Монгол кино үйлдвэр 1935 онд байгуулагдаж, түүнээс нэг жилийн дараа зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар “Монгол хүү” анхны уран сайхны киног бүтээжээ. Тэгвэл 1938 онд “Норжмаагийн зам” хэмээх хоёр бүлэг дуугүй киног хийсэн нь бие даан хийсэн анхны уран сайхны кино болсон юм. Улмаар 1939 онд Сүрэг чоно, 1940 онд Тарваган тахал, 1941 онд Амьдралын дайсан, 1942 онд Сүхбаатар, 1945 онд Цогт тайж, 1954 онд Шинэ жил, 1955 онд Гэм нь урдаа, 1956 онд Манай аялгуу, 1957 онд Сэрэлт, 1959 онд Ардын элч, Морьтой ч болоосой, 1960 онд Элбэг дээл, 1961 онд Улаанбаатарт байгаа миний аав, Алтан өргөө, Гологдсон хүүхэн зэрэг монгол кинонууд шил шилээ даран бүтээгдсэн байна. Энэ жил Монголын кино урлаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа аж.