Ардын уран зохиол Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын санд “Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүрийн таван сарын эхний ням гаригт тэмдэглэн өнгөрүүлж байхыг зарлигдсан билээ. Энэ удаагийн арга хэмжээ манай аймагт өргөн дэлгэр болж хөрш зэргэлдээ Өвөрлөгч хошууныхан өөрсдийн бүтээлээ дэлгэн сонирхууллаа. ӨМӨЗО-ны Шинэ Барга баруун хошууны Монголчууд хоёр жилдээ энэхүү арга хэмжээг Дорнодчуудтай хамт тэмдэглэж байгаа юм. Монгол үндэстний бичиг соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хүн төрөлхтний бичиг соёлын аугаа их өв санд босоо Монгол бичгээ мөнхлөн үлдээх чин зорилго нэг гэдгээ зохион байгуулагчид болон оролцогчид илэрхийлж байлаа. Энэ удаагийн арга хэмжээнд Өвөр Монголын Хөлөнбуйр, Хянган, Ордос, Хөхнуур, Жирэмийн Монголчуудын босоо монгол бичгээр уран бичсэн бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн харууллаа. Мөн төрөл бүрийн үг шүлэг найраглалын хэсгүүдээс уран бичлэгээр бичих, аймгийн уран бичигтэнгүүдтэй харилцан туршлага солилцон арга хэмжээнүүд ч болсон.
Үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэв