m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.28 07:00
690
Л.Мандухай: Манай гэр уран зургийн ертөнц

Удахгүй Эх үрсийн баяр болох гэж байна. Баярын өдрөө бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгох гэж буй бяцхан охин Л.Мандухайтай (8 настай)ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Манай гэр уран зургийн музей л гэсэн үг. Багаасаа харсаар байгаад зурагт дуртай болчихсон.

-Танай гэрт яагаад тийм олон зураг байдаг юм бэ. Гэр бүлийнх нь  хэн нэг нь зураач юм байна, тийм үү?

-Тийм ээ. Манай өвөө зураач, Төрийн соёрхолт хүн байсан юм. "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны ерөнхий зураач Б.Пүрэвсүх.

Л.Мандухайн өвөө "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны ерөнхий зураач, Төрийн соёрхолт  Б.Пүрэвсүх агсан

-Түүхэн талаасаа нэг номерийн зураач байсныг нь мэдэх юм байна. Гайхалтай сайхан зураач өвөөтэй хүүхэд ийм зураг зуралгүй яах вэ?

-Манай эмээ өвөөгийн бүтээлийг хадгалж, гэртээ өлгөсөн байдаг. Баатруудыг их гоё зурдаг байсан юм билээ.

-Дүүдээ амжилт хүсье. Мэргэжлээ бараг сонгочихсон юм биш үү?

-Ямар мэргэжилтэй болох талаар сайн мэдэхгүй. Гэхдээ урлагтай холбоотой хүн болох байх гэж би дотроо боддог.

-Үзэсгэлэнд нь амжилт хүсье. Баярын өдрөө амжилт бүтээлээр дүүрэг угтаарай.

-Баярлалаа.

Ертөнцийг хэрхэн харж буйгаа цаасан дээр буулгасан охины үзэсгэлэнг Скайтель компани ивээн тэтгэж байгаа юм байна. Монголын ирээдүй хүүхэд багачууд ийм л авьяастай, ийм чадвартай.

Бяцхан охин  2013 оноос эхлэн залуу уран бүтээлч, багш М.Баярнэмэх, Сувд галерейн зургийн дугуйлангийн багш М.Анхцэцэг, Хүүхдийн ордны багш Д.Батбаяр, “Арти Коур” зургийн дугуйлангийн багш Одонгоо нараар зураг зурахыг заалган суралцаж,  ан амьтан, цэцэг навч, байгаль дэлхийгээ өөрийн гэсэн өнгөөр дүрслэн харуулсан бүтээлээ дэлгэх гэж байна. Түүний энэ удаагийн үзэсгэлэнд усан будаг, гуашь, тосон болон шохойн пастелаар зурсан 40 гаруй бүтээл багтжээ.