Зүрхний сүмээ олоогүй бол чи зүрхээ аль ч сүмээс олохгүй Рүми
“Зам мөрийг хичээл сургуулиар эзэмших аргагүй. Чин зүрхээрээ сэрж мэдрэх нь үнэний мөр” гэж Будда хэлжээ. Зам мөр – Дармыгтанихын тулд түүгээр амьдрах ёстой. Цэцэрхэл биш, туршлага л үнэн мэдлэг юм. Хийсвэр мэдлэг хөөцөлдөж явдаг хүнд бодит ахуйг таних чөлөө олдохгүй. Бодит ахуйг танихын тулд өөрөө түүний нэг хэсэг болох учиртай.
Хэдэн өдрийн өмнө нэг сэтгэл судлаач профессор энд байлаа. Тэрээр Америкт амьдардаг энэтхэг үндэстэн. Хоёр жилийн өмнөөс л “Би очно шүү” гэж захиа бичдэг байв. Бясалгалын талаар мэдэх гэж. Энд арваад хонохдоо бясалгал хийж байгаа хүмүүсийг л харж суусан. “Би ажиглаж байна” гэж тэр хэлсэн. Гэвч бясалгалыг яаж ажиглах вэ? Өөрөө бясалгаж байж л бясалгалыг үзнэ шүү дээ. Бясалгагч хүнийг гаднаас нь хараад нэмэргүй. Тэрээр бүжиглэж, эсвэл хөдөлгөөнгүй зогсож, чимээгүй сууна. Бясалгал бол бүжиглэх, зогсох, суух мэтийн үйл хөдлөл биш, дотоод амсуур. “Үнэхээр үзмээр байгаа бол өөрөө бүжиглээч” гэж намайг хэлэхэд “Эхлээд үзэж судалж, итгэл үнэмшил төрснийхөө дараа хийе” гэж мань профессор хэллээ. “Ийм болзол тавих юм бол та хэзээ ч бясалгалыг ойлгохгүй” гэж би түүнд сануулсан.
“Хайр гэж юу болохыг ойлгосныхоо дараа л хайрлаж үзье” гэж хэлэх хүн байх уу? Хайрлахгүйгээр хайрыг яаж ойлгох юм? Амраг хос гар гараасаа барилцахыг л чи харна. Тэр бол хайр биш. Атаат дайснууд ч гараасаа барилцаж болно. Янаг хурьцлыг хараад ч хайрыг ойлгохгүй. Учир нь, хайргүйгээр зөвхөн хүсэл тачаалаар учралдаж болно. Өөрөө түүний хувь хэсэг болохоос нааш нууц нь үл тайлагдах зүйлс ертөнцөд бий.
Сургууль хичээлээр обьектив юмсыг л мэдэх боломжтой. Шинжлэх ухаан, шашин хоёрын ялгаа энэ. Шинжлэх ухааны хувьд тухайн судлагдахууныг гадна талаас нь судалж болно. Энэ бол үнэнд хандах обьектив хандлага. Харин шашин бол субьектив хандлага. Дотоод ахуйн гүнд орж байж л, дотоод төвөөсөө зам мөр – дарма, эсвэл бурхан гэгдэх зүйлийг ухаарна. Өөрөө бурхан болохгүйгээр бурханыг танихгүй. Хайрлагч болохгүйгээр хайрыг мэдэхгүй. Мэдэхгүй зүйл рүүгээ орох нь эрсдэлтэй гэж болгоомжлох юм бол хайраас хөндий хувхай цөл хэвээр үлдэнэ. Амьдрал эрсдэлтэй нь үнэн. Эрсдлийг хүлээн авах зоригтой бай. Гагцхүү толгойд шүтэж, тооцоонд хүлэгдэх аваас амьдралын чөлөө учралыг алдах болно. Амьдрах цорын ганц зам бол эрсдэлтэй амьдрах. Үл мэдэгдэх нууцын гүн рүү үсрэх. Тийм учраас итгэл сүсэг хэрэгтэй байдаг юм.
Чин зүрхээрээ сэрж мэдрэх нь үнэний мөр.
Амьдралыг зүрхээр л таних боломжтой. Амьдрал маш энгүүн атал толгой хэтэрхий ярвигтай. Энгүүн зүйлийг ойлгохын тулд чи өөрөө энгүүн байх учиртай. Жаахан хүүхэд амьдралыг илүү хүртдэг, яруу найрагч илүү мэдэрдэг. Түүнчлэн егүзэр (мистик) амьдралыг илүү гүн дэлгэр ухаардаг. Толгойгоо хажуу тийш авч тавиад, гагцхүү уяран хайрлах зүрхээр ханддаг учраас тэр. Хиндү, Лал, Христиан гэхчлэн хэн нэгний загварчилсан нүдээр биш, хүүхдийнх шиг цайлган тунгалаг, гайхан бишрэх нүдээр тэр хардаг.
Чи ч бас туршаад үз. Хааяа толгойгоо авч тавиад, амьдралыг зөвхөн зүрхээрээ мэдэр. Ямар ч үзэл бодлын манангүй тунгалаг нүдээр халиа. Заримдаа модны дор суугаад зүгээр мэдэр. Далайн хөвөө, голын эрэгт хэвтээд долгилох чимээг анирд. Эсвэл эрхис оддыг харж, сүнсээрээ нэгд. Шөнийн түнэр харанхуйд уусан алдар. Энэ бол энгүүн зүрхний зам мөр. Ийм энгүүн цайлган аясаар амьдралд нэвтрэх аваас чи жинхэнэ билгүүн хутгийг олно. Вэд, Библи, Гитаг огт мэдэхгүй байлаа ч амьдралын жинхэнэ дуулал, жинхэнэ Гитаг хүртэнэ. Хүний гараар бичсэн номыг биш, Бурханы мутраар бичсэн амьд номыг бясалгана. Амьдрал бол Бурханы ном, жинхэнэ Библи, Куран. Түүнийг л унш, түүнийг л дуул, түүнийг л бясалга.
Зам мөр, жам ёсыг таних тусмаа чи амар амгаланг хүртэнэ. Хэдий чинээ амарлиж жаргана, төдий чинээ зам мөртэй зохилдоно. Зам мөрөөс гажсан тохиолдолд гуниг зовлонг мэдэрнэ. Гуниг зовлон бол зам мөрөөс гажсаны дохио. Амар жаргалан бол зам мөрт зохилдсоны тэмдэг. Хэр зэрэг зовж, жаргаж байгаагаараа хэмжүүр хий. Би өөрийгөө хэдонист (жаргал цэнгэлийг эрхэмлэгч) гэдгийн учир энэ. Чухамдаа Будда, Махавир, Кришнабүгдээрээ хэдонист. Яагаад гэвэл тэд хүмүүст амар жаргалыг л хүсч, зам мөрийг заасан. Зам мөр нь энгүүн байхуй: Эргэлзээг улам бүр багасгаж, итгэлийг улам бүр хөгжөөх. Эргэлзээнд л эргэлзэж, итгэлд итгэ. Тэгвэл чи төөрөхгүй.
Бусдыг зам мөрт орохыг хараад баясах аваас үлэмж буяныг хүртэнэ.
Өөрөө бясалгал, гэгээрлийн замд орж амжаагүй ч бусдын замналыг хараад үнэн голоосоо баясан талархаж, сайныг хүсэн ерөөх юм бол чиний үүд хаалга нээгдэнэ. Бодь мөрөөр замнагчид баяр хүргэснээрээ чи өөрийн гэгээн ирээдүйг хурайлна. Бясалгагч хүнд даган баяссанаар чиний бясалгах авъяас сэрнэ. Авшиг хүртэгчийг сайшаан дэмжсэнээрээ чи дотоод гүндээ авшиг хүртэнэ. Дотоодод учирсан бол гадна талд биелэх нь дамжиггүй. Дорно дахинд авшигтан - санъяасиныг үргэлж хүндэтгэж ирсэн. Жинхэнэ санъяасин биш байлаа ч шар орхимж ороосон хэнийг ч болов хүндэлдэг. Жинхэнэ санъяасин мөн, бишийг шүүж тогтоох хэн билээ, бид? Гагцхүү сайныг санавал сайны үр дэлгэрнэ.
Ийм нэг түүх сонссон юм:
Нэг айхтар хулгайч шөнө дөлөөр хааны ордонд нэвтэрч, хулгай хийж байгаад харуулд мэдэгдэн зугтаж гэнэ. Араас нь цэргүүд нэхэв. Мань хулгайч амь зулбан гүйсээр голын эрэгт тулжээ. Урд нь гүүр гарам үгүй гүн их ус нэлийж, ард нь мөр алдалгүй нэхэх цэргүүдийн морин төвөргөөн тачигнав. Үнхэлцгээ хагартал айсан хулгайч ийш тийш хартал бүрэнхийн дунд модны дор нэгэн даяанч суухыг үзжээ. Тэр даруй хувцсаа тайлан шидээд, түүний дэргэд нүдээ анин завилж, бясалгах дүр үзүүлэв. Бясалгал хийж мэдэхгүй ч дүр үзүүлж чадна шүү дээ. Цагдаа цэргүүд ирээд тэнд хоёр даяанчаас өөр хүн байхгүйг харав. Тэд даяанчдын өлмийгөөс адис хүртээд одоцгоов.
Тэр үед өнөөх хүнд гэмшил төрөв: “Би чинь гэгээнтэн биш, хулгайч шүү дээ. Гэтэл энэ хүмүүс надад сөгдлөө. Хуурамч даяанч байхад ийм хүндлэл үзэж байхад жинхэнэ даяанч болбол яах бол?” гэсэн бодол төржээ. Түүний амьдралд гэрэл туяа харван оржээ. Тэгээд хуучин зам мөрөө орхиж, хувраг болж гэнэ. Түүний алдар цуу дуурьсчээ. Их бясалгагчаас адис хүртэхийн тулд нэгэн өдөр хаан өөрийн биеэр морилжээ.
“Та хорвоогийн амьдралыг хэрхэн огоорч, бодь мөрийг хөөв? Би ч гэсэн нэг өдөр Бурханы ивээлээр үнэний замд орно гэж мөрөөддөг ч өдий хүртэл зориглоогүй явна. Таны сургамж миний хүсэл зоригийг хөглөх буйза” гэж хаантан лавлав.
Экс-хулгайч инээд алдаад: “Үнэнийг хэлэхэд таны цэргүүдийн ачаар би амьдралын замаа олсон” гээд урьдын явдлыг өгүүлжээ. “Хулгайч, дээрэмчин адгийн амьтан хүртэл хуврагийн дүрийг барьснаар хүндлэгдэхийг үзээд хуучин амьдралын хаалга гэв гэнэтхэн хаагдаж билээ. Тэднийг хөлд минь сөгдөх үед урьд амсаагүй уярам сайхан мэдрэмж төрсөн. Тэр цагаас хойш би бясалгалд умбаж, жинхэнэ гэртээ хүрлээ” гэсэн байна.
“Зам мөрийг өөрөө дагасан хүн буянтай. Гэхдээ бусдын замналд даган баясах ч үлэмж буянтай” гэж Будда хэлжээ. “Энэ буян шамшигдах уу?” гэж нэгэн хувраг асуужээ. Өөрөө бясалгаж байж л өнө мөнхийн зол буяныг эдэлнэ. Бусдын бясалгалд даган баясаад түр зуурын буян хүртэх байх даа гэж хувраг эргэлзсэн байна.
Будда өгүүлсэн нь: “Нэг бамбарын галаас хэчнээн ч хүн бамбараа асааж, ашиг тусыг хүртэж болно. Гал дөлөө хуваалцлаа гээд уг бамбар унтрахгүй, урьдын адил ноцсоор байна. Зам мөрийн зол буян ч түүнтэй адил.”
Бусдын бясалгал, гэгээрэлд баясах нь түр зуурын биш, өнө мөнхийн ивээлтэй болохыг Будда хэлжээ. Чин сэтгэлийн баяслаараа тэр хүн гэгээрлийн замд ордог. Харин зам мөрт орогчийг буруушааж, бясалгал залбирал үйлдэгчийг доромжлох аваас чиний үүд хаалга хаагдаж, харанхуй тавилан үргэлжилнэ. Боломж чинь боломж төдий хэвээр, бодит биелэл болохгүй.
Чи бол үр юм. Бусдын хөгжин цэцэглэлтэд даган баяссанаар чиний үр задарч эхэлдэг. Өөрт л ургаж гараагүй болохоор цэцэг ерөөсөө байхгүй гэж битгий үгүйсгэ. Итгэл найдвар, урам зориггүй амьдрал үнэхээр уйтай. Нас л элээхээс биш ургаж хөгжихгүй. Нас элээх нь хэвтээ тэнхлэг, ургаж хөгжих нь босоо тэнхлэгт хамаарна. Хэвтээ тэнхлэгээр хэчнээн ч явсан тэр л хавтгайдаа үлдэнэ. Ургаж цэцэглэж буй бүхэнд баясч гэмээнэөөрийн ургах заяа дэлгэрдэг. Хэн нэгэн Будда болно гэдэг нь бүгдийн дотор оршигч Буддагийн илэрхийлэл билээ.
Эх сурвалж: ‘The Discipline of Transcendence’ by Osho