m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.13 03:40
1552
Эрүүл мэндэд тустай жимс, жимсгэнэ

Алирс – Манай оронд нэг зүйлийн алирс ургадаг бөгөөд зэрлэг жимсний дотроос хамгийн их байдаг. 5-6 дугаар сард цэцэглэж, 9-10 дугаар сард боловсорч гүйцнэ. Алирсны гүйцэд боловсорсон жимс навчийг эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Бусад жимс, жимсгэнээс онцлог нь удаан хугацаагаар ямар ч нөхцөлд хадгалахад муудаггүй. Алирсыг бамтах, халуурах, ходоодны хүчил багасах, ходоодны салст үрэвсэх, суулгах үед болон амьсгалын замын өвчинд хэрэглэдэг. Навч нь жимсээ бодвол нян үхүүлэх чадвартай учир эмийн чухал түүхий эд болдог. Алирсыг боловсорч гүйцсэний дараа гараар буюу тусгай зориулалтын савраар, жимсийг гэмтээхгүй түүх хэрэгтэй. Түүсэн жимсээ хог хольцноос нь цэвэрлэж хүйтэн усаар угаасны дараа цэвэр саванд хийж чигжин дээрээс нь буцалгасан ус юм уу алирсны жимсний шүүсийг жимсээ далд ортол нь хийгээд битүү таглаж сэрүүн газар хадгална. Алирсын навчийг хавар эрт, цэцэглэхийн өмнө, мөн намар түүж харанхуй байранд хатаана. Навчийг нь зун түүж хатаавал харлаж эмчилгээний чанараа алддаг. Түүхдээ навчийг хугалж болохгүй.

Нохойн хошуу – Манай оронд есөн зүйлийн нохойн хошуу ургадаг. Түүний жимсэнд их хэмжээний С витаминаас гадна Р, Е витамин, каротин байдаг тул ихэвчлэн ядрах, сульдах, цусны даралт болон хэрэх өвчинд хэрэглэдэг. Жимсийг нь дээр үеэс эхлэн цөсний хүүдийн үрэвсэл, гэдэсний өвчин, цус тогтоох, суулга тогтооход хэрэглэж байжээ. Ардын эмчилгээнд бамтах, хавагнах үед голчлон хэрэглэдэг байсан байна. Энэ жимсээр бэлтгэсэн холосас гэдэг эмийг элэг цөсний архаг үрэвслийн үед хэрэглэдэг. Боловсорч гүйцсэн нохойн хошуу нь шүүслэг зөөлөн учир хураахад амархан бяцарна. Иймээс бүрэн болохоос нь өмнө буюу найм дугаар сарын сүүл, ес дүгээр сарын эхээр хурааж, бариул сахлаас нь салгалгүйгээр сүүдэр газар дэлгэж хатаана.

Үхрийн нүд – Энэ жимс нь биологийн идэвхт бодис ихтэй, 5-6 сард цэцэглэж, долдугаар сард жимслэж, найман сард боловсорч гүйцнэ. Үр, жимс нь витаминаар баялаг. Жимсний шүүс нь гэдэсний элдэв нян үүсгэгчийг үхүүлж гэдсийг халдвараас бүрэн цэвэрлэдэг байна. Үхрийн нүдний шинэхэн ба хатаасан жимсийг витамин дутагдах, цус багадах, ханиалгах, хоолой сөөх, хоолонд дургүй болох, ядрах, турах, гэдэс үрэвсэх үед хэрэглэнэ. Үхрийн нүдний навч бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ, түүний усан ханд, чанамалыг усан хаван, давсаг чулуужих зэрэг өвчний үед ууж болно. Боловсорч гүйцсэн үхрийн нүдний жимсийг хур бороогүй өдөр үдээс өмнө түүхэд тохиромжтой байдаг. Түүсэн жимсээ сайтар угааж цэвэрлээд сүүдэр газар нимгэн дэлгэж хуурай болтол нь хатаагаад цаасан уут, цаасан дотортой модон хайрцагт хийж сэрүүн газар хадгална.

Долоогоно – Манай оронд гурван зүйлийн долоогоно ургадаг. Тавдугаар сард цэцэглэж найм дугаар сард үрлэж, ес дүгээр сард боловсроно. Долоогоны жимсээр спиртэн ханд, чанамал бэлтгэж зүрх судас, элэг цөсний өвчинд хэрэглэнэ. Мөн шижин боох, ханиад, томуу хүрэх, нойр хулжих халуун намдаахад хэрэглэдэг. Долоогоноор хийсэн эм мэдрэлийн төв системийг тайвшруулж тархи, зүрхний цусны эргэлтийг сайжруулдаг. Долоогоныг шинээр нь буюу хатааж хэрэглэдэг.