ХХ зууны манлай Ардын зураач, төрийн хошой шагналт Очирын Цэвэгжавын мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 15-ны өдөр СУИС, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн сонгодог урлагийн тэнхимийн уран зургийн ангийг О.Цэвэгжавын нэрэмжит урлан болголоо.
Нэрт зураач О.Цэвэгжав нь Монголын Урчуудын Эвлэлийг үүсгэн байгуулаад зогсоогүй дүрслэхийн сургуулийн үндэс суурийг тавьж олон арван зураачдыг төрүүлсэн багш хүн байсан.
Нэрэмжит урланг түүний охин Ц.Дагиймаа, уран зургийн ахлах багш, МУЭ-ийн нэрэмжит шагналт, СТА зураач Д.Батмөнх нар их зураачийн нэрийг мөнхжүүлэх, хийж бүтээснийг нь залгамж хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой санаачлан тус сургуулийн 70 жилийн ойг угтан байгууллаа.
Охин Ц.Дагиймаа тус урлангийн оюутнуудын сургалтанд зориулан гарын авлага болгон аавынхаа зурсан таталбар, судалбар, хар зургуудаас цомог болгон дурсгав.
Мөн оюутнуудын дунд алдарт зураачийн 15 жилийн турш судалгаа хийн бүтээсэн “Азарганы ноцолдоон” зургийг хэн сайн зурах вэ уралдаан зарлаж нэрэмжит урлангийн нээлтийн үйл ажиллагааны үеэр шалгаруулж хамтран ажилласан "РС MALL" дэлгүүрийн захирал Ганбат шагнал гардууллаа.
Уран зургийн III курсын оюутан Б.Бямбажав, Ч.Давааням, Э.Ононгуа, О.Мөнгөнтуул, Я.Алтан-очир, Б.Хүрэлбаатар, С.Жорчидай, Д.Ганпүрэв, Б.Даваадорж, Б.Оюун-эрдэнэ, М.Даваасүрэн, Т.Бямбаням, Б.Энхтүвшин нар идэвхитэй оролцож өөрсдийн сэтгэгдэлээр “Азарганы ноцолдоон” зургийг дүрслэн зурж уралдаанд амжилттай оролцлоо.