Шөнө дунд аврал эрэн орилох бүсгүйн дуу толгой дундуур дэлсээд авах шиг болов. “Чамайг байхгүй болгоод өгье” гэх нөхрийнх нь дууг сонсох нь ээ тэр эрүүл биш байгаа бололтой. Хүүхдүүд нь аавыгаа тайвшрахыг гуйн уйлалдаад ямар аймшигтай гээч. Нойр хугасалсан эр хагас цаг орчим “жүжгээ” тавиад сая нэг тайвшрав бололтой нам болчихов. Хүний амьдралд байдаг л зүйл гэж хэлэх хүн бий ч үүний цаана эцэггүй хүүхэд, ээжүүд үрс үлдэж буй үйл явдал ар араасаа хөвөрсөөр байна.
Баянзүрх дүүрэгт байрлах эмэгтэйчүүдийн хорих ангид Эрүүгийн хуулийн 91.1, 91.2 гэх энгэрийн тэмдэг зүүсэн эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Эрүүгийн хуульд заасан энэ зүйл ангиар хүний амь нас хөнөөсөн хүмүүсийг ялладаг. Яагаад эмэгтэйчүүд энэ зүйл ангиар ял эдлээд байдгийг өөрсдөөс нь хэдэнтээ асууж ярилцаж байсан юм. Тэсэхүйеэ бэрх амьдралыг туулж яваа бүсгүйчүүд бидний дунд олон байдгийг ойр дотнынхон нь мэдэхээс бусад хүн анзаардаггүй. Учир нь өр нимгэн бүсгүйчүүд хайртай үрсийнхээ аав, халамжит ханьдаа итгэн сэтгэл зүрхээ зориулсан эр нөхрийнхөө бусармаг аашийг бусдад дэлгэдэггүйтэй холбоотой. Монгол бүсгүйн цусанд нь байдаг, өвөг дээдсээс сургасан нэгэн зан бий. Эр нөхрөө элдэв ааш гаргалаа гэдгийг аав, ээждээ хэлээд чиний зөв гэсэн үгийг сонссон эмэгтэй тийм ч олон биш болов уу. Нэгэнт эхэлсэн амьдралаа үрэхгүй байхыг ойр дотнынхон нь зөвлөөд тэвч гэдэг үгийг мянгантаа хэлдэг. Уужуу ухаанаар амьдралаа харан тэвчсэн бүсгүйчүүд олон ч араатнаас дор авирыг нь тэсэлгүй торны цаана сууж буй бүсгүйчүүдэд буруу өгөмгүй санагдана.
Баримт-1
Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 52 настай Г. Тэрбээр 18 настайдаа нөхөртэйгөө гэр бүл болж гурван хүүхдийн аав, ээж болжээ. Ажил амьдралын төлөө зүтгэдэг байсан нөхөр нь архи ууж зовоодог болж. Нөхрөө засарна, хүмүүжинэ гэдэгт итгэсээр хүлээсээр байж. Гэтэл өдрөөс өдөрт авир нь дэндэн сүүлдээ гар хүрдэг болов. Хүүхдүүд нь аавынхаа араатан мэт авирлахыг тэсэхгүй гэрээсээ дайжих болжээ. Тэр нэгэн өдөр нөхөр нь согтуу ирээд ээжийг нь төдийгүй хүүхдүүдээ хайр найргүй зодов. Том охин нь “Та хамгийн муухай аав” гэж хэлэхийг дуулсан нөхөр нь хутга барин тэдэн рүү дайрчээ. Хүүхдүүдээ аврах гэсэн бүсгүй хутгыг нь авах гэж зууралдсаар нөхрөө түлхтэл архи хэтрүүлэн хэрэглэсэн тэрбээр хутган дээрээ унаснаас, цус алдаж амь насаа алдсан аж.
Хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь архи, түүнээс улбаатай гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдгийг сэтгүүлч надаас гадна тэнд ажилладаг хянагч нар хэлэх байх. Хэрвээ уншигч таньд ийм зүйл тохиолдсон бол яах вэ. Мэдээж хамгийн түрүүнд цагдаагаас тусламж хүснэ. Цагдаа хүлээсэн үүргийн дагуу эрүүлжүүлж, бүр болохгүй бол түр саатуулан 14 хоног хорино. Энэ бүхний эцэст юу болдгийг бас нэгэн эмэгтэй бодит амьдралаа ярьсныг хүргэе.
Баримт-2
Гуч хүрээгүй бүсгүй эхэр татан уйлж өөрийн сүүдэрт амьдралаас ийн ярьсан юм. Архи байнга ууж зоддог нөхрөө дээр өгүүлсний дагуу цагдаад өгчихөж. Гэтэл түр саатуулах байранд 14 хоног өнгөрөөсөн нөхрийнх нь ааш бүр гаарч, хэн нь амьд байхаа үзнэ хэмээн дайрч, доромлон бусдад хэлэхээс ч бэргэмээр аргаар зодон, танхайрдаг болж. Шөнө дунд гэрээсээ зугтан гарах гэтэл нөхөр нь хутга барин дайрахад нь зугтсаар арай ядан амь гарахын даваан дээр баруун гарыг нь хутгалав. Хутгыг нь авч холдуулах санаатай шидээд өөрөө гарч зугтжээ. Бүсгүй ард юу болсныг ч мэдээгүй аж. Өглөө нь иртэл нөхөр нь амьсгал хураасан байж. Ингээд нэгэн залуу энэ хорвоогоос үүрд одож, цэл залуухан бүсгүй торны цаана 15 жилийг өнгөрөөх болж, 1-3 насны бяцхан үрс өнчирч үлджээ.
Араатнаас дор авирлах эрчүүдийг яах ёстой вэ. Хуулинд аргагүй хамгаалалт гэсэн зүйл заалт байх ч хүний амь нас хохирсон л бол холбогдогчийг заавал шийтгэдэг. Хүний эрх , хууль эрхзүйн талаасаа зөв байх боловч гэмт хэрэг яагаад гарав, энэ бүсгүйд үр хүүхэд өөрийн амь насаа хамгаалах өөр боломж байсан уу гэдгийг судалж, нарийн тогтоосны эцэст яллах эсэхээ шийдэх цаг болсон мэт. Одоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг үг байдаг даа. Архи гэдэг монгол эрчүүдийг аав, ээжийн хайртай хүү биш, ачит аав биш, халамжит хань, ах биш араатан, арчаагүй нэгэн болгож буйг бид бүгд мэднэ. Хэлээд ч үг сонсдоггүй, үзүүлээд ч үлгэр авдаггүй арчаагүй нэгний гайт үйлдлээс болж насаараа энэлэн шаналан яваа бүсгүй, бидний хойч болсон хүүхдүүдийг давхар ялласаар байх уу. Тэд ямар буруутай гэж аавгүй, ээжийнхээ суллагдах өдрийг хүлээн тортой хашаа харан аз жаргалтай хүүхэд насаа өнгөрөөх ёстой гэж.
УИХ-ын чуулган удахгүй эхэлнэ. Гэмт хэргийн тухай хуулийг хаврын чуулганд багтааж хэлэлцэх байх. Одоо төслөөр явж буй хуульд гэж цөөн жилээр яллана гэж заасан байх ч бас л ял оноох зүйл анги байсаар л байна. Ял оноохоос ч өөр аргагүй гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд бий ч гагцхүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдийн хэргийг онцгойлон анхаарч оноох зүйл ангиа өөрчилж ял эдлүүлэхээс татгалзвал ямар вэ.