Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутгийн шилмэл хонин сүргийг “Баянгол омог”-ийн хонь болгон баталжээ. Боржигтын тал, Хуурамч, Шугуй, Довийн хөндий, Улаан нуур, Нарт хайрханы сав нутагт малчин ардын өнө удаан жилийн турш хонин сүрэгтээ явуулсан шилэлт, сонголт, байгалийн шалгарлын үр дүнд чийрэг бие цогцостой, бие томтой, мах-ноосны чиглэлийн хонь бий болох суурь тавигджээ. Энэхүү хонин сүргийг малзүйч Э.Ёндонсамбуугаар ахлуулсан орон нутгийн мал аж ахуйн мэргэжилтнүүд 20 гаруй жил судалж, гарал үүсэл, удам угсаа, ашиг шимийн түвшинг бататган сайжруулах, үржлийн ажил явуулсны үр дүнд шинэ омгийн хонь бий болжээ.
“Баянгол омог”-ийн шилмэл хонин сүргээс жил бүр 100 орчим өсвөр хээлтүүлэгч бойжуулж өөрийн аймгийн сумдад болон Баянхонгор аймгийн Богд, Дундговь аймгийн Сайхан-Oвоо зэрэг сумдын малчдад захиалгаар нийлүүлж байна.
Одоогийн судалгаагаар тус омгийн 17200 толгой хонин сүрэг байгаа бөгөөд цаашдаа аймаг, орон нутгийн зүгээс шилмэл хонины тоог өсгөх, тархалтын хүрээг тэлэх, удамшил, ашиг шимийн түвшинг бататгах бодлогыг тууштай хэрэгжүүлж, ойрын дөрвөн жилд цөм сүргийн хонийг 10 мянгаас доошгүйд хүргэх зорилтыг тавьж байна.