ганцхан жилийн хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргаа дөрвөн удаа солино гэдэг юу гэсэн үг вэ.

Манай алтан үеийн, мөнгөн үеийн мундаг бөхчүүд одоо л дуугарах ёстой. Дагвадорж, Сумъяабазар гэдэг нөхдөөс айгаад байдаг юм уу, хэдэн жил чимээгүй явлаа шүү дээ

Явж ороод уулзахаар нэг л ярвайсан хүмүүс сууж байна. Та нарын өмнөөс ажилласаар байгаад ядарлаа, энэ бөхөөс залхаж байна гэсэн хүмүүс. Залхаад байгаа бол явах л хэрэгтэй шүү дээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй. Манай алтан үеийн, мөнгөн үеийн мундаг бөхчүүд одоо л дуугарах ёстой. Дагвадорж, Сумъяабазар гэдэг нөхдөөс айгаад байдаг юм уу, хэдэн жил чимээгүй явлаа шүү дээ. Холбооны хурал социализмын үеийг санагдуулам болсон. Дагвадорж нь үг хэлнэ, бусад нь алга ташаад л сууж байна. Яг Ардчилсан Солонгос шиг. Одоо энийг болих хэрэгтэй.

Би 30 гаруй жил чөлөөт бөхтэй холбоотой байлаа. Ийм дампуу, ийм дээрэнгүй юмтай таарч үзээгүй. Бид хэр баргийн юмыг тэсч гарсан. Одоо хэмжээ нь боллоо.

-Үлдсэн тамирчдынхаа өмнөөс Б.Батбаяр, Л.Энхбаяр багш та гурав жин дээр зогсч, дэвжээнд гарсан. Харин Дагвадорж аварга болохоор би дээгүүр хөөцөлдөөд асуудлыг зохицууллаа, одоо ДАШТ-д оролцоход санаа зовохооргүй боллоо гээд байдаг. Үнэхээр дээгүүрээ хөөцөлдөөд яриад шийдчихсэн юм бол та нар дэвжээнд гарах хэрэг байсан юм уу?

-Би ч гэсэн анх Ерөнхийлөгч Дагвадорж дээгүүр хөөцөлдөөд ямар ч асуудалгүй бүтээж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл сүүлдээ болохоо больсон. Тэгээд багш нар хоорондоо ярилцаад ямар ч байсан жин дээр зогсож, сугалаанд орох ёстой юм байна гэж үзсэн. Үнэндээ ичмээр шүү дээ. Би 45 хүрсэн хүн. Тэр олон багш, тамирчдын өмнө элэг доог боллоо шүү дээ. Яахав, миний үеийн багш нар таарчихаад “Чи сайн байна” гэж байгаа юм. Харин бусад нь арай ч дээ гээд халаглаж байна. Гэдэс гүзээгээ унжуулсан хөгшчүүд дэвжээнд гараад арай л утгагүй байхгүй юу. Онигоо гэж энийг л хэлнэ.

-Уг нь Доха, Дубайн хооронд ганцхан цаг нисээд очно. Холбооны удирдлагууд яагаад энэ хооронд нисч, саатуулагдсан тамирчинтайгаа уулзаж, асуудлыг зохицуулж болсонгүй вэ?

-Яагаад ингээгүйг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ бол чөлөөт бөхийн холбоо ажиллах чадваргүй болсныг л харуулж байгаа юм. Биднийг баг авснаас хойш Г.Мандахнаран олон жил тасраад байсан дэлхийн аваргын медалийг авчирлаа. Өнгөрсөн жил Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар ДАШТ-ээс медаль авч, Д.Хүдэрбулга Азийн аварга боллоо. Ийм амжилт гаргалаа гээд холбоо яаж дэмжсэн юм бэ? Хүний урманд мянган төгрөг ч гар дээр нь тавиагүй шүү дээ. Бусад холбоод амжилт гаргасан тамирчдаа хангалттай шагнаж байна. Гэтэл МЧБХ-ны удирдлагууд эмэгтэй бөхчүүдээ гурван өрөө байр, машинаар шагнаад эрчүүдээ орхичихсон. Яагаад эрчүүдээ арван мянган цаасаар шагнаж болохгүй гэж. Энэ бол алаг үзсэн байдал хэтэрснийг л харуулж байна. Хэрэв би хүнийг үндэслэлгүй гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ энэ хэдэн хүүхдийн төлөө хэлэхээс өөр арга алга.

-Тэмцээний үеэр энэ асуудлыг багш, тамирчид, холбооны удирдлагууд ярилцсан уу. Та бүхэнд ямар тайлбар өгч байна?

-Холбооны зүгээс бидэнтэй нэг ч уулзаагүй. Б.Төмөрбаатар гэдэг шүүгч холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай. Тэр нөхөр Дубай дээр манай дөрөвтэй таараад “Та нарын тухай сонссон” гэчихээд хаяад явсан байгаа юм. Холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч хүн шүү дээ. Ийм бүдүүлэг юмнуудыг эртхэн зайлуулах хэрэгтэй. Арай дэндүү сэтгэлгүй байна шүү дээ.

Эцэст нь би дахиад хэлье. Тэр алтан үеийнхэн дуугараад эхлээч ээ. Би өнөөдөр Дагвадорж гэдэг хүнийг буруутгаж, муулахдаа биш ээ. Харин дандаа буруу мэдээлэл өгдөг, дандаа худлаа магтдаг хүмүүс л эцэст нь энэ хүүхдийг алаад хаялаа шүү дээ. Ялангяа Ч.Дамдиншарав багш, Ц.Нацагдорж багш, Б.Болд багш аа, та нар боль. Худлаа хөөргөж ярьсаар байгаад энэ хүнийг байж суух газаргүй болголоо. Би Дагвадоржийг өрөвдөж байна. Зүгээр сайхан сүмогийн аваргаараа явж байгаа хүнийг дундуур нь орж ирж авчраад ийм муухай юмтай хутгачихсан. Тэгээд өөрсдөө ард нь чив чимээгүй. Энэ хүмүүс болиоч ээ гэж л хэлмээр байна.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин