“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн талаар Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Энэ нь тус салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байгаа гэсэн юм.
Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн холбоодын төлөөллийн байр суурийг сонслоо.
“Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны тэргүүн Т.Баярсайхан
- Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой холбоотой хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Гэхдээ миний хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь манай салбартай холбоотой буюу арьс шир, ноос ноолуурыг хагас боловсруулж экспортолно гэсэн бодлого явж байна. Харин бид хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолохоос илүү нэмүүн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаднын зах зээлд нийлүүлэх хэрэгтэй. Жишээ нь, бид мах экспортлоно хэмээн ярьдаг. Гэтэл дотоодынхоо махны хэрэгцээг хангаж чадахгүй байж мах экспортлох талаар яримааргүй байна. Харин махаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Нэмүүн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаднын зах зээлд нийлүүлэх хэрэгтэй
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
- Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болох гэж байгаад талархаж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г төлөөлөж энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцлоо. Төрөөс баримтлах хөтөлбөрүүдийг хэд хэдэн удаа баталсан ч хэрэгждэггүй. Учир нь сүүлийн 25 жилийн хугацаанд аж үйлдвэрийн бодлого суларсан. Мөн хоорондоо уялдаа холбоогүй ажилласнаас салбарын зарим ажлууд хаягдсан нь ажиглагдлаа. Тиймээс өнөөдөр төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах нэгдсэн бодлогыг 2030 он хүртэл тав, таван жилийн мөчлөгтэйгөөр батлах гэж байгаа нь сайшаалтай. Цаашид Төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод нягт уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Олон салбарт баялаг бүтээгчид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байна. Тиймээс баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих нь зүйтэй.
Төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод нягт уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй
“Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо”-ны гүйцэтгэх захирал С.Арслан
- Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигт хүнд үйлдвэрийн салбарын талаар тодорхой заалт алга. Өмнөх хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн заалт байсан ч энэ удаа хассан байна. Тиймээс миний бие хүнд үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг тусад нь оруулах уу гэж асуулаа. Хүнд үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд ямар ажил хийх ёстой талаар тодорхой оруулах ёстой. Гэтэл хөнгөн үйлдвэртэй манай салбарын бодлогыг хольсон байна. Ерөнхий лоозон маягаар хүнд үйлдвэрийн бодлогыг тусгажээ. Сүүлийн жилүүдэд хүнд үйлдвэр тэр дундаа төмөрлөг, машин үйлдвэрлэлд төрийн бодлого оролцоо дутмаг байсан.
Хөнгөн үйлдвэртэй манай салбарын бодлогыг хольсон байна
Ийн энэ удаагийн хэлэлцүүлгээр мэргэжлийн холбоодын төлөөлөл байр сууриа илэрхийлснээр саналаа хуудсаар дамжуулан ажлын хэсэгт хүргүүллээ.