m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.13 06:42
109
Дархан-Уул-Дэвшилтэт технологид суурилсан татварын үйлчилгээ үзүүлнэ

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс зохион байгуулсан “Татвар төлөгч-Тандаа баярлалаа” сэдэвт татвар төлөгчдийн зөвлөлгөөн болов. Уг Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд оролцжээ.

Өнгөрсөн онд бид төлөвлөгөөгөө 1,1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн.

Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга “Монголын Татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдээ хийдэг. Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Бид энэ хүрээнд татвар төлөгчид рүүгээ чиглэсэн, хууль тогтоомж, баялаг бүтээж байгаа нийт татвар төлөгчдөө сурталчлахад ажлаа чиглүүлж байна. Манай хэлтэс улс орныхоо өмнө хүлээсэн татвар төвлөрүүлэх үүргээ 100-гаас дээш хувиарь биелүүлсэн амжилтаар татвар төлөгчдийн өдрүүдээ хийж байна. Өнгөрсөн онд бид төлөвлөгөөгөө 1,1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Энэ оныг Татварын ерөнхий газраас “Татварын үйлчилгээ, технологийн дэвшлийн жил” болгож зарласан. Иймээс бид манай аймагт дэвшилтэт технологид суурилсан татварын үйлчилгээг татвар төлөгчиддээ үзүүлэхээр зорьж байна" гэсэн юм. Улсын хэмжээнд цахим татвар хэрэгжиж байгаатай уялдуулж татвар төлөгчдийнхээ цаг завыг хэмнэсэн, интернетийн орчинд татварын тайлангаа өгөх зэрэг боломжийг нь нээж өгч байгаа аж.

Мөн энэ үеэр “МТ Дархан” ХХК-ийн захирал  Р.Ганзориг, “Агромаш Тех” ХХК-ийн захирал н.Баярмарал, “Дархан Гео маш” ХХК-ийн захирал н.Эрдэнээ нарыг Татварын ерөнхий газрын дээд шагнал “Хөх дэвтэр” шагналаар шагнав. “Аймгийн шилдэг татвар төлөгч”-өөр “Хосбаяр” ХХК, “Шүтэн-Уул” ХХК, иргэн З.Уранцэцэг нар шалгарчээ.