m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.27 04:21
1319
Эх орны ирээдүйн цэргүүд цог жавхлантай байна

Аугаа их Эх орны түүхт ялалтын 70 жилийн ойн баяр саяхан болж өнгөрлөө. Энэ удаагийн ялалтын баярын парадад Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөл Улаан талбайд болсон цэргийн ёслолын ажиллагаанд оролцсон нь түүхэнд тэмдэглэн үлдэх үйл явдал болсон билээ.  

Мөн Батлан хамгаалах их сургуулийн харьяа Тэмүүжин-Өрлөг дунд сургуулийн сурагчид Эрхүү мужийн Ангарск хотын захирагчийн урилгаар тус хотод болсон ялалтын баярын цэргийн ёслолын ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсын зэвсэгт хүчний ирээдүй хойч үе хэрхэн бэлтгэгдэж байгааг харуулсан том завшаан боллоо.

Ангарск хотод болсон ёслолын ажиллагаанд оролцсон хүүхдүүдийн ур чадварыг тус хотынхон болон бусад сургуулийн сурагчид гайхан магтаж байжээ. Энэ удаагийн сурвалжлагаараа Тэмүүжин-Өрлөг сургуулийн нэг өдрийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаагийн сурвалжлагаараа Тэмүүжин-Өрлөг сургуулийн нэг өдрийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Өглөөний 08.00 цагт сурагчдын хичээл эхэлнэ. Хичээлээс өмнө цуглаж нэгдээд, үзлэгт орж Төрийн дууллаа эгшиглүүлэн нэг өдрийн хичээл эхэлдэг аж. Тэмүүжин-Өрлөг сургууль дунд сургуулийн жишгээр сургалтын үйл ажиллагааг явуулдаг бөгөөд гол онцлог нь Зэвсэгт хүчний ирээдүй хойч үеийг бэлтгэх болон эх орноо хайрлах сэтгэлийг хүүхдүүдэд төлөвшүүлэхэд оршдог байна.

 Тэмүүжин-Өрлөг сургууль дунд сургуулийн жишгээр сургалтын үйл ажиллагааг явуулдаг бөгөөд гол онцлог нь Зэвсэгт хүчний ирээдүй хойч үеийг бэлтгэх болон эх орноо хайрлах сэтгэлийг хүүхдүүдэд төлөвшүүлэхэд оршдог байна.

Биднийг тус сургуулийн захирал болон цэргийн хичээлийн сургагч багш нар угтан авсан юм. Тус сургуулийн  захирал, ахмад В.Дашпунцагтай уулзаж ярилцлаа.

-Тэмүүжин-Өрлөг сургуулийн үүслийн талаар яриагаа эхэлье?

-Батлан хамгаалах их сургуулийн харьяа Тэмүүжин-Өрлөг сургууль маань 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тушаалын дагуу байгуулагдсан. Түүхээ сөхөөд үзвэл 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа 1925 онд Хатанбаатар Магсаржав гэдэг хүн 14-16 насны хүүхдүүдээс бүрдсэн цэргийн дунд сургууль байгуулах чиглэлийг гаргасан байдаг. Хожим тус сургуулийн залгамж халаа болсон Офицерийн сургууль бий болсон. Манай сургууль байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн түүх, амжилтыг үзүүлээд явж байна.

Манай сургууль байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн түүх, амжилтыг үзүүлээд явж байна.

-Бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгарах гол онцлог нь цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой ажилладаг гэлээ. Энэ үйл явц хэр түвшинд явж байна гэж та дүгнэж байгаа вэ?

-Эх оронч үзэл бол монгол хүн бүрт байх ёстой ухагдахуун. Манай сургуулийн хамт олон сурагчдадаа бие бялдар, гоо зүй болоод эх оронч үзэл буюу монгол бахархалтай байх хүмүүжлийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид долдугаар ангиа төгсөхдөө ирээдүйд тийм мэргэжилтэй болно гэж шийддэггүй. Харин манай хүүхдүүд цэргийн хүн болох зорилготой, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах мэргэжилтэй болно гэдгээ ухаарсан байгаа нь хамгийн том дэвшил.

Харин манай хүүхдүүд цэргийн хүн болох зорилготой, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах мэргэжилтэй болно гэдгээ ухаарсан байгаа нь хамгийн том дэвшил.

-Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойн парадад Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүн анх удаа оролцлоо. Мөн танай сургуулийн сурагчид Ангарск хотод болсон цэргийн ёслолын парадад оролцсон. Хүүхдүүдээ тэр талбайд алхаж байх үед таньд ямар мэдрэмж төрж байв. Тэр үеийг эргээд дурсахгүй юу?

-Хамгийн түрүүнд нулимсаа шилний цаана унагаж зогссон доо. Миний зүүн гар талд Эрхүү мужаас ОХУ-ын Төрийн думд сонгогдсон гишүүн, баруун талд Ангарск хотын захирагч зогсож байсан. Яаж алах бол, алдчихвий гэж маш их санаа зовж байсан. Гурван цагийн турш 28 хэмийн халуунд зогсоно гэдэг хүн бүрийн давдаг зүйл биш. ОХУ-ын кадетийн сургуулийн сурагчид ухаан алдаад унаж байхад миний хүүхдүүд тэр бүх бэрхшээлийг даваад гарч буйг хараад нулимсаа тэвчиж чадаагүй. Эх орныхоо өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй, хийморь золбоотой биелүүлж чадсан. Энэ үгийг би ч биш тус хотын захирагч, ОХУ-ын байлдааны цэргийн ангийн захирагч манай хүүхдүүдээр бахархаж магтаж байсан.

Гурван цагийн турш 28 хэмийн халуунд зогсоно гэдэг хүн бүрийн давдаг зүйл биш. ОХУ-ын кадетийн сургуулийн сурагчид ухаан алдаад унаж байхад миний хүүхдүүд тэр бүх бэрхшээлийг даваад гарч буйг хараад нулимсаа тэвчиж чадаагүй. 

-Цаашид олон улсын харилцааг дээшлүүлэх тал дээр сургуулийн зүгээс ямар бодлогыг баримталж байнэ вэ?

-Бид эхний ээлжинд дотоод хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэсэн. Манайх БНТУ-ын цэргийн ахлах сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсны үр дүнд таван сурагч тус сургуульд суралцаж байна. Манай гурван сурагчид ОХУ-ын Ангарск хотод сурах урилга ирсэн. Ирэх сарын 1-11-ний хооронд ОХУ-ын Барноваль хотод Дэлхийн кадетийн цугларалт болно. Энэхүү үйл ажиллагаанд 11 хүүхэд оролцоно. Энэ цугларалтанд бид орохоор бэлтгэж байна. ОХУ-ын зүгээс маш их дэмжлэг үзүүлж байгаа.

Ирэх сарын 1-11-ний хооронд ОХУ-ын Барноваль хотод Дэлхийн кадетийн цугларалт болно. Энэхүү үйл ажиллагаанд 11 хүүхэд оролцоно.

Бид хичээл орж байгаа үйл явцтай танилцаж ангиудаар орсон юм. Бүгд эгнэн сууж багшийн зааж байгаа хичээлд идэвхитэй оролцож харагдав. Харин малгайнуудаа ангийн ард эгнүүлэн тавьсан нь эмх цэгцтэй байдлыг илтгэж байгаа мэт. Багаасаа цэргийн амьдралд суралцаж буй мэдээд юм бүхэнд сонин байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. 

Багш нарын хувьд сэтгэл хангалуун байдаг гэнэ. Учир нь сурагчид цэргийн эрдэмд хичээнгүйлэн шамдаад мөн монгол хэл, математик, гадаад хэлний хичээлээр дүүрэг болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцдог тухай хэлж байлаа.

Чөлөөт цаг гарвал сурагчид жагсаалын талбайд очиж бэлтгэлээ хийдэг аж. Сурагчид аравт, зуутын системийн удирдлагатай юм гэнэ. Цаг зав гарсан 11 дүгээр ангийн сурагчид бэлтгэл хийхээр жагсаалын талбайд очлоо. Жагсаалыг ангийн дарга удирдан явуулна. Эхлээд гүйлтийн дасгал хийж үргэлжлүүлэн гимнастик, жагсаалын дасгалыг гүйцэтгэнэ. Энэ үед цэргийн сургагч багш сурагчдад заавар зөвлөгөө өгч ажиллана. Жагсаалын бэлтгэл дууссаны дараа сурагчид нэгдэн ангийн зүг дуу дуулан явах нь хүн бүхний анхаарлыг татаж, сургуулийн хашаагаар тэдний дуу сонсогдож байлаа.

 

Ангарск хотод болсон ёслолын парадад алхсан бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон 11 дүгээр ангийн сурагч Р.Дашдаваатай уулзлаа.

-Яагаад энэ сургуулийг сонгосон юм. Өвөө аавын чинь хэн нэгэн нь цэргийн хүн үү?

-Ирээдүйд цэргийн хүн болж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хичээн зүтгэхийн тулд цэргийн эрдэм мэдлэгийг багаасаа эзэмшсэн нь дээр гэж бодоод энэ сургуульд орж байсан. Сургалтын хувьд бусад сургуулиудтай адилхан. Цэрэгжилтийн хичээл болон цэргийн хувцас  өмсдөг. Илүү дэг журам, сахилга баттай байдгаараа ялгаатай.

Ирээдүйд цэргийн хүн болж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хичээн зүтгэхийн тулд цэргийн эрдэм мэдлэгийг багаасаа эзэмшсэн нь дээр гэж бодоод энэ сургуульд орж байсан. 

Ангарск хотод болсон Ялалтын баярын парадад оролцсон шүү дээ. Эх орноо төлөөлөөд алхаж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Цэрэг хүнийхээ хувьд анхны тушаал маань Ялалтын парадад алхах гэж бодож байгаагүй надад гоё байсан. Тийм ч  учраас алдаа гаргахгүйн тулд бид бэлтгэлээ маш сайн хийж байсан. Талбайд алхах үед үнэхээр сайхан цэргийн хүн болж байгаагаараа бахархах сэтгэл төрсөн. ОХУ-ын Ангарск хотын иргэд халуун дотноор хүлээж авсан.

Талбайд алхах үед үнэхээр сайхан цэргийн хүн болж байгаагаараа бахархах сэтгэл төрсөн.

-Гурван цагийн турш халуун наранд зогсох хэцүү байв уу?

-Хэдий хэцүү ч явсан зорилго, өгсөн үүрэг даалгаврыг умартаж болохгүй. Бидэнтэй цуг зогсож байсан ОХУ-ын хүүхдүүд ухаан алдаж унаж байхад бид монгол хүний тэсвэр хатуужил, эр зоригийг харуулж ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Тэмүүжин-Өрлөг сургуулиа төгсөөд Батлан хамгаалах их сургуульд суралцах төлөвлөгөөтэй байгаа. Цэргийн албан хаагч болж  эх орондоо ихийг хийж бүтээх болно гэж эрсхэн ярив.

Үдээс өмнө ахлах ангийн сурагчид хичээллээд тардаг. Харин дөнгөж элсэн орсон долоо, наймдугаар ангийн сурагчид үдээс хойш хичээлдээ ирцгээнэ. Ахлах ангийн сурагчид илүү хүмүүжилтэй бол бага ангийн сурагчид сахилгүйтэж дүрсгүйтэх дуртай аж. Арга ч үгүй биз хүүхэд юм хойно.

Ахлах ангийн сурагчид илүү хүмүүжилтэй бол бага ангийн сурагчид сахилгүйтэж дүрсгүйтэх дуртай аж. Арга ч үгүй биз хүүхэд юм хойно. 

Нэгдэж байх үедээ нэгнийгээ шоглож, хоорондоо инээлдэн зогсоно.  Харин багшийгаа ирэх үед цэрэг хүн шиг л номхон зогсож харагдлаа. Үзлэгт орж нэгдсэний дараа сурагчид ангидаа алхан орцгоолоо. Ийм жаахан хүүхдүүд яагаад энд сурдгийг сонирхон долдугаар ангийн сурагч  Э.Тэнгистэй уулзац ярилцсан юм.

-Яагаад энэ сургуулийг сонгож суралцах болсон бэ?

-Манай өвөө цэргийн хүн байсан. Өвөөгөө дагаж цэргийн хүн болохыг мөрөөддөг учраас энэ сургуульд орсон.

-Цэргийн хүн болох сайхан гэж боддог байх нь, тийм үү?

- Тиймээ, төрж өссөн эх орноо хамгаалах нь хамгийн сайхан.

-Эх орон гэж чиний бодлоор юу вэ?

-Эх орон гэдэг бол миний төрж өссөн нутгийг хэлнэ.

-Тэмүүжин-Өрлөг сургуульд ороод нэг жил боллоо. Энэ хугацаанд юу шинээр сурч мэдсэн бэ?

Нэг жилийн хугацаанд цэрэг хүний баримтлах анхан шатны мэдэгдэхүүнийг мэдэж авлаа. Жишээлбэл, цэрэг хүн яаж алхаж гишгэх гээд олон зүйлийг ойлгож мэдсэн гэв.

Цэргийн инженерийн сургуулийн анги танхимд хүүхдүүд хичээллэж байна. Тэмүүжин-Өрлөг шинэ хичээлийн байртай болсон бөгөөд одоо Улсын комисс хүлээж авах шатандаа ажил явагдаж байгаа гэнэ. Хичээлийн анги танхим, спорт заал, сурагчдыг байрлах байр, тусгай лаборатори, цайны газар гээд бүгдийг цогцоор шийдсэн сургуультай болжээ. Удахгүй хүүхдүүд шинэ сургуульдаа, шинэ орчинд хичээллэх юм.

Нэгдэж тооллого авсны дараа хүүхдүүд ангидаа орж хичээлдээ суулаа. Яагаад ч юм бүү мэд хүүхдүүдтэй уулзсан гэхээс илүү цэрэг хүнтэй уулзсан мэт сэтгэгдэл надад төрсөн. Хичээл эхлэх цагаас өмнө бүгд ирж нэгдэж байгаагаас харахад тэд цаг барих, цэрэг хүний тушаал биелүүлэх ёстой гэдийг сайн ухаарсан нь илт.  Коридорт багш нартайгаа таарсан хүүхдүүд төвхийтэл ёслох юм билээ.

Харин жагсаалын алхааг харахад эрийн цээнд хүрсэн цэргийн албан хаагчаас ялгарах ялгааг олж харсангүй. Хувцас жигдрэлт, алхаа гишгээг нь харсан. Хэн ч тэднийг хүүхэд гэж хэлэхээргүй тийм л сүр жавхлантай харагдана.

Монгол Улсын зэвсэгт хүчний залгамж халаа энэ сургуульд бэлтгэгдэж байна. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Тэр дундаа цэргийн хүн, цэргийн хүмүүжлийг багаас олгох нь тэднийг эх орноо хайрлах сэтгэлийг цуг төлөвшүүлж байгаа хэрэг. Сүр жавхлан, цог хийморьтой Зэвсэгт хүчний хойч үеийг бэлтгэх явж үр дүнгээ өгч байгааг харлаа, бахархлаа.