Олон улсын энхийг сахиулагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо дэлхий дахинд болон бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан, Судан Улсын Дарфур муж, одоог хүртэл хилийн маргаантай бүс нутаг болох Абией муж зэрэг улсад явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд 250 хүнтэй ротоос 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон хүртэл, цэргийн ажиглагч офицероос штабын офицер, холбогч болон зөвлөх офицер, бүсийн командлагч хүртэл байнга гүйцэтгэх үүргийн цар хүрээг улам өргөжүүлсээр байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаагаас НҮБ-ын энхийг сахиулах ажилллагаанд 950 цэргийн алба хаагч оролцжээ.
АНУ-ын “Дэлхийн энхийн санаачилга” хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсад жил бүр 1-4 хүртэл тооны сургалт дамжаа, тухайлбал “НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжаа”, “НҮБ-ын штабын офицерын дамжаа”, “НҮБ-ын ар талын офицерын дамжаа”, “Цэргийн багийн захирагчийн дамжаа” зэрэг дамжаануудад гадаадын болон дотоодын 560 гаруй цэргийн албан хаагч хамрагдсанаас Монгол Улсын 400 орчим цэргийн албан хаагч суралцаж үүнээс 50 орчим цэргийн албан хаагч цэргийн ажиглагчаар, 20 цэргийн албан хаагч штабын офицероор үүргээ амжилттай гүйцэтгэсэн ба одоогийн байдлаар 15 цэргийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байна.
2011-2013 онд жилдээ 20 цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын болон холбогч, зөвлөх офицероор үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөдөр нэг ээлжиндээ 31 цэргийн алба хаагч НҮБ-ын цэргийн ажиглагч, цэргийн зөвлөх, холбогч офицероор, мөн тухайн ажиллагааны Хүчний төв штаб болон секторын штабуудад штабын офицер, бүсийн командлагч зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгэж байна.