Сүүлийн үед нийслэлд төдийгүй орон нутагт улаанбурхан өвчин газар авлаа. Бид энэ өвчний тархалт, урьдчилан сэргийлэх ямар арга байдаг талаар сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорилоо. Биднийг очиход ХӨСҮТ-ийн хүлээн авахын халдварт менингит, гахайн хавдар, салхин цэцэг өвчнийг хүлээн авдаг хаалган дээр хүнгүй байсан ч улаанбурхан өвчний хүлээн авах хаалганы үүдэнд маск зүүсэн хүмүүс дугаарлан зогсож байв. Хүлээж байгаа хүмүүсийг харвал бага насны хүүхдээс гадна насанд хүрэгчид хүртэл олноороо харагдав. Эмч нартаа уулзах гэсэн боловч завгүй гэдэг шалтгаанаар халгаасангүй.
ХӨСҮТ-ийн Сургалт, Хэвлэл мэдээллийн албаны дарга, их эмч Ч.Уртнасантай ярилцсан юм.
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний хэдэн тохиолдол, хаана бүртгэгдээд байна вэ?
-Улаанбаатар хотын найман дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Орхон, Сүхбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Төв аймагт нийт 5104 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Манай төв 530 ортой ч одоогийн байдлаар 800 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нийт 355 нь улаанбурхан өвчин туссан хүн хэвтэж байгаа бол 98 хүн хүнд болон хүндэвтэр, 13 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Улаанбурхан өвчний хүлээн авах хаалганы үүдэнд маск зүүсэн хүмүүс дугаарлан зогсож байв
-Манай улсад анх энэ өвчин хэдэн онд бүртгэгдсэн бэ. Вакцинжуулалт хангалтгүй байгаа бололтой?
-1958 онд албан ёсоор бүртгэгдсэн. Манай улс 1974-2009 он хүртэл улаанбурхан өвчний вакцин тарьсан. Харин 2009 оноос зөвхөн улаанбурхан өвчний эсрэг вакцин гэлгүй гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг гурвалсан үйлчилгээтэй вакциныг хоёр тунгаар хийж эхэлсэн.
-Энэ өвчин нас харгалзахгүй халдварлаж байх шиг байна?
-Бага насны хүүхдүүдийн өвчлөл буурах хандлагатай байгаа юм. Ирж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь гэр хорооллын тураалтай, 2-4 удаа томуугаар өвчилсөн, дархлаа суларсан хүүхдүүд ирж байна. Харин оюутнуудын дунд халдвар нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын бүх их, дээд сургуулийн оюутны байранд ХӨСҮТ мэргэжилтнүүд судалгаа хийхэд 45 байранд 15 мянган оюутан амьдардаг гэсэн. Өнөөдрийн байдлаар 2000 оюутныг вакцинжуулсан.
Нийт 355 нь улаанбурхан өвчин туссан хүн хэвтэж байгаа бол 98 хүн хүнд болон хүндэвтэр, 13 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад улаанбурхан өвчний тархалт дэгдэлтийг таслан зогсоож чадсан гэж үзээд өнгөрсөн жил гэрчилгээ олгосон. Ер нь өвчин яагаад гэнэт дэгдчихэв?
-Энэ өвчин ОХУ, Хятад, Казакстан зэрэг улсад нэлээд дэгдээд байгаа. Харин манай улсад гарсан өвчин нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж гэсэн гэх судалгаа гарсан. Хятадад улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Эдгээрийн вирус нь манай улсад бүртгэгдсэн вирустэй ижил төрлийнх байгаа юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноор вакцинд хамрагдах хүүхдийн тоо буурсан. Үүнээс болж вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байна. Гэхдээ энэ өвчнөөр хүн нэг л удаа өвчилдөг. Харин дээрх өвчин илэрсэн хүүхдүүдийн дийлэнх нь вакцинд хамрагдах наснаас өмнөх буюу есөн сараас бага сартай хүүхдүүд байгаа юм. Түүнчлэн 100 хүн хүнд улаанбурхан өвчний вакцин хийснээс 15-нд дархлал тогтдоггүй.
Манай улс 1974-2009 он хүртэл улаанбурхан өвчний вакцин тарьсан
-Ер нь манай улс ямар нэртэй, аль улсын вакцин хэрэглэдэг юм бэ?
-Манай улс НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаар дамжуулах улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчнөөс сэргийлдэг “УГУ” нэртэй хавсарсан вакцин хэрэглэдэг. Энэ нь олон улсын шаардлага, стандартад нийцсэн учир вакцины чанар аюулгүй байдалд санаа зовох зүйлгүй.
-Энэ сарын 15-наас бага насны хүүхдүүдэд дахин вакцин хийж эхэлнэ гэсэн. Хэдий хэмжээний тун вакцин хийх бол?
-Энэ сарын 15-25 хүртэл зургаан сартайгаас таван насны бүх хүүхдэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалт хийхээр болсон. Тарих вакцин 370 мянган тун хэмээн тооцоолж үүнээс 25 хувийн хорогдол гарна гэж үзсэн. Нэг шилтэй вакцинд 10 тун байдаг. Уг туныг зургаан цагийн дотор тарихгүй бол шууд устгадаг байгаа. Иймд энэ удаагийн вакциныг сайн зохион байгуулж чадвал хорогдол гарахгүй үлдэх боломжтой. Уг үлдсэн вакциныг оюутан, цэргийн ангиудад дэгдэлт гарсан тохиолдолд тарина. Цэцэрлэгт явдаг хүүхдүүдийг цэцэрлэгт нь тарих бол гэртээ байгаа хүүхдүүдийг эцэг, эх нь өрх сумын эмнэлэгтээ хандан тариулна.
Хүүхдүүдийн 70-80 хувь нь гэр хорооллын тураалтай, 2-4 удаа томуугаар өвчилсөн, дархлаа суларсан хүүхдүүд ирж байна
-Улаанбурхан өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
-Хүүхэд ханиаж, өндөр халуурах, нүд нь нуухдах, хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй. Энэ нь улаанбурхан өвчний эхний шинж тэмдэг юм. Түүнчлэн завьжны дотор талд улаан хүрээтэй цагаан тууралт гардаг. Мөн биеийн толгой хэсгээс эхлэн гүвдрүүт толбон тууралт гарч их бие, хөл хэсгээр туурч эдгэрдэг. Өвчин хөнгөн хэлбэрээр тусвал гурав хоног үргэлжилдэг.
Гэрийн нөхцөлд тууралтыг угааж, ямар нэгэн тос, тосон түрхлэг хэрэглэхгүй шууд эмчид хандах хэрэгтэй
-Энэ өвчин хүндэрвэл амь насанд хүрэх аюултай юу?
-Вакцин гараагүй, техник технологи хөгжөөгүй байх үед энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эндэх явдал байсан. Харин одоо бол харьцангуй багассан. Энэ өвчнөөр нярай хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хүндээр өвчилдөг. Улаанбурхны вирус үржиж байх үед нянгийн халдвар авснаас дунд чихний үрэвсэл, уушгины хатгаа, сахуулай /ларингит/ суулгат халдвар, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй байдаг. Гэхдээ иргэд айж сандрах хэрэггүй.
Энэ сарын 15-25 хүртэл зургаан сартайгаас таван насны бүх хүүхдэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх нэмэлт дархлаажуулалт хийхээр болсон
-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Улаанбурхан өвчин агаар дуслаар маш хурдан халдварладаг өвчин учраас бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар хамаагүй явуулахгүй, хүйтэн зүйл уулгахгүй, дулаан байлгаж, хөнгөн чанарын шингэц сайтай хоол хүнс өгөх шаарлагатай.
-Хэрэв тууралт гарч эхэлвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Гэрийн нөхцөлд тууралтыг угааж, ямар нэгэн тос, тосон түрхлэг хэрэглэхгүй шууд эмчид хандах хэрэгтэй. Арьсан дээрх тууралт биеийн дотор эрхтэн дээр ч гэсэн гардаг гэж үздэг. Тиймээс өндөр үйлчлэлтэй антибиотик хэрэглүүлэхгүй байх шаардлагатай. Энэ нь дархлалыг дарангуйлж өвчин удаашрах аюултай байдаг гэв.
Өвчин хөнгөн хэлбэрээр тусвал гурав хоног үргэлжилдэг
Улаанбурхан өвчний халдвар ШУТИС-ийн оюутнуудад тархаж үүнийг далимдуулж зарим оюутнууд хичээлдээ ирэхгүй байгаа гэнэ. Иймээс тус сургуулийн захиргаанаас дадлагад гарах оюутнуудаа эрт гаргахаар болжээ. Тус сургуулийн 265 оюутан улаанбурхан өвчний вакцин тариулсан. Мөн ШУТИС-ийн оюутнуудын байранд эрэгтэй, эмэгтэй тусгаарлах өрөө гаргасан гэнэ.