Улстөрийн үйл явдал буцалсан хаврын эл өдрүүдэд төгсөгчдийн “Хонхны баяр” гэр бүлийг буцалгаж бус бүр даргилуулж байна.
“Хонхны баяр”-ыг оюутан сурагчдаас эхлээд цэцэрлэгийнхэн хүртэл шимтэн тэмдэглэх болсоор багагүй хугацааг үджээ. Тэр дундаа дээд боловсрол эзэмшиж дөрвөн жил суралцаж амьдралын гараагаа эхэлж буй залуус мөнгөн хонхны баяраа тэмдэглэхээр бүтэн жил догдлон хүлээдэг ч санхүүгийн хувьд сөхрөхөд хүргэдэг болохыг тэд хэлж байв.
Охид бүсгүйчүүд нь ганган чамин дээл урлуулж хөвгүүд нь шинэхэн хослолоор гоёхыг хичээнэ. Гэвч энэ баярыг тэмдэглэх гэж хичнээн эцэг эхийн сэтгэл хэдэн сараар шаналдаг бол. Тэд үр хүүхдээ бусдаас дутахааргүй баярлуулахын тулд хэдэн төгрөг олох гэж хэрэндээ л мэрийж халаасаа хоосолдог.
Угтаа бол 2010 онд Боловсролын яамнаас бүх их, дээд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг албан ёсоор эрдмийн баяр болгох тухай журам гарсан. Энэ нь хонхны баяраа өргөн дэлгэр, хавтгайран тэмдэглэх бус эрдмийн баяр болгож хүндэтгэл, ёслолын маягаар, өөрөөр хэлбэл даруухан тэмдэглэх тухай журам юм.
Гэвч жил ирэх тусам их дээд сургуулиудын “Хонхны баяр”-ын үйл ажиллагаа нь оюутнуудын дунд бяцхан өрсөлдөөнийг бий болгожээ. Бэл бэнчин тааруу хэсэг оюутнууд зарим зиндаархагчидтай эн зэрэгцэхийн тулд эцэг эхээ “хуйхалж” орхиж байна.
“Хонхны баяр”-ын үйл ажиллагаа нь оюутнуудын дунд бяцхан өрсөлдөөнийг бий болгожээ
Энэ жилийн их дээд сургуулиудын хонхны баярын төсөв хэдэн төгрөгт багтаж буйг бид сурвалжиллаа. Мөнгөн хонхны баярт зориулж нэг оюутан хамгийн доод тал нэг сая төгрөг зарцуулдаг болжээ. Үүнд, ангийн нийллэг зугаалга, дээл хувцас, багшийн бэлэг, зургийн цомог, унааны мөнгө, сургуульдаа үлдээх дурсгалын зүйл багтана. Ийн ХААИС-ийг төгсөж буй эмэгтэй оюутан Э-гийн хонхны баярын нийт зардлыг сонирхлоо.
Мөнгөн хонхны баярт зориулж нэг оюутан хамгийн доод тал нэг сая төгрөг зарцуулдаг болжээ
Түүний хонхны баярын нийт зардал нэг сая 200 мянган төгрөгт багтжээ. Тэрбээр баярын гоёл болох загварын дээлээ томоохон салонд 600 мянган төгрөгөөр урлуулсан байна. Мэдээж бүсгүйчүүд үс засалт, нүүр будалтандаа мөнгө зарцуулах нь гарцаагүй тул багц үйлчилгээг 60 мянган төгрөгөөр авчээ. Ресторан, монтаж, унаанд 170 мянга, тэнхимдээ дурсгалын зүйл үлдээхэд 100 мянга, зугаалганы зардалд мөн 100 мянган төгрөг зарцуулсан аж. Харин эрэгтэй оюутнуудын хувьд харьцангуй бага зардал гаргадаг. Мэдээж энэ бүгдийн зардал эцэг эхийн хэтэвчнээс гарах нь ойлгомжтой. Дурсамж үлдээх хонхны баярыг тэмдэглэхийн тулд цагаан сарын дайтай зардал гаргадаг болсон хэмээн эцэг эхчүүд халаглаж байлаа. Ийн эрдмийн баярын зардал жилээс жилд нэмэгдсээр, байдгаа барах эцэг, эхчүүд хэтэвчээ тэмтэрсээр...
Дурсамж үлдээх хонхны баярыг тэмдэглэхийн тулд цагаан сарын дайтай зардал гаргадаг болсон хэмээн эцэг эхчүүд халаглаж байлаа
Нийслэлийн хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 213 сургуулийн 26102 сурагч, их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг Монголын Оюутны холбоо болон Нийслэлийн боловсролын газраас гаргажээ.
Тэд мөн л ийм зардал гаргах уу. Хавар бүр ярьдаг энэ сэдэв дүрэм журмаар хязгаарлагдахгүй харин ч өртөг нь өссөөр...
Хавар бүр ярьдаг энэ сэдэв дүрэм журмаар хязгаарлагдахгүй харин ч өртөг нь өссөөр