m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.13 05:33
586
Хонхны баяр тэмдэглэхгүй байх захирамж гарчээ

Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд хандаж байгаа иргэдийн дийлэнх нь төгсөлтийн баяртай холбоотойгоор сурагчид, эцэг, эхчүүдээс мөнгө хураадаг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Тус асуудлыг шийдвэрлэх зорилгоор цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, ерөнхий боловсролын сургуулийн 1, 5, 9 дүгээр анги төгсөгчдийн хүрээнд төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг энэ хичээлийн жилд хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн төгсөлтийн баярыг боловсролын баримт бичиг гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа болгон зургаадугаад сарын 10-15-ны өдөр зохион байгуулахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

Эцэг, эхийн зөвлөлийн зохион байгуулалттайгаар төгсөлтийн арга хэмжээ нэрийн дор сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгөн болон бусад хэлбэрийн хандив, тусламж авахгүй байх, сурагчдын дунд хөдөө хээр, амралт зуслан, цэнгээний газруудад нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг зохион байгуулахгүй байх энэ төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Боловсрол, соёлын газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.