Одоогоос 30 гаруй жилийн өмнө Ховдоос ниссэн “Монгол-84-01” маркийн АН-24 онгоц Буянт-Ухаад газардахын өмнө хоёр хөдөлгүүр нь агаарт унтарч 47 зорчигчийн амийг эрсдүүлэлгүй газардуулсан гавьяат нисгэгч Д.Баатар гэдэг хүний ажил үйлс надад их сонин, сайхан санагддаг юм. Түүний гэргий Монголын хамгийн анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж гэж дуулснаас хойш уулзахсан, гэр бүл нисгэгч ямар байдаг бол гэсэн бодол намайг хөтөлсөөр тэдний зүг алхчихлаа. Нисэхийг угшилтай гэдэг шиг хоёр хөгшин гавьяаныхаа амралтанд гарсан ч өдгөө Буянт-Ухаа дэнжид амьдарч байна. Тэдэнтэй өнгөрсөн амралтын өдөр уулзахаар гэрт очиход Иргэний нисэхийн ерөнхий газрын баярын арга хэмжээнд оролцож Ч.Дашдорж гуай тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдсан талаараа өгүүлсэн юм. Хоёр хөгшний хувьд өөрсдийн амьдралын талаар өгүүлэх зураг, материалаа нямбай хадгалдаг ажээ. Энэ нь цаг хугацаа нарийн баримталдаг, хүний амь нас хариуцсан ажил насаараа хийсэнтэй холбоотой байж мэдэх юм гэсэн бодол надад төрлөө. Зургийн цомогтой танилцах үеэр миний өвөөтэй авахуулсан зураг нүдэнд тусав. Далимдуулаад өвөөгийнхөө тухай хөөрөлдөөд авлаа. тань байна аа манай өвөөг. Бидэнд өвөг дээдсийнхээ талаар хэн нэгнээс сонсох чихэнд чимэгтэй, сайхан байдаг учир бидний яриа хөврөөд явчихлаа.
Д.Баатар гуай “Аан энэ зургийг нисэхийн сургуульд суралцаж байхдаа авахуулсан юм. Танай өвөө Д.Дамдинбазар манай техникийн багш байсан. Манай ангийг төгсгөчөөд Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн эмчээр суралцсан” хэмээн хуучлав.
Буянт-Ухаад газардахын өмнө хоёр хөдөлгүүр нь агаарт унтарч 47 зорчигчийн амийг эрсдүүлэлгүй газардуулсан гавьяат нисгэгч бол Д.Баатар юм
Гавьяат маань цэргийн казармад гэргийтэйгээ танилцжээ. Тэрээр “Манай хүн өдөржин янз бүрийн үйлдэл хийдэг Яг-18 онгоцоор нисдэг байсан. Бидний нисч байсан онгоц Як-12 гэдэг нэртэй элдэв үйлдэл хийдэггүй байлаа” гэв. Өдөржин тэнгэрт дүүлэн нисэж, тойрон эргэлдэх бүсгүйг хараад битүүхэн атаархдаг байснаа дурслаа.
ЯК-18 онгоц
Гэргий Ч.Дашдорж “Цэргийн ангид байхад манай өрөөний ойр хавиар манай хүн “Гармон” хөгжим тоглоод л явдаг байлаа. Тухайн үед энэ ямар өвчтэй цэрэг вэ. Хөгжмөө гайхуулаад багаа юм уу яагаад байгаан хэмээн бодсон чинь надад л таалагдах гээд л яваад байсныг нь сүүлд нь мэдсэн” юм.
Тухайн үед хоёр эмэгтэй нисгэгч бэлтгэж байж. Иргэний агаарын тээврийн нисгэгчдийг бэлтгэсэн сургуулийг Д.Баатар, Ч.Дашдорж гуай хоёр 1960 онд дүүргэсэн аж. Ингээд тэр хоёр сургуулиа төгсөөд нэг гэр бүл болж анхлан Ховд аймагт хувиарлагдан ажилласан байна.
Өдөржин тэнгэрт тойрон эргэлдэх бүсгүйг хараад битүүхэн атаархдаг байснаа дурслаа
Монголын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдоржтой хэдэн хором ярилцсан юм.
-Ямар учраас нисгэгч болохоор шийдсэн юм бэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын охин долдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод Үйлдвэрийн техник кумд цахилгааны ангид суралцсан юм. Гомбосүрэн ах маань Нисгэгч бэлтгэх анхны элсэлтээ авч байгаа уг сургуульд орох уу хэмээн асуухад яагаад ч юм тэгий хэмээн бүртгүүлсэн юм. Тухайн үед эрүүл мэндийн үзлэг хэмээн айхтар их зүйл шалгаж авдаг байсан. Түүнчлэн цэргийн ангид бэлтгэл хийдэг байлаа. Надаас гадна Гоохүү бид хоёр эмэгтэй нисгэгчээр анхлан суралцаж байсан. Цэргийн ангид бэлтгэлд гарах үеэр бид хоёр хоолоо идэж амждаггүй байлаа. Жагсаалын дарга бид хоёрын зовлонг мэдээд хамгийн түрүүнд оруулдаг болсон юм. Цэрэгт байх хугацаанд гурван төгрөгийн цалинтай. Улаан тамхийг дөрвөн хүнд хуваан өгдөг байсан нормтой. Тухайн үед тамхи татдаггүй байсан ч норм хэмээн өгдөг байсан. Нэг өдөр оройн ээлжинд гарч байхад “хүүе хүүе” гэсэн дуу гараад айсан хүн чинь сандраад дээшээгээ буудчихсан. Цэргийн ангид байсан хүмүүсийг түргэн авахуулсан хэмээн шийтгүүлж байлаа.
Одоо чи нисгэгч боллоо гэсэн үг хамгийн бахархалтай санагдсан
-Нисгэгч болсноороо хамгийн их бахархаж байсан мөчөө дурсахгүй юу?
-Сургуулиа төгсөх үеэр нэг өдөр багш маань ЯК-18 онгоцоор ганцаараа нис хэмээн үүрэгдсэн. Тухайн үед хоёр хүний суудалтай уг онгоцонд багштайгаа нислэг үйлддэг байсан болохоор айх сандрах зүйл байдаггүй. Гэтэл ганцаараа нисэх үеэр арагшаа хартал багш байхгүй гэдгийг гэнэт мэдэрч сандарсан ч багшийн хэлсэн дагуу онгоцоо буулгах ёстой гэсэн үүргийг дотроо бодсон. Онгоцоо амжилттай буулгасанд багш "Сайн байна, одоо л чи нисгэгч боллоо" гэхэд нь би баярлаж, маш сайхан санагдсанаа одоо ч мартдаггүй.
-Та нийт хэдэн км ниссэн бэ?
-ЯАК-18 онгоцоор суралцаж, АН-2 онгоцоор тусгай үүрэг гүйцэтгэн нисдэг байлаа. Говийн хүн учир уултай газраар нисэхлээр их айдаг байсан. Гэр бүлийн хоёр нисгэгч байна гэдэг сайхан хэрнээ хэцүү шүү дээ. Гэр бүл бараг орхигддог юм. Гэхдээ л би 1960 оноос 1969 он хүртэл 2000 цаг нислэг үйлдсэн.
АН-2 онгоц
Монголын иргэний агаарын тээврийн түүхнээ 1963, 1983, 1993 онд онгоцны осол гарч байжээ
Монголын иргэний агаарын тээврийн түүхнээ 1963, 1983, 1993 онд онгоцны осол гарч байжээ. Тэр осол дотор олон хүний амь эрсдээгүй нь ердөө нэг. 1983 оны зургаан сарын 25-нд Ховдоос АН-24 онгоц өглөө эрт нийслэлийн зүг нисчээ. Д.Баатар даргатай гар нийлсэн баг уг онгоцыг жолоодож явсан байдаг. Гэтэл онгоц Сонгинохайрхныг өнгөрөн өндрөө намсган орж ирэх үед нэг хөдөлгүүр нь унтарчээ. Энэ тухайгаа нислэгийн удирдах төвд мэдээлээд буухаар дугуйгаа буулган доошлох үед үлдсэн хөдөлгүүр нь мөн унтарсан байна. Газардах хүртэл 10 гаруйхан секунт. Энэ үед экипажийн дарга Д.Баатар хоёрдугаар нисгэгч Ч.Магванжав нар зөвхөн харцаараа ойлголцон ослын буулт хийхээр шийдэв. Тэгээд ажиглалтын зааврын дагуу дугуйгаа эвхэж баруун залж Сонгинын буланд Оросын цэргийн ангийн хамгаалагдсан жижигхэн ногоон талбайн дэргэдэх жаахан устай хэсэг рүү чиглүүлэн хурд алдахгүйн тулд онгоцоо хэм тэгшлээд тормоз татан сууж явснаа гавьяат нисгэгч дурсан ярилаа. Дэлхийд ийм нөхцөлд хүний амь сүйдээгүй тохиолдолд байдаггүй хэмээн мэргэжлийнхэн хэлдэг ажээ.
Д.Баатар хоёрдугаар нисгэгч Ч.Магванжав нар зөвхөн харцаараа ослын буулт гэсэн “яриа хийсэн” байна
-Тухайн үед ямар зүйлээс болоод хөдөлгүүр унтарсан юм бэ?
-Уг онгоцны хар хайрцгийг Эрхүүд, хоёр моторыг үйлдвэрт нь явуулж дүгнэлт гаргуулах гэсэн нь нэг хэсэг таг болсон. Харин сүүлд онгоцыг шатахуунаар цэнэглэхдээ И шингэн гэдгийг хийгээгүйн учир шатахуун нь царцаад мотороо тэжээхгүй болж унтарсан гэсэн дүгнэлт гарсан. Ер нь зөвхөн энэ биш 1980-аад онд МИАТ-ийн хэмжээнд хэд хэдэн удаа нислэгийн үед хөдөлгүүр унтрах тохиолдол гарч байсан. Бүгд л тэр шингэнийг хийгээгүйгээс болсон нь нотлогдсон. Иймээс хөдөлгүүр унтарсан нь экипажтай холбоогүй болж билээ. Яахав Иргэний агаарын тээврээс миний байгуулсан гавьяа зүтгэлийг тухайн үед үнэлэх боломж нь олдоогүй учраас түрүү жил гавьяат нисгэгч цолыг олгосон доо.
Яахав Иргэний агаарын тээврээс миний байгуулсан гавьяа зүтгэлийг тухайн үед үнэлэх боломж нь олдоогүй
-Цаг агаарын хүндрэлийг хэрхэн мэддэг байв?
-Нислэгт гарахын өмнө цаг агаарын нөхцөл байдалтай танилцана. Хаана их салхитай, тогтуун салхитай байгааг урьдчилан тооцоолдог. Анхлан нисэж байхад радио станцаар мэдээлэл өгдөг байлаа. Тухайн үед нислэгт гарахаас өмнө маш сайн тооцоо судалгаа хийдэг байсан. 30 минут өнгөрхөд ийм зайг туулахаас гадна үүлтэй, үүлгүй газраар авах талаар хүртэл нарийн тооцоо хийнэ. Тэр үед баруун тийшээ нисэж байгаа онгоц сондгой тоотой, зүүн тийшээ явж байгаа онгоц тэгш тоотой өндрөөр нисдэг байсан. Учир нь гэвэл хоёр онгоц 300-600 метрийн өндөртэйгээр зөрдөг байсан юм.
Тэр үед баруун тийшээ нисэж байгаа онгоц сондгой тоотой, зүүн тийшээ явж байгаа онгоц тэгш тоотой өндрөөр нисдэг байсан
Нисэгчийн туулсан зам, амжилтын нэг үнэлгээ байдаг даа. Тэрнийгээ хэлнэ үү?
-Миний хувьд 32 жил тэнгэрт нисчээ. 16600 цаг буюу зургаан сая км зам туулсан маань тэмдэглэлд бий. АН-2 онгоцоор долоон жил ниссэн. 1967 оноос хойш ИЛ-14 онгоцоор есөн жил нисэж, дараа нь АН-24 онгоцоор 1992 он хүртэл ниссэн.
ИЛ-14 онгоц
-Нисгэгч мэргэжил бусад мэргэжлээс юугаараа онцлог вэ?
-Хүн болгон нисгэгч болдоггүй. Тухайн хүний эрүүл мэнд сайн байхаас гадна сэтгэл зүйн хувьд тогтвортой байх хэрэгтэй. Мөн ямар онгоцоор нисэж байгаагаа сайн судлах нь зүйтэй. Ингээгүйгээс болж бууж хөөрөхдөө онгоцоо доргиох тохиолдол гардаг. Ер нь бол сайн суралцах хэрэгтэй.
32 жил тэнгэрт нисчээ. 16600 цаг буюу зургаан сая км зам туулсан маань тэмдэглэлд бий